Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2015.05.29-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэв

Монголын анхдугаар богд, Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ойд зориулсан “Өндөр гэгээн Занабазар: Амьдрал, өв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Төрийн ордны Их танхимд болж байна.

Уг эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга, ойг тэмдэглэн өнгөрүүлэх үндэсний хорооны дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, ойг тэмдэглэн өнгөрүүлэх үндэсний хорооны дэд дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Я.Содбаатар, Монгол Улс, ОХУ, Их Британийн эрдэмтэн судлаачид, лам хуврагууд оролцов.

Их танхимын тайзнаа Өндөр гэгээн Занабазарын бурханчлан бүтээсэн сэрэг дүр, шүтээн дүрийг хүндэтгэлтэйгээр залсан байв. Хурлыг нээхийн өмнө Гандантэгчинлэн хийдийн лам, хуврагууд Өндөр гэгээний Монгол орны эв нэгдэл,сайн сайхны тухайтад зохиосон Жанлавцогзол буюу “Адистидийн дээдийг хайрлагч залбирал” номыг айлтгалаа.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан уншиж сонордуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцогчдод хандсан мэндчилгээндээ:

“Эрхэм хүндэт УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ,

Эрхэм хүндэт эрдэмтэн мэргэд, зочид, төлөөлөгчид өө

Монголын анхдугаар Богд Жавзандамба хутагт, Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцогч үндэсний болон гадаадын эрдэмтэн мэргэд Та бүхэндээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ халуун дэвшүүлье.

Монголчууд бидний авъяас билэг төгс, хосгүй нэгэн хутагт, олноо “Өндөр гэгээн” хэмээн алдаршсан Занабазар Богдын сэнтийд өргөмжлөгдөж, өөрийн орноо бурхан шашны номыг түгээн дэлгэрүүлж, өнөөгийн Нийслэл хотын их үндсийг тавьж, дэлхийд гайхагдсан сонгодог урлагийн бүтээлд зүй ёсоор тооцогдох давтагдашгүй бүтээлүүдээ туурвин, Соёмбо үсэг, эе эв, гүн ухааны бодрол бясалгалын олон ном судар зохиож, монгол зураг, уран баримал, бүхэл бүтэн дэг сургууль үндэслэсэн хосгүй авъяс билэгтэн хүмүүн байв.

Тэрээр билэг төгс авъяастнаас гадна байгаль эх дэлхийгээ танин мэдэх, хайрлан хамгаалахад онцгой анхаардаг гавъяатан байсан.

Монголын шашин номын тэргүүн, оюун билгийн гайхамшиг, нэрт соён гэгээрүүлэгч энэ хүмүүний амьдрал, түүний бүтээсэн өв судлал Монголд төдийгүй эдүгээ олон улсын судлал болсон байна. Түүний амьдрал уран бүтээлтэй холбоотой мартериалуудыг монгол, төвд, манж, орос, хятад зэрэг хэлнээс хөрвүүлж, нийтийн хүртээл болгох, эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулахад өнөөдрийн Та бүхний зохион байгуулж байгаа эрдэм шинжилгээний хурал жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.

Өндөр гэгээн судлал цаашид улам өргөжин гүнзгийрэхэд манай залуу үе, монголч эрдэмтэн судлаачид чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.

Эрдэм Шинжилгээний хурлын үйл ажиллагаанд амжилт хүсч, Та бүхэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.  Анхаарал тавьсанд баярлалаа” гэлээ.

Эрдэм шинжилгээний хуралд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, академич Ж.Болдбаатар, Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, бурханч лам Г.Пүрэвбат, ОХУ-ын Санкт-Петербург хотын Эрмитаж музейн Монгол, Түвдийн сангийн эрхлэгч Ю.Е.Мелихина нарын зэрэг олон хүн Өндөр гэгээний намтар, урын арвин их сан хөмрөг, бурхан бүтээх тэгийг гаргасан, Монголчуудын эв эе, сүлд хийморийн бэлгэдэл болсон Соёмбо үсгийг зохиосон зэрэг олон сэдвээр илтгэл тавилаа.

Эх сурвалж: www.president.mn

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж