Ц.Цолмон: Батлан хамгаалахад маш бага мөнгө зарцуулдаг

Хуучирсан мэдээ: 2015.06.04-нд нийтлэгдсэн

Ц.Цолмон: Батлан хамгаалахад маш бага мөнгө зарцуулдаг

Долоо хоног бүрийн пүрэв гаригт болдог “Сайдын цаг”-т өнөөдөр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон оролцож, салбартаа хийж буй шинэчлэл, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-д өргөн барьсан “Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичгийг сүүлийн 2-3 жилийн хугацаанд батлан хамгаалах салбарын эрдэмтэн, судлаачид болорвсруулсныг онцоллоо. Уг баримт бичгийг УИХ-аар хэлэлцэх шатандаа явж байгаа аж. Баримт бичгийн хүрээнд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын гадаад харилаа, эдийн засгийн байдал өөрчлөгдсөнтэй холбогдуулан батлан хамгаалах салбарыг нээлттэй, иргэнлэг болгох чиглэлийг Цэргийн бодлогын үндэст суулгажээ. Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагууд тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс батлан хамгаалах салбарын нэгдмэл байдлыг хангахын тулд шинэ баримт бичгийн дагуу Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч буюу Ерөнхийлөгчийн дор нэгдэж байгаа аж. Өөрөөр хэлбэл, цэргийн эрх зүйн хэм хэмжээ, нийтлэг дүрэм, цол, алба хаах хугацаа, энхийг дэмжих ажиллагаанд оролцох зэрэг үзүүлэлтүүд нэг стандартад орох юм байна. Цэргийн бодлогын үндэс батлагдсаны дараа салбарын холбогдох хуулиуд болох Батлан хамгаалах хууль, Зэвсэгт хүчний хууль, Иргэний цэргийн үүргийн болон цэргийн алба хаах тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрхзүйн байдлын тухай хууль шинэчлэгдэх аж.

Батлан хамгаалах салбар санхүүгийн бэрхшээлийн улмаас зэвсэг, тоног төхөөрөмжөө шинэчилж чаддаггүй. Тиймээс зөвхөн төсвийн хөрөнгийг хүлээгээд суух бус батлан хамгаалахын салбарт тохирсон эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх ёстой гэж тэрбээр онцолсон. Тэрбээр “Монголын эдийн засгийн чадавхи батлан хамгаалах салбарын хэрэгцээг бүрэн хангах хэмжээнд хөгжих ёстой. Харамсалтай нь бусад оронтой харьцуулахад Монгол Улсын батлан хамгаалах салбарт зарцуулж буй хөрөнгө маш бага. ДНБ-ний 1 хувьд ч хүрдэггүй. Үүнийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллах ёстой. Эдийн засгийн эх үүсвэрийг төсвөөс гадна Зэвсэгт хүчний хөгжлийн сан, гадаад хамтын ажиллагааны тусламж, бүтээн байгуулалтад оролцож хөрөнгө бий болгох зэргээс бий болгох бодлого баримтлан ажиллаж байна.2013 онд Засгийн газраас “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөр баталсан. Энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, зөвхөн орон сууц, автозам барилга зэргээс гадна уул уурхайн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.Батлан хамгаалахын хэрэгцээнд зориулж бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих бодлого баримтлан ажиллаж байгаа. Энэ хүрээнд Аж үйлдвэрийн яамтай хамтран ажиллан Санамж бичиг байгаалсан. Өнөөдөр Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын байранд дотоодын үйлдвэрглэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэнг дэлгэсэн. Үүний гол зорилго нь БХЯ худалдан авалт хийхдээ дортоодынхоо үйлдвэрлэгчдэд давуу эрх олгох боломж бүрдэнэ” гэлээ.

Түүнчлэн зэвсэгт хүчний шинэлчлэлийн хүрээнд иргэдийг олон хэлбэрээр цэргийн алба хаах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа гэнэ. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Оюутан цэрэг” хөтөлбөр хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжиж байгаа. Өнгөрсөн онд уг хөтөлбөрт 500 орчим оюутан хамрагдсан бол энэ онд 1000 гаруй болж нэмэгджээ. Цаашдаа хувийн болон төрийн өмчийн томоохон их дээд сургуулиудын дэргэд Цэргийн танхим байгуулах төлөвлөгөөтэй байна. МҮИС өөрийнхөө дэргэд Цэргийн танхим байгуулж, оюутан залууст цэргийн мэдлэг, чадвар эзэмшүүлэх, цэргийн дэг журам, сахилгад сургах хүсэлт тавьжээ.

Энхийг сахиулах ажиллагаанд Монгол цэргүүд идэвхитэй оролцож 2002 оноос хойш давхардсан тоогоор 11 мянга гаруй алба хаагч оролцсон бол өнөөдрийн байдлаар 942 алба хаагч зургаан оронд энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа талаар дурдлаа.

Батлан хамгаалах салбар гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд 2015 он гарснаас хойш долоон улс оронтой хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулжээ. Ц.Цоллмон сайдын хувьд Москвад болсон “Олон улсын аюулгүй байдлын асуудлаарх Батлан хамгаалах сайд нарын хуралдаанд оролцсон бол Ялалтын баярын 70 жилийн хүндэтгэлийн жагсаалд Монгол цэргүүд оролцоод ирсэн юм. Харин ирэх есдүгээр сард Бээжинд болох жагсаалд Монголын цэргийн бүрэлдэхүүнийг оролцуулах хүсэлт ирсний дагуу бэлтгэлээ хангаж эхэлжээ.

Цэргийн алба хаагчдыг албан тушаалын орон сууцаар хангадаг ч тэтгэвэрт гарах үед орон сууцаа хүлээлгэж өгөх, орон гэргүй болох асуудал үүсдэг аж. Тиймээс банк, санхүүгийн байгууллагууд, барилгын компаниудтай хамтран “Цэргийн орон сууцны хуримтлал”-ыг бий болгож эхэлжээ. Алба хаагчид сар бүр цалингаасаа тодорхой хуримтлал бий болгож, ипоткийн зээлд хамрагдах юм байна.

Цэргийн алба хаагчдийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр гадаад орнуудад нийт 531 алба хаагч мэргэжил дээшлүүлж байгаагаас хамгийн их буюу 357 нь ОХУ-д суралцаж байгаа талаар энэ үеэр мэдээллээ.

С.ОТГОН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж