Гацууртын талаар намууд юу гэв?

Хуучирсан мэдээ: 2015.06.08-нд нийтлэгдсэн

Гацууртын талаар намууд юу гэв?

“Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өнгөрөгч баасан гаригт  Уул уурхайн сайд Р.Жигжид УИХ-ын даргад өргөн барьсан билээ.

Засгийн газраас тогтоолын төслийг байнгын хороо, УИХ-ын чуулганаар нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр санал болгосон.

Ажлын хэсгийн зүгээс төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувиар тогтоох, энэ хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах тохиолдолд алтны үнээс хамаарч ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь, хэмжээ өөрчлөгдөх саналыг эдийн засгийн тооцоо, үндэслэлийн хүрээнд хөрөнгө оруулагч талд тавьж урьдчилсан тохиролцоонд хүрсэн гэж мэдээлсэн. Төсөл нийт есөн жил уурхайн олборлолт, 10 жил үйлдвэрлэл явагдаж, 3.361 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, татварын дараах цэвэр ашиг 340.5 тэрбум төгрөг, төр 70 орчим  тэрбум төгрөгний ногдол ашиг авна.

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ дээр үндэслэн алтны үнийг өнөөгийн ханш буюу ойролцоогоор 1.300 ам.доллараар тооцож /Долларын ханшийг 1.900 төгрөгөөр тооцсон/ үзэхэд тухайн төсөл нь оруулсан хөрөнгө оруулалтаа бүрэн нөхөж, татварын дараах ашгаас тооцон төр ноогдол ашиг авахаар байна гэж үзжээ. Уг асуудал нь сар шинийн өмнө орж ирэхэд нэлээдгүй  маргаан дагуулж, Ноён уулыг ухуулахгүй гэх иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан.

Харин энэ удаа дахин оруулж ирсэнтэй холбогдуулан нам эвслийн бүлэг, Бие даагчдын зөвлөл байр сууриа илэрхийлж эхэллээ.  Тэдний байр суурийг багцлан  хүргэж байна.


УИХ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ

-Зарчмын хувьд дэмжих нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. УИХ өнгөрсөн жил Гацууртын ордыг ашиглах шийдвэрээ гаргасан байдаг. Өнөөдөр эзэмшлийн хувь хэмжээг ярилаа. Засгийн газар тухайн компанитай тохиролцсоны үндсэн дээр 34 хувийг эзэмших гэрээний шийдвэрт хүрсэн байна. Гэхдээ 34 хувиа ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр гэдгээр орлуулж авья гэдэг шийдвэрт хүрсэн тухай тогтоолын төсөлд тусгасан. Ялгаа нь 34 хувийг эзэмших юм бол тухайн аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалтын 34 хувьтай дүйхүйц хэмжээний хөрөнгийг Монгол Улсын Засгийн газар гаргах шаардлагатай. Үүнийг хийхийн тулд олон ажил хийх ёстой. Тухайлбал, Гацууртыг эзэмшиж байгаа компанийн хөрөнгө оруулалтын дахин тооллого, үнэлгээ гэх мэт ажил хийх учраас цаг үрсэн олон ажил давхардаж байна гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, ашигт малтмалын тусгай төлбөр авъя гэсэн шийдлийг Засгийн газар оновчтой шийдэл гэж оруулж ирсэн. Үндсэндээ 34 хувийн эзэмшлээ ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөс төлж байгаа тогтоолын төсөл юм. Голлох татвар нь 265,6 сая ам.доллар байна. Ашигт малтмалын нөөц ашигласны татвар 139,4 сая ам.доллар, ашигт малтмалын нөөц ашигласан тусгай төлбөр  нь 53 сая ам.доллар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар нь 57 сая ам.доллар, суутган татвар 16,2 сая ам.доллар байна гэсэн төсөл өргөн барих нь ашигтай гэж Засгийн газар оруулж ирсэн.

УИХ ДАХЬ МОНГОЛ АРДЫН НАМЫН БҮЛЭГ

-Гацууртын ордыг 100 хувь хувийн өмчлөлд байлгах нь зүйтэй гэсэн шийдвэрийг бүлгээс гаргасан. Гэтэл гэнэт өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар нэн яаралтай хэлэлцэж 34 хувийг төр эзэмших санал оруулж ирж байна. Тиймээс Гацууртын ордын хувийн талаар салбарын сайдаас мэдээлэл авах нь зүйтэй. Энэ долоо хоногт хэлэлцэх боломжгүй. Уул уурхайн том төслүүд дээр  харилцан адилгүй хандаж байна. Нэгийг нь УИХ дээр уяж, заримыг нь ямар ч хараа хяналтгүй хэлэлцүүлж байна. Орд бүр дээр хувийн байр сууринаас хандаж байна. Гацууртын ордын эдийн засгийн үр өгөөжийг нягтлах ёстой гэсэн байр суурьтай байгаа.

УИХ ДАХЬ "ШУДАРГА ЁС" ЭВСЛИЙН БҮЛЭГ

-Гацууртын ордын эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд, дэмжих боломжгүй  гэж үзсэн. Дээрх ордод төрийн эзэмшил 34 хувь байх нь Үндсэн хууль зөрчсөн хэрэг болно. Гацууртын орд 100 хувь ард түмний өмч байтал 34 хүртэл хувь ээзэмшинэ хэмээн оруулж ирэх нь Сентерра гоулд компанийн 34 хувийг эзэмших асуудал болж хувирч байгаа тул энэ асуудлаар ажлын хэсэг гаргаж ажиллана.

УИХ ДАХЬ БИЕ ДААГЧДЫН ЗӨВЛӨЛ

-Гацууртын ордыг ашиглах асуудал энэ хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд багтаагүй ч нэн яаралтай дэгээр хэлэлцэхээр  оруулж ирлээ. Өнгөрсөн хоёрдугаар сарын 17-нд  УИХ-аас  гацууртын ордыг  стратегийн ордод  авах нэрээр ашиглаж болохгүй гэж үзээд хэлэлцээгүй. Гэтэл дахиад  оруулж ирж байна.  УИХ-ын дарга, АН-ын дарга дуртай зүйлээ дур мэдэн оруулж ирж байна.  Ингэхдээ 34 хувийг төр эзэмших эс бол 34 хувьтайгаа тэнцэх буюу 1.7 хувийн татвар авах гэж орж ирж байна. Монголын ард түмэн, нутгийн иргэд Ноён уулаа олборлуулахгүй гэж байхад дахин оруулж ирж байгааг эрс эсэргүүцэж байна.

С.ОТГОН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж