Хятад эрчим хүчний том хэрэглэгч боллоо

Хуучирсан мэдээ: 2010.07.21-нд нийтлэгдсэн

Хятад эрчим хүчний том хэрэглэгч боллоо

2009 онд Хятад эрчим хүчний хэрэглээгээрээ дэлхийн хамгийн том хэрэглэгч АНУ-ыг гүйцэж түрүүлсэн байна гэж даваа гаригт Олон Улсын Энергийн Агентлаг мэдээллээ. Бээжингийн шинэ статус нь түүнийг дэлхийн эрчим хүчний зах зээл дээр үнэ тогтооход болон эрчим хүчний хэрэглээг тодорхойлоход бүр ч нөлөөтэй болгож байна. АНУ сүүлийн арав гаруй жил эрчим хүчний хэрэглээгээ илүү хэмнэлттэй болгохоор чармайсантай холбоотойгоор Хятад судлаачдын тооцоолж байснаас ч хурднаар нэгдүгээр байранд очжээ. Нэг хүнд ноогдох эрчим хүчний хэрэглээгээрээ АНУ Хятадаас хамаагүй илүү байгаа бөгөөд эрчим хүчний хэмнэлттэй байдлаараа Европоос хол доогуур байна.

ОУЭА-ийн ахлах эдийн засагч Фатих Бирол “2000 онд АНУ одоогийн Хятадын хэрэглэж байгаагаас хоёр дахин их эрчим хүч хэрэглэдэг байсан” гэж ярьсан. Түүнээс хойш АНУ эрчим хүчний хэмнэлттэй байдлаа жилд 2.5 хувиар сайжруулсан бол Хятад 1.7 хувиар сайжруулсан гэж ярьж байна.

2009 онд Хятад 2,525 сая тонн газрын тостой дүйцэхүйц эрчим хүчийг нүүрс, газрын тос, цөмийн эрчим хүч, байгалийн хий, усан цахилгаан станц зэрэг эрчим хүчний эх үүсвэрүүдээс үүсгэж хэрэглэсэн нь АНУ-ын эрчим хүчний хэрэглээнээс 4 хувиар илүү байна. Хятад АНУ шиг дэлхийн санхүүгийн хямралаас ноцтой хямраагүй. 2008 онд газрын тосны үнэ маш өндөр болсон нь дэлхийг хямралд ороход нөлөөлсөн. Хятадад нүүрс, байгалийн хийний импорт улам бүр их хэрэгтэй болж байгаа нь мөн үнэ өсөхөд нөлөөлж болзошгүй гэж ноён Бирол ярьж байна.

Хятад эрчим хүчний асар том хэрэглэгч болж байгаа нь эрчим хүч хэрхэн яаж хэрэглэгдэхийг дэлхийн хэмжээнд тодорхойлно гэж үзэж байна. Тухайлбал ямар цахилгаан станцууд баригдаж, ямар төрлийн автомашинууд үйлдвэрлэгдэхэд нөлөөлөх болно. ОУЭА Хятадын эрчим хүчний хэрэглээний талаар гаргасан тайлан нь урьдчилсан дүгнэлт гэж сануулсан хэдий ч барууны улс төрчид Бээжин эрчим хүчний хувьд давшингуй бодлого баримталж байгаа бөгөөд Казахстан, Судан гэх мэт улсуудын газрын тосны ордыг өөрийн хяналтанд авахаар хүчтэй оролдож байна гэж ярьж байгаа.

Хятад хэдийн дэлхийн хамгийн том нүүрсний хэрэглэгч болсон. Хэдийгээр өөрөө асар их нөөцтэй хэдий ч тус улс жил бүр гадаадаас их хэмжээний нүүрс импортоор авдаг бөгөөд энэ жил 105-115 сая тонн нүүрс импортоор авснаар дэлхийн нүүрсний хамгийн том импортлогч гэгддэг Японыг ардаа орхих болно гэж үзэж байна. Одоогоос гуравхан жилийн өмнө Хятад өөрөө нүүрсний цэвэр экспортлогч байсан юм.

Энэ хандлага газрын тосны салбарт мөн ажиглагдаж байна. Дэлхийн хамгийн том газрын тосны экспортлогч Саудын Араб өнгөрсөн жил анх удаагаа өөрийн хамгийн чухал хэрэглэгч болох АНУ-ын худалдан авснаас илүү ихийг Хятадад зарсан байна. Гуравдугаар сард ОУЭА-ийн нарийн бичгийн дарга Хятадыг ОУЭА-т гишүүнээр элсэхийг уриалсан бөгөөд хэрвээ Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагын гишүүн, эрчим хүчний хамгийн том хэрэглэгч улсуудыг төлөөлдөг тус байгууллагад Хятад гишүүнээр элсэхгүй бол энэ байгууллагын ач холбогдол буурах болно.  

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж