Онгоц ”сумладаг” компанитай боллоо

Хуучирсан мэдээ: 2010.07.21-нд нийтлэгдсэн

Онгоц ”сумладаг” компанитай боллоо

Агаарын хөлгүүдийг өндөр чанартай онгоцны шатахуунаар сумлах үйлчилгээ үзүүлэх зорилготой Монгол- Оросын хамтарсан “Мэргэван” ХХК-ийн   нефть  баазын нээлт өнөөдөр боллоо. Нээлтэд Эрдэс баялаг эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан, “Содмонгол” группын ерөнхийлөгч Ц.Анандбазар, ОХУ-ын Тээврийн сайд И.Е. Левитин, Роснефть компанийн дэд ерөнхийлөгч И.В. Ромашов болон гадаад дотоодын зочид төлөөлөгчид оролцов.
Хоёр улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр байгуулсан уг компанийг монгол талаас “Сод Монгол групп” ХХК, оросын талаас “РН-Аеро” нийгэмлэгүүд хамтран өнгөрсөн оны есдүгээр сард “Мэргэван” ХХК-ийг үүсгэн байгуулсан аж. Дээрх хоёр компаниуд хөрөнгө оруулалтыг ижил хэмжээгээр адил нөхцөлтэйгээр гэрээлж  хөрөнгө оруулсан бөгөөд нийт 13.2 сая ам долларын санхүүжилт хийсэн байна.
Тус компани нь шатахуун хадгалах сав, онгоцны  түлшний шүүлтүүр, хяналтын аппарат зэргийг дэлхийн стандартад нийцсэн орчин үеийн тоног төрөөхөмжөөр бүрэн хангасан бөгөөд дэлхийд түлш нийлүүлэлтээрээ дээгүүр байранд ордог ОХУ-ын “Роснефть”-ээс шатахуунаа нийлүүлэхээр болсон байна.
  Хамтарсан компани байгуулснаар онгоцны шатахууны нийлэлт  тогтворжих аж. Учир нь манай улсад “А-Жет” ХХК  дангаараа монополь эрхтэйгээр агаарын хөлгийн шатахууныг нийлүүлдэг байсан бол хоёрдогч компани гарч ирсэнээр зах зээийн шудрага өрсөлдөөн үүсэх нөхцөлийг бүрдүүлж байна. Энэ нь агаарын хөлгийн үйлчилгээний хөлс буурах буюу авиа компаниудын тийзний үнэнд нөлөөлөх гэнэ. Түүнчлэн Монгол Улсад хөрөнгө оруулалт орж ирэх, улсын төсөвт татвараар орлого орох, шинэ ажлын байр нэмэгдэх зэрэг олон давуу талтай гэж холбогдох албаныхан хэлж байна.
Дашрамд дуулгахад МИАТ компани агаарын хөлгийн шатахуунаа зөвхөн хадгалдаг байсан бол тун удахгүй өөрсдөө уг шатахуунаа онгоцны далавчинд сумладаг болох аж. Ингэснээр агаарын хөлгийн шатахууны бизнест гурван ч компани жинхэнэ зах зээлийн өрсөлдөөнийг үүсгэх бололтой. Гэхдээ уг өрсөлдөөнд дэлхийн зах зээл дэх нефтийн үнэ нөлөөлнө гэж гэдгийг энэ үеэр онцоллоо.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж