“Р.Жигжид хуйвалдааны золиос болоод байна”

Хуучирсан мэдээ: 2015.06.18-нд нийтлэгдсэн

“Р.Жигжид хуйвалдааны золиос болоод байна”

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Хуралдаанаар Засгийн газраас яаралтай дэгээр оруулж ирсэн Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр нэлээд олон гишүүн асуулт асууж санал хэлсэн.

УИХ-ын гишүүн Г.Уянга:  Р.Жигжид сайд аа, Хуулиар бамбай хийгээд бусдын эрх ашгийг хамгаалж байгаа нь эгдүү хүргэж байна. “Центерра гоулд”-д зориулж хэд хэдэн хуулиа өөрчиллөө. Нэгдүгээрт заавал энэ ордод гадны хөрөнгө оруулагч оруулаад байх шаардлагагүй. Монгол хүний хийж чадахгүй ямар техник, технологийг ашиглах гэж байгааг хэлж өгөөч. Та нар цэвдэгийн судалгааг хийлгээгүй юм билээ. Та нар цэвдэггүй гэж хэлээд өгчих гэж Центерра гоулд-ынхан гуйсан байна лээ. Та нар үр өгөөж, мөнгөн урсгал гэж сайхан зүйл яриад байна. Бидэнд мөнгөн урсгал биш ногдол ашиг хэрэгтэй. Яаж 70 тэрбумын ашигтай гэж  тооцоод байгаагаа тайлбарлаж өгөөч?

Уул уурхайн сайд Р.Жигжид: Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гадны компани учраас хүндэтгэхээс өөр аргагүй. Нөгөө талаас Боро гоулд-ыг ашиглаж байсан туршлагатай,  бааз нь байгаа. тиймээс шууд эргэлтэд  оруулах боломжтой гэдэг үүднээс  төр хамтран ажиллаж, төслийг хэрэгжүүлэх гэж байгаа юм. Цэвдэгийн судалгааг хөрөэнгө оруулагч талаар хийлгэхээр тусгасан  байгаа.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Би гадны хөрөнгө  оруулалтыг эсэргүүцээд байдаг хүн биш. Оюутолгойн 20 гаруй асуудлыг өмнөх Засгийн газрын үед шийдсэн. Гадны компанийг оруулна гэдэг нь бууж өгөхийн нэр биш. Харилцан ашигтай  байх  л асуудал. Гацууртын ордыг бол  дэмжихгүй. “Бороо гоулд”-оос олж долоосон зүйл бага. Энэ удаа хойшлуулж болохгүй л байгаа юм байх даа. Үүнийг л ухахгүй бол үхчих гээд байгаа юм байх  даа.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Гацууртын  ордыг  нүдээр очиж үзсэн. Үнэхээр 200-аад булш бунхан байдаг. Тэр олон лиценз эзэмшигчдийн асуудал байна лээ.

С.Ганбаатар:  Нэгхэн хувийн ашгийн төлөө та нар яагаад гадныхныг  долоочих гээд байдаг юм бэ. Мандал сумын иргэд Хараа, Ерөө голд сөргөөр нөлөөлнө гэж маш их санаа зовж байна. Үндэсний аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцсөн үү?

Р.Жигжид: Мандал сумын иргэдэд мэдээлэл хүргэж байгаа.  Энэ ордыг  Центерра гоулд-ын эзэмших эрхийг шууд авах  боломжгүй учраас энэ  компанитай  ярилцаж тохиролцохоос өөр аргагүй.  Ашиглалтын тусгай зөвшөөрөл нь Гацуурт  компанид  байж байгаад “Центерра гоулд”-д шилжсэн.

УИХ-ын гишүүн Б.Болор: Засгийн газар луйвраар ажилладаг болсон юмуу.  Р.Жигжид сайд  луйвар хуйвалдааны золиос болоод байх шиг байна. Худлаа яриад зүтгээд байгаа нь ямар учиртай юм. Худлаа эдийн  засгийн үзүүлэлт гаргаад  ард түмний тархийг угаагаад  байна шүү дээ.

С.ОТГОН

 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж