Зайсангийнхан газрын гэрчилгээтэй болно

Хуучирсан мэдээ: 2015.06.24-нд нийтлэгдсэн

Зайсангийнхан газрын гэрчилгээтэй болно

Богдхан уулын дархан цаазат газрын орчимд 1960 оноос өнөөг хүртэл үе удмаараа амьдарч буй 600 гаруй иргэн бий. Тэдний хувьд тусгай хамгаалалтын бүсэд амьдардаг учраас газраа өмчлөх, эзэмших боломжгүй байдаг. Тиймээс өнөөдрийг хүртэл газрын бичиг баримтгүй байжээ. Үүнээс үүдэн Зайсангийн орчимд барилга барих аж ахуйн нэгжийн дарамтанд байнга өртдөг талаар оршин суугчид учирласаар ирсэн билээ.

Тэгвэл БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол энэ асуудлыг шийдвэрлэхээр болжээ. Энэ хүрээнд өнөөдөр Хан Уул дүүргийн 11, дөрөвдүгээр хорооны оршин суугчидтай уулзаж асуудлыг нь шийдвэрлэж буйгаа танилцуулсан юм.

БОНХАЖ-ын сайд Оюунхорол: -Миний хувьд ажлаа аваад зургаан сар болж байна. Ажлаа аваад нэн тэргүүнд хийх ажлын жагсаалтад та бүгдийн асуудлыг оруулсан. Үе удмаараа өнөөдрийг хүртэл амьдарсаар ирсэн ч тодорхой бичиг баримтгүй, өдөр бүр айдастай амьдарна гэдэг үнэхээр хэцүү. Тиймээс эхний ээлжинд шаардлага хангасан айлуудад газар ашиглах гэрчилгээг олгоно.


Зайсангийн уугуул иргэн Л.Даваасүрэн: -Би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд амьдардаг. Эмээ нь энэ газартаа 60 жил амьдарлаа. Гэтэл үр хүүхдүүддээ газраа өвлүүлээд үлдээе гэхээр ямар ч бичиг баримтгүй. Юун үр хүүхэддээ үлдээх манатай. Өөрсдөө ч өдөр бүр айдастай амьдарч байна. Хэсэг хүмүүс ирээд “Энд барилга барина. Газраа чөлөөл” гээд дарамталдаг. Ийм байдал өдөр тутам тохиолддог. Хэзээ, хэн, хаанаас ирээд хашаа, байшинг минь буулгах бол гэхээс айсаар ирсэн.



Зайсангийн уугуул иргэн Б.Улаанхүү: -Би 1983 оноос хойш энд амьдарсан. 1983 оноос өмнө ээж маань энд амьдардаг байсан юм. Манай гэр бүл үе удмаараа энд амьдарсаар бараг л идээшсэн гэхэд болно. Гэсэн ч бид өдөр бүр айдастай амьдардаг. “Энэ газрыг бид ашиглахаар болсон. Газраа чөлөөл” гээд барилгын компанийнхан ирээд дарамталдаг. Том биетэй бөхчүүд дагуулан микротой ирээд биднийг дарамталсан удаа ч бий. Гэтэл бидэнд тэдний өмнөөс “Энэ миний газар” гээд үзүүлэх ганц ч бичиг баримт байдаггүй. Энэ асуудал ойрын хугацаанд шийдвэрлэгдэж, газар ашиглах гэрчилгээтэй болох гэж байгаад үнэхээр баяртай байна гэв.

 

Таван жилээр гэрчилгээ олгоно

Зайсангийн орчимд 1960 оноос өмнө амьдарсан иргэдийн судалгааг БОНХАЖЯ-наас явуулжээ. Энд амьдарч буй 600 гаруй өрхөд ээлж дараалан газар ашиглах гэрчилгээ олгоно. Эхний ээлжийг ирэх долоо хоногтоо олгож дуусгах юм. Хуулийн хүрээнд эдгээр иргэдэд газар эзэмших гэрчилгээ олгох боломжгүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар хязгаарлалтын бүсэд зөвхөн аялал жуулчлал эрхлэх зориулалтаар таван жилийн хугацаатай газар ашиглуулах тухай заасан байдаг. Энэ заалтыг үндэслэн эдгээр иргэдэд таван жилээр газар ашиглах гэрчилгээ олгох юм. Нэг иргэнд 0.05 га-аас ихгүй газрын гэрчилгээ олгох аж. Гэхдээ эхний ээлжинд уугуул өрхүүдэд тодорхой шалгуур тавьж байна. Тухайлбал, инженерийн шугам сүлжээ, үерийн ам, далан, жалганд буугаагүй. Орц, гарц таглаж буугаагүй, газрын ямар нэг маргаангүй байх гэсэн шаардлагуудыг тавьж байна.

Б.ЗАЯА

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж