Хотын татвар авах нь зөв үү?

Хуучирсан мэдээ: 2015.06.24-нд нийтлэгдсэн

Хотын татвар авах нь зөв үү?

Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийг өнгөрсөн баасан гаригт Улсын их хурал баталсан. Хэрэв энэхүү хууль хэрэгжиж эхэлснээр архи, тамхины борлуулалтын үнийн дүнгээс, зочид буудал, баар, ресторан, амралтын газрын үйлчилгээнээс 0-1 хүртэл хувийн татвар авах юм. Өөрөөр хэлбэл, иргэд худалдан авсан архи, тамхи бүртээ, ресторанаар үйлчлүүлэх бүрийдээ татвар төлнө гэсэн үг. Татварын хувь хэмжээг Нийслэлийн ИТХ-ын хуралдаанаас тогтооно. Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл хэлэхдээ ирэх аравдугаар сараас нийслэл хотын албан татварын тухай хууль хэрэгжинэ гэсэн юм. Тэгвэл иргэд энэ татварыг дэмжив үү?, татварын талаар ямар сэтгэгдэлтэй байна вэ гэдгийг иргэдийн төлөөллөөс тодрууллаа.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИРГЭН Л.БАТБАЯР:

-Татварын мөнгөөр улс орноо хөгжүүлж байгаа энэ үед нийслэл татвар авна гэдэг бол зарчмын хувьд зөв. Чухам яг ямар ажилд, ямар үйл ажиллагаанаас, хэдий хэр хэмжээний татвар авах вэ гэдгээ төрийн байгууллагууд тооцож үзээд судалгааны үндсэн дээр ингэж шийдэх нь зөв байх гэж үзэж байна. Төр байгаа цагт татвар болгон байдаг гэдэг биз дээ.


ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭН Ч.БУЯНХИШИГ:

-Одоо ер нь иргэдэд итгэлцэл алга. Итгэлцэл байхгүй энэ үед иргэд, бид юу дуугарах вэ дээ. Нийслэлийн татварын талаар мэдээлэл байх нь байна. Гэхдээ иргэд биднээс авахаа сайн мэдэх юм, энэ төр. Эргээд хариуцлага ярихаар чимээгүй болдог. Иргэд бид ч одоо тийм л байр суурьтай байна.


ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭН О.ЭНХТӨР:

-Нийслэл татвартай болно гэдэг зөв. Татвар хэрэгцээтэй болоод гаргасан байх, дэмжиж байна.


ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭН Ж.ГАНБААТАР:

-Ер нь зөв шүү дээ. Ялангуяа архи, тамхинаас татвар авдаг байх хэрэгтэй. Тамхины хяналтын тухай хууль ч хэрэгжиж байна. Одоо архины хуулийг ч батлах ёстой. Тэгээд нийслэл өөрөө татвартай болно гэдэг зөв. Тэгээд татварын мөнгөө боловсролын салбарт зориулах хэрэгтэй гэж бодож байна.


ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭН Ж.АЛТАНГЭРЭЛ:

 

Архи, тамхинаас татвар авдаг байх хэрэгтэй. Тиймээс би нийслэл татвартай болохыг дэмжиж байгаа. Ард иргэд бүгд дэмжиж байгаа байх. Эргээд татварын мөнгөө өндөр настан, хүүхэд, эмэгтэйчүүддээ зориулах хэрэгтэй. Нийслэл олон зүйл дээр татвар авдаггүй. Одоо харин нэг хувийн татвартай болно гэдэг улс, орон хөгжихөд дэмтэй болно.

Д.БАЯР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж