Хямралд өртөөгүй, өртөхгүй бизнес

Хуучирсан мэдээ: 2015.06.28-нд нийтлэгдсэн

Хямралд өртөөгүй, өртөхгүй бизнес

Таван ханат барьж, гурван ор тавиад л шийдэгддэг тул амралтын газар ажиллуулах нь наадмын талбай дээр хуушуур зарахаас ч амар гэсэн яриа байдаг нь үнэний ортой. Зун цагт нийслэлийн ойр хавийн бараг бүхий л уулын аманд амралтын газруудыг ажиллуулж эхэлдэг. Эдийн засаг хямарсан энэ үед ч үйлчлүүлэгч олонтой, ашиг ч арвинтай өөрөөр хэлбэл гандан буурахгүй байгаа амралтын газруудын үнэ ханш, орчин, анхаарах асуудлуудыг онцоллоо.

Иргэд зугаацахаас хэзээ ч “гар татдаггүй”

Монгол Улсын эдийн засаг хямарч аж ахуй нэгжүүд үүдээ барьж, иргэд нь хоногийн хоолоо хүртэл хасч байгаа энэ үед хямралд өртөлгүй, харин ч ашиг орлого нь нэмэгдэж байгаа бизнес бол амралтын газар ажиллуулах. Тэр дундаа тохь тухгүй, амрагчдын ая тухыг бүрэн хангаж чадахгүй байгаа гэр амралтын газрууд. Хүүхдийн зуслангууд энэ сарын 20-ноос амрагч хүүхдүүдээ хүлээн авч эхэлсэн ч ээж аавд нь мөнгө байхгүйн улмаас зусланд амрах хүүхдийн тоо 60 хувиар буурсан гэдгийг мэдээлж байгаа. Гэтэл өнөөх боломжгүй, мөнгө төгрөггүй гэгддэг ээж аавууд амарч зугаалж архидан согтуурахдаа харин ч нэг “гар татдаггүй” гэдгийг амралтын газрынхан хэлж байна. “Эдийн засаг хямарсан л гэх юм. Бид цаг агаар дулаарсан хэдхэн сард ажилладаг ч чамгүй ашиг олдог. Баасан, бямба, ням зэрэг гаригуудад амрагчид дүүрэн, бүх гэр захиалгатай байдаг. Бусад өдрүүдэд ч амрагчид цөөнгүй ирдэг” гэдгийг “Ойн дурсамж” амралтын газрын ажилтан бүсгүй хэллээ. Үүнийг ч баталж “Ойн жим” амралтын газрынхан ирэх долдугаар сарын 3-ныг дуустал бүх гэрүүд захиалгатай, нэмж амрагч авахгүй гэсэн юм.

 

Хоногийн 60-80 мянган төгрөгийн ханштай байна

Санзай, Шадивлан, Өвөр гүнт, Салхит, Шарга морьт зэрэг хотоос холгүй зайд байрлах гэр амралтын газруудын ханш дунджаар 60-80 мянган төгрөгийн ханштай байна. Гурваас дөрвөн ортой эсгий гэр хоногийн 60 мянган төгрөгийн ханштай бол, арай тохь тухтай мөн шавар гэрүүд 80 мянган төгрөг гэнэ. Энэхүү төлбөрт хэрэглээний уснаас өөр нэмэлт үйлчилгээний төлбөр багтаагүй болохыг ч хэллээ. Өөрөөр хэлбэл амрагчид хоол хийх түлээ, үдэнз зэрэг наад захын зүйлсээ өөрсдөө бэлдэн очих шаардлагатай аж. Хэрэв амрагчид нэмэлт үйлчилгээгээр хоол авахаар бол нэг хоол дунджаар 7000-8000 төгрөг юм байна.

Архидалтад хэн ч хяналт тавьдаггүй

Хотоос холгүй зайд хоногоор амарч зугаалахаар зорьж байгаа иргэд хэдэн лонх архи, авдар пиво авч явах нь заавал байх ёстой жаяг гэж хандсаар хэдэн жилийг үдэж байгаа. Амралтын газрын эзэд, ажилчид нь ч үүнд анхаарал хандуулдаггүй  аж. “Хоногийнхоо мөнгийг төлж байгаа иргэдийг архидаж болохгүй гэж бид хэлж чадахгүй. Хяналт ч тавих боломгүй. Гэрт байрлах 12 цагийн хөлсөө төлсөн хүмүүс гэртээ юу хийх нь тэр хүмүүсийн эрхийн асуудал гэсэн үг. Яалт ч үгүй хоорондоо зодолдоод эхэлвэл очиж сануулга өгдөг. Ихэнхдээ уугаагүй зарим нэг нь зохицуулаад л тэгээд л асуудал намждаг” гэж “Ойн дурсамж” амралтын газрын ажилтан хэлсэн юм.

Мөн их, дээд сургуулийн оюутнууд, дунд сургуулийн сурагчид ч согтууруулах ундаа хэрэглэж, тамхи татаж, шөнөдөө нанчилддаг гэдгийг ч амралтын газрынхан нуусангүй.

 


Амралтын газруудад стандарт алга

Манайхан амралтын газар гэхээр л таван ханат бариад дөрвөн ор тавиад л болоо гэж андуурдаг. Ихэнх амралтын газрууд яг л ийм стандарттай байна. Гэтэл цагаан хэрэглэлийн ариун цэвэр, нийтийн бие засах газар, тохь тух, хогийн цэг гээд л наад захын шаардлагатай зүйлсийг байрлуулсан амралтын газар тун цөөхөн. Албаныхан ч шалгалт хийдэггүй болохоор арга ч үгүй биз. Нийслэлийн Захирагчийн ажлын албаныхан, харъяа дүүргийн мэргэжлийн хяналтын байгууллагынхан амралтын газруудаар явж амраад ч болтугай шалгалт хийх нь зүйтэй болов уу.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж