Dolce & Gabbana: Загварын алтан хослол

Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

Dolce & Gabbana: Загварын алтан хослол

“la dolce vita”-гийн хувьд (Италиар “Сайхан амьдрал” гэсэн үг) хэн ч “Dolce & Gabbana”-гаас илүү дээрээр Италийн маягийг гаргаж ирдэггүй. Нэр нь түгсэн эдгээр дизайнерууд дэлхийн хамгийн онцгой загварын ордныг байгуулсан бөгөөд өөрсдийн хэв маяг, онцлогоор мууран алхаатай А-жагсаалтын алдартнуудыг чимж байна. Мушгирсан маягийн бүтээлүүд Италийн өвөрмөц онцлог бөгөөд тус улсын өмнөд нутгийн соёл, киноны баялаг түүхэнд тусгалаа олсон ба энэхүү бренд олон сая ам.долларын орлого бүхий дэлхийн хэмжээний бизнес болж өргөжсөн.

Өнгөрсөн зун 52 настай Domenico Dolce, 48 настай Stefano Gabbano нар өөрсдийн брендийг үүсгэсний 20 жилийн ойг Милан хотод тэмдэглэсэн. Тэгэхэд олон улсын алдартнууд дэлхийн загварын нийслэлрүү нисэн очиж дэлхийн хамгийн нэр нөлөөтэй дизайнеруудын хоёрт нь хүндэтгэл үзүүлсэн.

Харин загвар алтан хосод тэмдэглэлт ой тийм ч чухал биш гэнэ. “Бид өнгөрсний талаар нэг их бодоод байдаггүй, бид хойдхоо харах гэж толгойгоо эргүүлдэггүй. Өнгөрснөө хэтэрхий их хараад байвал үхэх болно” гэж Стефано Габбано “CNN”-д ярьсан. Хоёр дизайнер 2005 оныг хүртэл гал халуунаар холбоотой байсан. Хэдийгээр тэд салсан ч хамтарч ажиллаж байгаа гэнэ. “Хүн бүр хайрыг секстэй андуурдаг. Харин энэ бол огт өөр хоёр ертөнц. Сексийн харилцаа төгсөж болно, харин хайр хэзээ ч төгсдөггүй” гэж Доменико Долче “CNN”-д ярьжээ. Дольче, Габбана нар “CNN” агентлагт дараах байдлаар ярилцлага өгсөн байна.

CNN: Та хоёр хамтач ажиллаж эхэлж байхад байдал ямар байсан бэ?
Доменико Долче: Бид хамгийн анх эмэгтэй хүний хувцасны “Dolce & Gabbana” шоуг зохион байгуулсан. Бид үүнийг нэг жижиг студид зохион байгуулсан. Бидэнд моделуудад төлөх мөнгө байгаагүй болохоор бүх найз нарыгаа хүрэлцэн ирэхийг урьсан. Бидэнд гутал, цүнх авах мөнгө байхгүй байсан болохоор хүмүүс өөрсдийнхөө хувийн хэрэгслийг хэрэглэсэн. Хөшигний оронд би гэртээ авсан орны цагаан даавууг ашигласан байсан бөгөөд богинохон байсан тул доогуур нь цаана нь байгаа хүмүүсийн хөл харагдаж байлаа. Ингэж л “Dolce & Gabbana” эхэлж байсан. Миний хувьд энэ бол амьдралын минь хамгийн сайхан мөчүүд байсан.

CNN: Та хоёр хувцас зохион бүтээх ажил эрхэлдэг, үүнээс өөр илүү зүйл хийх бодол байдаг уу?

ДД: Хүмүүс “Dolce & Gabbana”-гийн хувцастай холбогдоход би тэднийг дан ганц хувцас биш бас миний амьдрал, миний үзэл бодол, миний хайр, миний амьдралтай холбогдоосой гэж хүсдэг, энэ бол миний мөрөөдөл. Хүмүүс миний хувцсыг худалдаж авахдаа зүгээр нэг өмд, цамц авдаггүй харин нэг мэдрэмж, сэтгэл санааны байдал худалдаж авдаг гэж би боддог, энэ бол миний хувьд маш чухал.

CNN: Хэрвээ энэ бүхэн дан ганц хувцасны тухай байсан бол та хоёр уйдах уу?
Стефано Габбана: Бидний хувьд бидний загвар бол илэрхийлэл. Юуны өмнө энэ бол амьдралын илэрхийлэл. Би өөрийгөө бүхлээр нь загварт зориулсан. Заримдаа сайхан, заримдаа муухай. Энэ бол толь, Доменико, Стефано нарын тухай илэрхийлэл. Энэ бол зүгээр нэг мэргэжил биш, харин маш олон сэтгэл зүйн илэрхийлэл, характертай хүний тухай асуудал.

CNN: Хэн нэгэн нь “энэ бол зүгээр л хувцас” гэвэл та хоёр юу гэх вэ?
ДД: Таний хувьд зүгээр хувцас, харин миний хувьд тийм биш. Бид эскиз гаргах үед хувцаснууд хүүхэлдэйн зураг шиг байдаг. Хувцсанд хүрэхдээ би хайр мэдэрдэг.

CNN: Загвар ирж л байдаг, буцаж л байдаг.
СГ: Загвар гэдэг бол таван өдөр, нэг минут, зургаан сарын хувьд ОК. Харин стиль, хэв маяг гэдэг бол насан туршийнх. Энэ л бидэнд хэрэгтэй, бидний хайртай зүйл. Үүний төлөө, энэтэй холбоотойгоор бид ажилладаг.

CNN: Та нарын тухай ямраар дурсаасай гэж хүсдэг вэ?
ДД: Энэ бол том мөрөөдөл. Хүмүүс “Dolce & Gabbana”-г Италийн, чин үнэнч, сэтгэлийн угаас төрсөн “тусгайлан зориулсан”  бренд гэж санаж байгаасай гэж би хүсдэг. Зүгээр хувцаснуудаар минь биш мөн стиль, имижээр маань санаасай гэж хүсдэг. Магадгүй нэг нь халзан, нөгөө нь өндөр хоёр залуу энэ брендийн цаана байсан гэж хүмүүс санах байх.

CNN: Хамтдаа ажиллахад дандаа сайхан байсан уу?
ДД: Үгүй, хамт ажиллахдаа бид их муудалцдаг байсан. Бид хоёр хоёулаа хүчтэй, хурц зан ааштай. Тиймээс хэрвээ би нэг стильд дурлавал тэр санаагаа хамгаална. Стефано мөн өөрийнхийгөө, тэгээд дараа нь бид бие биендээ буулт хийнэ. Учир нь хэрвээ дан минийх байх юм бол энэ Стефаногийн цуглуулга болох болно. Бид аятайхан балансийг нь олдог байсан, энэ л гол зүйл.

СГ: Хэзээ вэ гэдгээс мөн шалтгаалдаг. Нэг өдөр Доменико кинон дээрээс харсан, эсвэл нэг найз нь ресторанд сууж байхдаа өмсөж байсан улаан өнгө түүнд таалагдсан байж болно. Харин тэр өдөр би цагаан өнгөнд илүү талтай байж магадгүй. Тэгээд  л тэр улаан гээд би харин цагаан гэх болно. Эцэст нь бид харыг сонгосноор дуусаж магадгүй. Ийнхүү бид амжилтанд хүрнэ.

CNN: Хоёулаа байх нь тус болдог уу?
СГ: Бидний хувьд тийм. Учир нь бид эхнээсээ л хамтдаа байсан. Доменикогүйгээр би ажлаа төсөөлж чадахгүй. Би түүнгүй ажиллаж чадах ч тэр надаа хэрэгтэй байдаг. Түүнд ч гэсэн би хэрэгтэй. Бид бүхий л зүйлийн талаар ярилцах хэрэгтэй байдаг. Магадгүй бид төрөлхийн ийм болоод ч тэр үү бидэнд ганцаараа байх боломжгүй юм шиг санаггдаг.

CNN: Танай кампанит ажлууд маш алдартай бас танигдахуйц байдаг. Заримдаа скандал үүсгэдэг.
СГ: Бид хэзээ ч үүнийг санаатай хийдэггүй. Бид кампанит ажилаа өөрсдөө зохиодог, зураглаачтай нь ярилцдаг, тэгээд ямар ааш, төрхтэй байхыг болон онгодын талаар ярилцдаг бөгөөд харин дараа нь түүнд өөрийн хүссэнээр ажиллах эрх чөлөөг өгдөг. Заримдаа бид яг нүдийг нь олдог, заримдаа үгүй. Зарим хүмүүс өөнтөгч, бохир нүдтэй байдаг. Хэрвээ хүн ямар нэг зүйлийг хайвал түүнийгээ хаанаас ч олдог, тиймээс л зарим өөнтөгч хүмүүс манай кампанит ажлаас скандал олж хардаг.

CNN: Та хоёр ярилцлага өгөх дуртай юу?
ДД: Үгүй, хувцастайгаа ажиллахыг би илүүд үздэг. Би хувцасныхаа төлөө, “Dolce & Gabbana”-гийн төлөө ажилладаг. Би хүмүүс миний нүүрийг биш харин брендийн шошгийг минь санаж байгаасай гэж хүсдэг. Би хүмүүст “Dolce & Gabbana” хэмээх маргаашийн том киног санаасай гэж хүсдэг. Би харин энэ кинонд тоглож байгаа нэг жүжигчин.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж