Зайсангийн иргэдэд газрын гэрчилгээ олгов

Хуучирсан мэдээ: 2015.06.30-нд нийтлэгдсэн

Зайсангийн иргэдэд газрын гэрчилгээ олгов

Зайсангийн орчимд үе удмаараа амьдарсан, уугуул иргэдэд газрын гэрчилгээ олгох ажиллагаа өнөөдөр БОНХАЖЯ-нд боллоо. Байгаль орчны сайд Д.Оюунхорол нэн тэргүүнд хийх ажлынхаа жагсаалтад Зайсангийн уугуул иргэдийг гэрчилгээжүүлэхийг багтаасан. Энэ хүрээнд эхний ээлжинд 300 гаруй иргэнд газрын гэрчилгээ олгохоор болсон. Өнөөдөр эхний ээлжийн 19 өрхөд газрын гэрчилгээг нь гардуулж өглөө.

Хан Уул дүүргийн 4, 11 дүгээр хорооны өрхөд гэрчилгээг нь гардуулж өгсөн юм. Гэрчилгээ гардуулах ажиллагаанд БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролоос гадна тус хорооноос сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Болд нар ирэв.

600 гаруй иргэн бий

Богдхан уулын дархан цаазат газрын орчимд 1960 оноос өнөөг хүртэл үе удмаараа амьдарч буй 600 гаруй иргэн бий. Тэдний хувьд тусгай хамгаалалтын бүсэд амьдардаг учраас газраа өмчлөх, эзэмших боломжгүй байдаг. Тиймээс өнөөдрийг хүртэл газрын бичиг баримтгүй байжээ. Үүнээс үүдэн Зайсангийн орчимд барилга барих аж ахуйн нэгжийн дарамтанд байнга өртдөг талаар оршин суугчид учирласаар ирсэн билээ.

Таван жилээр гэрчилгээ олгоно

 

Зайсангийн орчимд 1960 оноос өмнө амьдарсан иргэдийн судалгааг БОНХАЖЯ-наас явуулжээ. Энд амьдарч буй 600 гаруй өрхөд ээлж дараалан газар ашиглах гэрчилгээ олгоно. Эхний ээлжийг ирэх долоо хоногтоо олгож дуусгах юм. Хуулийн хүрээнд эдгээр иргэдэд газар эзэмших гэрчилгээ олгох боломжгүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар хязгаарлалтын бүсэд зөвхөн аялал жуулчлал эрхлэх зориулалтаар таван жилийн хугацаатай газар ашиглуулах тухай заасан байдаг. Энэ заалтыг үндэслэн эдгээр иргэдэд таван жилээр газар ашиглах гэрчилгээ олгох юм. Нэг иргэнд 0.05 га-аас ихгүй газрын гэрчилгээ олгох аж. Гэхдээ эхний ээлжинд уугуул өрхүүдэд тодорхой шалгуур тавьж байна. Тухайлбал, инженерийн шугам сүлжээ, үерийн ам, далан, жалганд буугаагүй. Орц, гарц таглаж буугаагүй, газрын ямар нэг маргаангүй байх гэсэн шаардлагуудыг тавьж байна.

Б.ЗАЯА

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж