Японы сургалтын хөтөлбөр ажилчдыг мөлжиж байна

Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

Японы сургалтын хөтөлбөр ажилчдыг мөлжиж байна

Гурван зуны өмнө зургаан залуу Хятад бүсгүй илүү дээр ажил, цалин, амьдрал хайн өөр бусад олон арван мянган хүмүүсийн хамтаар жил бүр явагддаг Японы дагалдан сургах хөтөлбөрт хамрагдахаар Японд ирсэн. Гэвч тэд ирээд дагалдан хийхийн оронд бараг сургалтанд хамрагдалгүйгээр өдөрт 16 цаг цалингийн доод хөлснөөс ч бага урамшуулал аван гар утас угсарч байна хэмээн шүүмжилж байна. “Гадаад дагалдан” хэмээх энэ хөтөлбөрийг зарим хүмүүс аж үйлдвэржсэн Японы бохир нууц гэж үздэг. Энэ талаар “The New York Times” агентлагийн сурвалжлагч Хироко Табучи дараах байдлаар сурвалжилсан байна.

“Толгой маань өвдөж, хоолой хатдаг” гэж гар утасны товчлуур хэвлэдэг машин ажиллуулдаг 23 настай Жанг Ювей ярьж байна. Түүний машины эргэн тойрны агаар маш муу тул тэр хавиас хол бай гэж менежерүүд нь Япон ажилчидддаа зөвлөдөг гэнэ. Ажлын байрныхаа талаар Жанг бүсгүй өөр таван нутаг нэгтэнтэйгээ хамтран гомдол гаргасны дараа ажил олгогч нь түүнийг ажилуулахаа больсон байна. Өмнөх ажил олгогчийг нь шүүхэд өгч, учирсан нийт хохирол 207,000 ам.доллар төлүүлэхэд нь одоо Япон өмгөөлөгч тусалж байгаа гэнэ.

Шүүмжлэгчид гадаад дагалдан сургагч хөтөлбөрийг хүн ам нь маш хурдтай хөгширч байгаа тус улсын хөдөлмөрийн үнэлгээ хямдхан орны ажиллах хүчийг мөлжих үйл ажиллагаа болсон гэж ярьдаг. Гадаадын хөдөлмөрийн цагаачийг хангалттай хэмжээгээр ил тод авахаас зайлсхийдэг тус улс ажиллах хүчний ноцтой хямралтай бөгөөд ялангуяа өрхийн бизнес болон гар аргаар эрхэлдэг хөдөө аж ахуйн салбарт хүн хүчний ноцтой дутагдалтай.

“Дагалдан сургагч нартай буруу харьцах асуудал түгээмэл” хэмээн Токио хотод байрладаг хүний эрхийн хуульч Шойчи Ибусуки ярьж байна. Ази даяар ирсэн арван хэдтэйгээс 30 орчим хүртэл настай 190,000 дагалдан сурагч өнөөдөр Японы ферм, үйлдвэрүүдэд хөлсөө урсгаж байна. Тэднийг тус улсад техникийн хувьд хөгжүүлж, сургахаар Японы засгийн газрын санаачилсан олон улсын тусламжийн хөтөлбөрийн хүрээнд Японд авчирсан.

Бизнес салбарынхны хувьд засгийн газрын дэмжлэгтэй дагалдангийн хөтөлбөр нь гадаад ажилтан ажилд авах хуулийн цоорхой болсон. Гэвч хуулийн хамгаалалт бараг байхгүй тул гадаадаас ирсэн ажиллах хүчнийг ихэвчлэн маш муу, эрүүл мэндэд хортой нөхцөл байдалд ажиллуулж байна гэж шүүмжлэгчид ярьдаг. Японы засгийн газрын бүртгэлээс үзвэл 2005 оноос хойш тус улсад 127 дагалдан сурагч нас барсан байна. Энэ бол залуу хүмүүсийн хувьд харьцангуй өндөр үзүүлэлт гэж шинжээч нар ярьж байна. Нас барсан шалтгааны ихэнх нь цус харвалт, зүрх зогсох гэх мэт шалтгаанууд байгаа нь хэт их ажлын ачаалалтай холбоотойг харуулж байна гэж хүний эрхийн бүлгүүд үздэг.

2009 онд дагалдан ажилчидтай хууль бус харьцсан 400 гаруй тохиолдлыг Японы Хууль зүйн яам илрүүлсэн бөгөөд тэр дунд аюултай нөхцөл байдалд ажиллуулсан мөртлөө цалин хөлсийг нь олгоогүй тохиолдол ч байсан байна. Энэ сарын эхээр хөдөлмөрийн байрны шинжээчид зүрх нь зогссоны улмаас нас барсан 31 настай дагалдан сурагч Жианг Сиадонгийн үхлийн шалтгаан нь хэт их ажил байжээ гэсэн дүгнэлт гаргасан.

Хүний эрхийн бүлгүүдийн зүгээс үзүүлж буй шахалтууд болон дараалсан шүүх хурлуудтай холбоотойгоор Японы засгийн газар энэ хөтөлбөрийн ажилчидтай буруу харьцаж байгаа асуудлыг бууруулахаар арга хэмжээ авч эхлээд байна. НҮБ Японыг бүр энэ хөтөлбөрөө зогсоо гэж шаардаж байсан юм. Нэг жилийн турш цалингийн доод хэмжээнээс бага урамшуулал авч байсан дагалдан ажилын дараа гадаадаас ирсэн ажилчид тэрхүү чиглэлээрээ 2-3 жил хууль ёсны төвшинд цалин авах боломжтой болдог. Гэвч хөдөлмөрийн салбарын мэргэжилтнүүдтэй хийсэн ярилцлагаас үзэхэд гадаадын ажилчид барагтай бол тийм төвшинд цалинждаггүй байна.

Цаасан дээр бичсэн тоо нь гадаадын ажилчдад аятайхан сонсогддог. Ирдэг ажилчдын ихэнх нь жилдээ 750 ам.долларын орлоготой Хятадын хөдөө нутгаас ирдэг. Энэ хөтөлбөрт багтахын тулд тэд 750 ам.доллараас олон дахин их мөнгө орон нутгийнхаа зуучлагчдад төлдөг, зарим нь бүр өөрсдийн орон гэрээ барьцаанд тавьдаг бөгөөд хэрвээ тухайн ажилтантай холбоотой асуудал үүсэх юм бол гэрийг нь хурааж авах тохиролцоо хийсэн байдаг байна.

Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлдэг Японы Олон Улсын Сургалтын Хамтын Ажиллагааны Байгууллага болох “Jitco” зарим компаниуд энэ хөтөлбөрийг буруу ашигладаг бөгөөд тийм тохиолдлуудыг илрүүлж, арга хэмжээ авч бууруулахыг чармайж байна гэж ярьсан. Түүнчлэн “дагалдан сурагчдыг хууль зүйн хувьд хамгаалж, залилуулж, мэхлүүлэхгүй байхад анхаарахаар төлөвлөж байна” гэж бичгээр мэдэгдсэн байна. Жанг бүсгүй энэ хөтөлбөрт оролцохын тулд төрөлх Хэбэй муж дахь зуучлагчид 8,860 ам.доллар төлсөн гэнэ. Түүнийг ирэхэд нь “Sharp” компанийн зардаг гар утсыг үйлдвэрлэдэг “Modex-Alpha” компанийн цехэд хуваарилсан бөгөөд түүнийг очиход ажил олгогч нь түүний пасспортыг хураан авч, ямарч халаалтгүй эвдэрхий байшинд өөр таван сурагч дагалдагчтай хамт оруулсан байна.

Эхний жилдээ Жанг өдөрт найман цаг ажиллаж байсан бөгөөд цалингаас нь янз бүрийн суутгал татсаны дараа гар дээрээ 660 ам.доллар авч байв. Шүүхэд өгсөн нэхэмжлэлээс нь үзвэл энэ нь цагт 3.77 ам.доллар болох бөгөөд энэ нь Хирошима хотод мөрдөгддөг цалингийн доод хэмжээний талтай тэнцэнэ. Түүнээс гадна түүний цалингаас сар бүр 170 ам.долларыг ажил олгогч компани нь хүчээр авч үлддэг байсан бөгөөд Жанг цалингаа бүтнээр авна гэж нэлээд шахсаны дараа л компани нь түүнд цалинг нь бүтнээр нь олгосон гэнэ.

Хоёр дахь жилдээ түүний сарын цалин 1,510 ам.доллар болж өссөн, энэ нь цагийн 7.91 ам.доллар гэсэн үг. Гэсэн ч энэ нь Хирошимо хотын цахим бүтээгдэхүүний салбарт мөрдөгддөг цалингийн доод хэмжээ цагийн 8.56 ам.доллар гэдгээс бага хэмжээ. Гэхдээ түүний ажил олгогч нь цалингаас нь байр болон бусад зардалд гээд нэлээд хэсгийг нь суутгаж авч үлддэг байсан тул тэр гар дээрээ 836 ам.доллар авч байжээ. Цалин нь нэмэгдэхийн хэрээр ажлын цаг нь уртсаж байсан бөгөөд заримдаа долоо хоногт зургаан өдөр, хоногт 16 цаг хүртэл ажиллах тохиолдол байсан. Компанийнх нь эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор “Modex-Alpha” Жанг бүсгүйн дансны талаар ярихаас татгалзсан байна.

Энэ хөтөлбөрийг цэвэрлэж, эрүүлжүүлэх зорилтын хүрээнд Японы засгийн газар энэ 7 сарын 1-нээс эхний жилдээ ажиллаж байгаа дагалдан сурагчдад цалингийн доод хэмжээгээр цалин өгөх ёстой гэсэн хууль хэрэгжүүлж эхэлж байна. Түүнчлэн ажилчдын пасспортыг хурааж авахыг Засгийн газраас хоригложээ. Гэхдээ энэ хөтөлбөрийн соёлыг өөрчлөхөд хэцүү гэж мэргэжилтнүүд ярьж байна. “Toyota”, “Mazda” зэрэг том компаниуд үйлдвэрээ ажиллах хүчний зардал багатайгаар нь Хятадруу шилжүүлсэн. Харин жижиг бизнес эрхлэгчид тэгж нүүх бололцоо байхгүй хэдий ч зардлаа бууруулах шаардлагатай байгаа. Хэрвээ эдгээр бизнес эрхлэгчид Япон ажилчин авч ажиллуулсан бол тэд өндөр цалин төлөх ёстой байсан. Харин дагалдан ажилчид хамгийн бага цалингаар ажиллаж байгаа.

Филиппинээс ирсэн 28 настай Катерин Лопез Японд гурван жил болж байгаа бөгөөд заримдаа долоо хоногт зургаан өдөр, хоногт 14 хүртэл цаг ажилладаг ба Японы автомашин үйлдвэрлэгч “Mazda”-д тоног төхөөрөмж нийлүүлэгч компанид ажилладаг. Тэр сард 1,574 ам.долларын цалин авч байгаа нь цалингийн доод хэмжээнээс доогуур байна. “Kajiyama Tekko” компанийн менежерүүд байнга үг хэлээр доромжилж, хатуу ширүүн харьцдаг бөгөөд хэрвээ үгэнд нь орохгүй бол “Филиппинрүүгээ буцаж сэлээрэй” гэж загнадаг хэмээгээд “Бид Японд өндөр технологи эзэмших гэж ирсэн” гэж Лопез ярьж байна. Харин түүний ярьсныг “Kajiyama Tekko”-гийн менежерүүд үгүйсгэж байгаа бөгөөд “Хэрвээ энд байх нь тэдэнд таалагдахгүй байвал тэд гэртээ харьж болно” гэж хэлж байна.

Энэ талаар “The New York Times” сэтгүүлийн сурвалжлагч лавлаж, ярилцлага авсны дараа Хирошима хотод дагалдангийн хөтөлбөр хэрэгжүүлдэг “Ateta Japan” компани “Kajiyama Tekko”-г Лопезд цалингийн болон амралтын өдрүүдийнх нь цалинг бодож нөхөн олгохыг зөвлөсөн гэнэ. “Тэд дагалдан сурагч нарыг дэндүү шахаж байна. Гэхдээ эдийн засаг хүнд байгаа болохоор компаниудын байр суурийг бас ойлгох хэрэгтэй” гэж “Ateta”-гийн ерөнхийлөгч “The New York Times”-ын сурвалжлагчид ярьжээ.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж