Д.Сумъяа &#34Универсиад&#34 наадмын аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2015.07.06-нд нийтлэгдсэн

Д.Сумъяа &#34Универсиад&#34 наадмын аварга боллоо

-Хэдхэн хоногийн өмнө "Чингис хаан" гранприд түрүүлсэн Д.Сумъяа дэлхийн оюутны "Универсиад" наадмын аварга боллоо-

Дэлхийн оюутны зуны Универсиад XXVIII наадам БНСУ-ын Гванжу хотод үргэлжилж байна. Өнөөдөр манай тамирчдаас жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан ОУХМ Д.Сумъяа Хорватын А.Бекичийг даралтаар ялж, алтан медаль хүртлээ.

Д.Сумъяа БНСУ, АНУ, Францын бөхчүүдийг ялж, хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болсон. Улмаар зооны аваргын төлөө Японы бөх Ямамото Анзуг торгуулиар ялж, Хорватын бөх Андреа Бекичтэй барилдахаар шалгараад байсан. Шигшээ барилдаан Улаанбаатарын цагаар 18.40-д эхэлж, манай бөх өрсөлдөгчөө цэвэр ялснаар "Универсиад-2015" наадамд өрсөлдөж буй Монголын тамирчдын анхны алтан медалийг хүртлээ.

Д.Сумъяагийн хувьд долдугаар сарын 3-нд Улаанбаатар хотноо болсон "Чингис хаан" гранпри тэмцээнд зодоглон, түрүүлж, маргааш нь БНСУ-ыг зорьсон юм. Дөрөв хоногт хоёр том тэмцээний аварга болно гэдэг ховор амжилт.

Монголын шилдэг жүдоч бүсгүйн талаарх шинэ мэдээлэл дуулгахад, долдугаар сарын 5-нд буюу өчигдрийн шинэчилсэн үзүүлэлтээр Д.Сумъяа эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Дэлхийн чансааг тэргүүлж байна.

"Gwangju-2015" оюутны Универсиадын аварга, ОУХМ Д.Сумьяа энэ наадамд түрүүлсэн Монголын дөрөв дэх жүдоч болж байна. Түүнээс өмнө Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч Халиуны Болдбаатар Монголын жүдочдоос анхлан Универсиад наадамд түрүүлж байсан бол Гавьяат тамирчин Хишигбатын Эрдэнэт-Од, Мөнхбаатарын Бундмаа нар аваргын алтан медалийн буухиаг үргэлжлүүлж байжээ.


Ийнхүү "Универсиад" наадмын гурав дахь өдөр Монголын баг тамирчид нэг алт, нэг хүрэл медаль хүртлээ. Эрэгтэйчүүдийн 50 метрийн сонгомол гар бууны дасгалд Монголын баг хүрэл медаль хүртсэн юм.

Тэмцээний гурван өдрийн дараах байдлаар БНСУ 10 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол БНХАУ (8+6+5), Япон (8+5+7), Итали (4+4+6), Франц (4+3+3), АНУ (4+1+4), ОХУ (3+11+7) II-VII байрт бичигдэж байна. 33 орон ямар нэгэн медаль хүртээд байгаагаас манай баг тамирчид өнөөдөр анхныхаа медалийг авч жагсаалтын 13-р байрт бичигдэж эхэллээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж