ХҮН нам “Хөдөлмөрч хүмүүс”-ээр эгнээгээ тэллээ

Хуучирсан мэдээ: 2015.07.25-нд нийтлэгдсэн

ХҮН нам “Хөдөлмөрч хүмүүс”-ээр эгнээгээ тэллээ

Саяхан Сонгино Хайрхан, Налайх болон Хан–Уул дүүрэгт анхан шатны нэгжүүд, салбар хороогоо байгуулсан Хөдөлмөрийн Үндэсний Нам олон нийтийн хүчтэй дэмжлэг, талархал хүлээсээр байгаа билээ. ХҮН намд нэгдэх хүсэлтэй хэдэн арван мянган  эгэл жирийн  хөдөлмөрчид, иргэдийн хүсэлтийг хүлээж авсаны нэгэн илэрхийлэл болж өнөөдөр хөдөлмөрч иргэд Хөдөлмөрийн Үндэсний Намд нэгдэн орж байна.

“ХҮН”- намын төлөөлөл болсон шинэ гишүүд нь улс орныхоо ирээдүйд сэтгэл тавин Хөдөлмөрийн Үндэсний Намын мөрийн хөтөлбөр болон “МОНГОЛ ЗОРИЛГО”-д хүрэхэд өөрийн хүч чадал, ажил амьдралын арвин баялаг туршлагаа хуваалцахаар зорин ирсэн тэдэнд Хөдөлмөрийн Үндэсний Намын батлахыг намын дарга С.Боргил гардууллаа.

Намын дарга Боргил намд шинээр элссэн гишүүддээ хандан “…Чадварлаг, мэдлэгтэй, маргаашдаа сэтгэл хангалуун, хөдөлмөрч “Монгол Хүн” бий болж байж улс орон маань хөгжихийг дэлхийн хөгжлийн түүх бидэнд харуулж байна. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд “Монгол Хүн”-ийг зөвхөн өөрийн явцуу эрх ашигтаа л ашиглаж бусад үед нь мартсан, өнөө маргаашаас цааш харж чадаагүй улс төрчдийн харалган бодлого “Монгол Хүн”-ийг тэжээвэр – хамааралтай нэгэн болгож байгаа нь нууц биш юм. “Улс баян бол Улс төрчид баян” гэсэн нийтээрээ хүлцэнгүйгээр хүлээн зөвшөөрчихөөд байгаа гутамшигт ойлголтоо арчин хаях учиртай.

Ямар ч улсын хөгжлийн хамгийн гол үндэс нь хүн өөрөө. Бид социализмаас одоогийн ардчилсан чөлөөт эдийн засаг гэгдэх тогтолцоонд орохдоо нийгмийн маш олон үнэт зүйлс, ололтоо нүд үзүүрлэж хаясан. Эдгээр хөсөр хаягдсан үнэт зүйлсийн нэг нь улс орны хөгжлийг авчирах ёстой хөдөлмөрч Монгол Хүн байсныг олж харалгүй баллуурдсан. ХҮН нам, Бид энэ харалган бодлогод цэг тавихаар ирсэн!

Манай нийгэмд хунгарласан олон асуудлын зангилааг тайлах бүх боломж нөөц бидэнд бүрэн бий. Биднийг туйлдуулж байгаа энэ “хунгар”-ыг арилгахаар өнөөдөр бидэнтэй эгэл жирийн хөдөлмөрийн хүмүүс хүч нэмж гар бие оролцохоор, сэтгэл зүрхний дуудлагаараа ирсэн байгаад бид баяртай байна…” гэж хэллээ.

 

Хөдөлмөрийн Үндэсний Нам

2015 оны 7-р сарын 22-ны билэгт сайн өдөр

Утас: 7700-2016,  7000-5678

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж