&#34Эрдэнэцагаанчууддаа зориулж дөрвөн дуу бүтээсэн&#34

Хуучирсан мэдээ: 2015.07.31-нд нийтлэгдсэн

&#34Эрдэнэцагаанчууддаа зориулж дөрвөн дуу бүтээсэн&#34

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Егүзэр хутагт Ж.Галсандашийн нэрэмжит сургууль 90 жилийн ойгоо  тэмдэглэж  байна. Тус сургуулийн 1980 оны төгсөгч, Эрдэнэцагаан сумын Засаг дарга, МЗЭ-ийн шагналт яруу найрагч С.Амартайваны хүүхэд насаа дурсч бичсэн шүлэг  түүний ус нутгийнхандаа зориулсан дөрөв дэх дуу, тэр дотроо сургуулийнхаа ойд барьсан бэлэг болжээ. Дуу төрсөн түүхийг сонирхлоо.

-1921 оны Ардын хувьсгалын дараахан байгуулагдсан анхны сургуулийн нэг дуутай болжээ. Энэ дууг  зорьж хийв үү, эсвэл?

-Сургуулийн тухай дуу хийе гэж бодсонгүй. Хүүхэд насаа дурсч бичсэн шүлэгт маань Д.Цэвээнравдан багш ая хийснээр дуу боллоо. Нутаг усандаа зориулсан дөрөв дэх дуу болсонд нь баяртай байна. Сургуулийн маань ойн баярын нээлтэд, миний уран бүтээлийн сайхан анд, Монгол Улсын  гавьяат, дуучин С.Ганзориг маань ирж дууллаа.

-Өмнө нь ямар дууны уран бүтээл хийв?

-Ер нь бол олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн дөрвөн  дуу бий. “Олонтой явсан аав”  дуундаа  Харгилтай, Бургалтайн гол, Хатгин хошууны ахан дүүсээ дурсч, нутгийнхаа  уул ус,  зон олны тухай дууны  урлагт оруулсан. Мөн  “Наран мандах нутаг” гэж дуу бий.  2006 онд манай суман   дахь Хилийн цэргийн 0146 дугаар ангийн ой болсон юм. Тэр үеэр “Чоно голын Хилийн хороо”  дууны шүлэг бичиж,  Д.Цэвээнравдан багш  ая хийж, Төмөр замын чуулгын гоцлол дуучин Б.Батболд дуулснаар хилийн хорооны  сүлд дуу болсон.Сургуулийн тухай дуу хийснээр би ус нутгийнхандаа мэргэжлийн  дөрвөн дуу  хийж өглөө.

-Дууны цогцолбор байгуулаач гэсэн  саналууд гарч байгаа гэж сонссон?

 -Эвтэй дөрвөн амьтан шиг, дөрвөн улирал шиг  дөрвөн дуу хийлээ.  Ирээдүйд  дурсгалын  хөшөөт  цогцолбор хийе гэсэн санааг хүмүүс хэлдэг. Олон нийтээс санаачилга гарвал би татгалзахгүй.  

 

С.Ганзориг: Хутагтын хүүхдүүдэд сайн сайхан бүхнийг хүсье  

Монгол Улсын гавьяат жүжигчин С.Ганзориг дууны тухай, уран бүтээлч андынхаа тухай ингэж ярьж байна.

-Улаанбаатараас ирэх очихын мянга шахам км аялж, “Эрдэнэцагааны сургууль минь” дууг нутагт нь очиж, сургуулийнх нь нээлтэд дуулж өгсөн байна. Энэ тухай сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Ардын хувьсгал ялсны дараахан Д.Сүхбаатар жанжин ардын сургууль байгуулах тухай шийдвэр гаргаснаар байгуулагдсан анхны сургуулийн нэг, дээр нь Зүүн бүсийг илбэн тохинуулах сайд, Халхын 13 тамгатай хутагтын нэг Егүзэр хутагт Ж.Галсандашийн нэрэмжит түүхт сургуулийн ойд очиж хүндэтгэл үзүүлж  дуулсандаа баяртай байна. Дууны шүлгийг миний уран бүтээлийн анд, сайн нөхөр, яруу найрагч С.Амартайван бичсэн. Бид үүнээс гадна ганц хоёр уран бүтээл хамтарч хийсэн. Бид уран бүтээлээс гадна эр хүний хувьд сайхан нөхөрлөдөг сайн найзууд.  С.Амартайван маань шулуун шударга зантай, хүнтэй сайхан нөхөрлөдөг жинхэнэ эр хүн дээ.

-Та Эрдэнэцагаан суманд олон очиж байв уу?

-С.Амартайваныхаа урилгаар цөөнгүй удаа очсон. Намайг нутагтаа ирлээ гээд найз маань надад хурдан удмын адуу бэлэглэж байлаа. Энэ зун Эрдэнэцагаанд  зуншлага сайхан байгаа юм байна. Хутагтын сургуулийнхаа  түүхэн ойг тэмдэглэж  байгаа нутгийн ард түмэн бол Хутагтын хүүхдүүд юм. Хутагтын нутгийнхан, Хутагтын хүүхдүүдэд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

 

Хөгжмийн зохиолч: Урлагийн гавьяат зүтгэлтэн  Д.Цэвээнравдан

Шүлгийг:  МЗЭ-ийн шагналт яруу найрагч С.Амартайван

Дуучин: Монгол Улсын гавьяат жүжигчин С.Ганзориг

 

ЭРДЭНЭЦАГААН СУРГУУЛЬ МИНЬ

Дорнын талаасаа шижиртэн гийсэн

Домогт хутагтын номын гэгээтэй

Дөрвөн хүчтэн мэт уулсын дундаасаа

Дөрөөнд минь хүргэсэн миний сургуулиа

Дахилт:  Эцгийн минь гэр шиг үргэлж дулаахан

Эрдэнэцагааны сургууль минь ээ

Эвсэг найрсаг хүүхдийн дуутай

Эрдэм номын  өргөө минь ээ

Алдрайхан багад минь гараас минь дагуулсан

Ангийн минь багшийн даруухан төрхтэй

Аминчлан бидэнд таниулж өгсөн

Алтан номын хуудсын чимээтэй

Дахилт:

Гэнэхэн зангаараа хөглөж явсан

Гэрэлт насны минь ариухан дурсамжтай

Холдох тусмаа биесээ үгүйлдэг

Хонгор багын ангийн нөхөдтэй

Дахилт:

Эрдэм чадлаараа тодорч гарсан

Эрхэм мэргэдийн гэгээн мөртэй

Эгнэгт цагийн буурал түүхэнд

Эрдэнэцагааны сургууль минь гавъяатай.

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж