Үзэх юмтай, ярих сонинтой даншиг

Хуучирсан мэдээ: 2015.08.09-нд нийтлэгдсэн

Үзэх юмтай, ярих сонинтой даншиг

Наймдугаар сарын намрын нар налгар нар ээсэн өдрүүдэд Хүй долоо худагт Монголын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан даншиг наадмыг зохион байгуулж байна.

Даншигийн үеэр хүчит бөх барилдаж, дөрвөн насны морь уралдаж,  сур харвах тэмцээнээс гадна  бурхан шашны зан үйл болох цам харайх ёслолыг зохион байгуулснаас гадна лам хуваргуудын дунд ном хаялцах, ур чадвараа гайхуулах зэргээр өөлсөн хүнд эдийн засгийн хямралтай үед багагүй хөрөнгө зарцуулсан, таалсан хүнд Монголын шашны уламжлалыг сонирхуулсан сайхан  арга хэмжээ болж байна. Тодруулбал, даншиг наадмын хүрээнд дөрвөн насны морьдын уралдаан болж 256 бөх барилдаж, 340 харваач цэц мэргэнээ сорьж, 600 лам номын дуу сонсгож,  лам нар цам харайж, ном хаялцлаа.  Бөх нь найраагүй, морьд нь будилаангүй Үндэсний их баяр наадмаас илүү сайхан, илүү тайван, харсан , сонссон, дуулсан олонтой даншиг  болж байгаад иргэд хүртэл ам сайтай байна.

Эдийн засаг хямралтай дээр нь  зарим нутгуудад ган гачиг болж, газар тариалангийнхаа тодорхой хэсгийг алдахад хүрсэн, мөн мичин жилийн хатуухан өвөл айсуй байхад нийслэлчүүд даншигдаад суух нь зарим хүмүүст таалагдахгүй байгаагаа ч илэрхийлсэн.  Үнэндээ энэхүү арга хэмжээг  нийслэлийн Бурханы шашны сүм хийдүүдээс зохион байгуулж, түүнийг нь Нийслэлийн  Засаг даргын Тамгын газраас дэмжиж ажилласан  буруу нь юундаа байгааг олсонгүй.

Эдийн засаг хямралтай байгаа нь үнэн. Газар тариалангийнхаа тодорхой хэсгийг ган, гачигт алдаж байгаа нь ч үнэн. Гэвч, тэнд болж байгаа асуудлыг сүм хийдүүдээс зохион байгуулж буй даншигт хамааруулах нь утгагүй. Тэгээд ч  чухамдаа бол Монголд нүүрлэсэн эдийн засгийн хямралаас баяр наадмуудаас болчихсон юм биш болов уу.  Засаглалын хямрал нүүрлэж, улс төрийн тогтворгүй байдал үүсгээд байгаа намуудын толхилцоон, мөн хууль эрх зүйн тогтворгүй орчин, хуулийнхны дарамт шахалт, эх орончдын зүгээс үзүүлдэг эсэргүүцэл гээд олон асуудлаас болж эдийн засаг хямарч байгааг ойлгох хэрэгтэй биз.

Түүхчид даншиг наадмыг Монголын үндэсний их баяр наадмын нэг байсан гэж тайлбарлаж буй. Анхны даншиг өргөх ёслол 1963 онд Халхын анхдугаар Богд Жавзандамба хутагтыг залах ёслолын үеэс үүдэлтэй гэнэ.  Энэ Манж Чин улсад дагаар орохоос өмнөх үйл явдал. Тиймээс урвагчийн ойг тэмдэглэлээ гээд байгаа хүмүүс түүхээ сайн судалж, уншихыг түүхчид зөвлөж байна.

Бурхан шашны төв Гандантэгчилэн хийдээс хаа нэг хүрээ цам ёслолыг зохион байгуулахаас өөрөөр шашны томоохон баяр, ялангуяа лам нарын ур чадвар, мэдлэгийг сорьсон тэмцээн наадам урьд өмнө нь төдийлөн зохиогдож байгаагүй билээ.

Харин нэг сумаар хоёр туулай буудна гэгчээр  сүм хийдүүд шашин, соёлын томоохон арга хэмжээг  сүүлийн 25 жилийн хугацаанд анх удаа зохион байгуулж байгаа бол Нийслэлийн Засаг даргын Тамгын газар үүгээр дамжуулан Монголоо сурталчилж, “Найрсаг Улаанбаатар”-ынхаа хүрээнд гадаадын жуулчдыг татах сонирхолтой байна. Даншиг наадмын хүрээнд Үндэсний их баяр наадмаас ч илүү жуулчивд цугларсныг албаны хүн тодотголоо. Жуулчид ч урьд өмнө нь ийм даншиг үзээгүй, их сонирхолтой байгааг телевизээр ярьж байна лээ.

Нөгөөтэйгүүр, сум орон нутаг, сургуулийнхаа ойд монголчууд хандив өгөхдөө гар татдаггүй. Нэр нүүрээ бодсондоо ч тэгдэг  биз.  Харин даншиг наадам зохион байгуулах сургаар бүгдээрээ л сумын баяр, аймгийн баяр, тэр ч бүү хэл сургуулийн баяр хийдэггүй юм шиг хийрхэж болохгүй биз дээ. Ямар жил бүр даншигдаад байгаа биш. Тэгээд ч бурхан шашны сүм хийдүүд нийлж, Шарын шашны анхны тэргүүн буюу анхдугаар Богд Жавзандамба хутагтынхаа мэлмий гийсний ойг тэмдэглээ биз.  Өндөр гэгээний шашин-төрийн зүтгэлтэн гэдэг утгаар нь биш гэхнээ уран бүтээлчийнх нь хувьд  мэлмий гийсэн өдрийг нь тэмдэглэхэд буруу нь юу байна.

Жалга довоороо талцаж, хөрөнгө мөнгөөрөө аархаж, бөх нь зодоонтой, морь нь будилаантай  болдог аймаг сумдын наадмаас Хүрээний даншиг харин ч илүү үзэх юм ихтэй, ярих сонин олонтой, олон ламын номын буян хурсан сайхан наадам болж байх шиг.

Тэгээд ч энэ хүний тухай УИХ-ын дарга З.Энхболд “Өндөр гэгээн Занабазар олон үеийн турш Монголын тусгаар тогтнол, төр эрхэмсэг байхын бэлгэдэл, Монголчуудын нэрийн хуудас болж ирсэн “Соёмбо” үсгийг бүтээсэн бөгөөд энэхүү “Соёмбо” монголчууд туурга тусгаар, төрийн бүрэн эрхт байдлаа хадгалж байгаа цагт төрийн далбаан дээр өнө мөнхөд орших болно.Тэрээр монголчуудыг эвтэй найртай байлгахын төлөө ухаанаа уралдуулж, санаагаа сааж байсан суут сэтгэгч эрдэмтэн, сэтгэлгээний ур, хаялгаараа их соён гэгээрүүлэгч, Манжийн хааны Монгол руу явуулах бодлогыг ухааны даац, цөлхөөрөө зөөллөж чадсан улс төрийн том зүтгэлтэн байсан гэдгийг эдүгээ эрдэмтэд нотолж байна. Тийм ч учраас Монголын төр засаг энэ их хүний мэлмий гийсний 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргаж, дэлхийн эзэнт улсын нийслэл байсан Хархорин хотноо зохион байгуулж байгаа нь утга зохицолтой юм” гэдгийг хэлсэн үгэндээ хүртэл онцолсон байна лээ. Хүрээ даншиг үзсэн хүмүүс бөх, морь, сураас нь илүү шашин соёлын арга хэмжээнд нь анхаарлаа хандуулж байгаа нь илт. Хүй долоо худагт  олон арга хэмжээ болж байгаагаас лам нарын ном хаялцах, цам харайх ёслолыг олон хүн үзэж байна лээ.

Жалга довоороо талцаж, хөрөнгө мөнгөөрөө аархаж, бөх нь зодоонтой, морь нь будилаантай  болдог аймаг сумдын наадмаас Хүрээний даншиг харин ч илүү үзэх юм ихтэй, ярих сонин олонтой, олон ламын номын буян хурсан сайхан наадам болж байх шиг.  

                                                                         Т.СОЛОНГО

Гэрэл зургийг Э.ЭНХБАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж