“Хуульч news” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2015.08.12-нд нийтлэгдсэн

“Хуульч news” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдлээ

Хуульч, өмгөөлөгч Д.Түвшинтамирын гоёмсог зураг бүхий “Хуульч news” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн уншигчдынхаа гар дээр очлоо.

Шинэ дугаарын зочноор ардын жүжигчин, төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноров уригдаж эрх зүйн сэдвээр өөрийн санаа бодлыг энгүүн сайхан хүүрнэжээ. Нэгэн үе УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж, төр түшилцэж явсан нэрт хөгжмийн зохиолч Монгол Улсын Ерөнхийлөгч Зөвлөхүүдийн танхимтай байх ёстой тухай асуудлыг хөндсөн байна. Энэ санааг “Мандухай цэцэн хатан” кинонд Сатай сайдаар төлөөлүүлж гаргасныг дурдаад “Өнөөдөр манайд агуулгаараа хаан байна, хатан байна, ноёд байна, харин Сатай шиг сайд л алга” гэдгийг онцолсон нь уншигчдын сонирхлыг татах нь гарцаагүй.

Сэтгүүл дугаар бүртээ хөнддөг сэдвийн нэг нь Ёс суртахуун. Энэ удаа хуульч З.Сүхбаатар ёс суртахууны гэм хорын талаар судалгаа, шинжилгээ, дүгнэлт бүхий дорвитой өгүүлэл бичсэнийг сонирхох боломж бүрдлээ.

Монголын хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хороо, Хуульчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал эрхэлсэн хороо хамтарч мэргэжлийн хуульчдын дунд нэгэн судалгаа хийжээ. Судалгаагаар Шүүхэд төлөөлөх эрхтэй хуульч болгон хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангалттай хамгаалж чадахгүй байгаа нь харагдсаныг хийгээд цаашид хэрхэх тухай судалгааны багийнхны гаргасан дүгнэлт, арга замыг сэтгүүлийн энэ дугаарт багтаасан байна.

Хуульч, өмгөөлөгч Х.Цогтсайханы “Гэгээрэл” нийтлэл уншигчдад нэгийг өгүүлж, хоёрыг бодуулах нь дамжиггүй. “Эхлээд иргэн, дараа нь хууль ба хуулийн үйлчилгээ” хэрэгтэйг зохиогч онцлоод Монголд хууль хэрэгжүүлэх иргэнээ бэлтгээгүй учир ямар ч шатанд хууль хэрэгжихгүй байгаа талаарх асуудлыг хөндсөн нь нийтлэлийг сонирхолтой болгожээ.

Мөн гавьяат хуульч, шүүгч Б.Сарантуяа, гавьяат хуульч, өмгөөлөгч Г.Оюунцэцэг нарын нэг ангийн анд, Прокурорын албанд нэгэн насаараа хоёргүй сэтгэл гарган зүтгэсэн гавьяат хуульч Т.Жадамбаагийн бага насны нандин дурсамжийг сонирхъё гэвэл, 47 орны 77 салбартаа 4200 хуульчийг ажиллуулж, жилд хоёр тэрбум гаруй ам.долларын орлого олдог “Бэйкэр энд Маккензи” фирмийн дараагаар дэлхийд эхний аравт жагсдаг хууль зүйн ямар фирмүүд байдгийг мэдье гэвэл та “Хуульч news сэтгүүлийн шинэ дугаарыг уншаарай.

Тус сэтгүүлийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын дэлгүүрт борлуулж байгааг энэ дашрамд дуулгая.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж