Хуримтлал үүсгэж, амьдралаа тордож байна

Хуучирсан мэдээ: 2015.08.27-нд нийтлэгдсэн

Хуримтлал үүсгэж, амьдралаа тордож байна

Иргэд айл хөрш, хамт олноороо нэгдэн бүлэг болж сар тутамд өрхийн орлогоосоо 20-30 мянган төгрөгийг нийлж, хуримтлуулан эдийн засгийн эргэлтэнд оруулж буй таатай мэдээлэл байна. Тодруулбал иргэд хэд хэдээрээ нийлж хуримтлал үүсгэн, сан бий болгож амьдрах орчин нөхцлөө өөрсдөө сайжруулж, ногоо тарих, тахиа үржүүлэх, бэлэг дурсгал, хувцас хэрэглсэл, урлах оёх зэрэг бичил бизнесийг амжилттай хөгжүүлэн амьдарч байна.  Одоогоос таван жилийн өмнө буюу 2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн олон нийтийн оролцоот хөгжлийг дэмжих зарлиг гарч хуримтлалын бүлэг ингэж хөгжих үндэс болсон тухай Санхүүгийн зохицуулах хорооны газрын дарга Н.Оюунчимэг ярьлаа. Харин Азийн хөгжлийн банкнаас бичил бизнесийг дэмжиж Япон улсын Засгийн газрын 2.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн төслийг хэрэгжүүлжээ. Ингэхдээ иргэдийн бичил бизнес, жижиг дунд үйлдвэрлэлд шаардагдах тоног төхөөрөмжийг нийлүүлэх, санхүүгийн боловсрол олгох хэд хэдэн удаагийн үйл ажиллагааг явуулсан байна. Учир нь зарим иргэдийн хуримтлалын хөрөнгө бэхжиж, бэлэн мөнгөө эргэлтэнд оруулж, ашиг хүртэх зарчмаар хэрэгцээтэй нэгэнд зээлийн үйлчилгээ үзүүлэх хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа руу шилжих сонирхолтой байдаг гэнэ.

Жишээлбэл Төв аймгийн Баянчандмань сумын иргэн Ч.Чулуунцэцэг гуайн бүлэг 2009 онд найман гишүүнээс бүрэлдэж, сард 30 мянган төгрөгийн хуримтлал үүсгэж эхэлжээ. Эхний жилдээ тэд өөрсдийнхөө амьдрах орчин, өдөр тутмын хэрэгцээндээ хуримтлалын мөнгөө зарцуулдаг байсан бол одоо жижиг дунд үйлдвэрлэлдээ хуримтлалын мөнгөө зориулж, тэндээсээ ашиг олдог болсон байна. Харин Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн Б.Саруулмаагийн бүлгийн тухайд гишүүд нь тогтмол орлогогүй, амьдралын боломж тааруу байдаг учир хуримтлалын хөрөнгөөрөө өдөр тутмын амьдралдаа зориулж, мөнгөний хэрэгцээтэй нэгэндээ зээлж, санхүүгийнх нь асуудлыг шийддэг юм.

2010 онд Азийн хөгжлийн банкнаас монголчууд хуримтлалын талаар хэр ойлголттой вэ, сарын орлогоо хэр зөв зохистой зарцуулж байна вэ гэсэн судалгааг явуулахад нийт хүн амын 70 хувь нь өрхийнхөө сарын хэрэгцээний мөнгийг арай ядан олдог гэсэн байна. Харин 2015 онд дахин дээрх судалгааг явуулахад судалгаанд хамрагдсан иргэдийн тал нь хуримтлал үүсгэх шаардлагатай юм байна. Гэхдээ арай ядан хүрдэг сарын орлогоо хэрхэн яаж, тооцоолж хуримталын мөнгө гаргах вэ гэсэн асуултыг тавьжээ. Өөрөөр хэлбэл иргэдийн дунд мөнгийг өнөөдөр хадгалаад маргааш хэрэгцээт зүйлээ хэрхэн яаж зарцуулах вэ гэдэг эдийн засгийн ойлголт дутмаг байдаг гэсэн судалгааны дүгнэлт гарчээ.

Д.УУДАМ

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж