Angelina Jolie Москвад хүрэлцэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.07.26-нд нийтлэгдсэн

Angelina Jolie Москвад хүрэлцэн ирлээ

Холливудын супер од Angelina Jolie-гийн гол дүрд нь тоглосон тагнуулч бүсгүйн тухай өгүүлэх “Salt” кино өчигдөр манай хойд хөршийн нийслэл Моксва хотноо нээлтээ хийжээ. Оросын тагнуулч хэмээн буруутгагдсан Evelyn Salt бүсгүйн ээдрээтэй амьдралын талаар өгүүлэх тус киноны Москва дахь нээлтэд оролцохоор Jolie дөрвөн хүүхдийнхээ хамт хүрэлцэн ирсэн байна. Тус хотын “Октябрь” кино театрт киноны нээлтийн ажиллагаа болсон бөгөөд улаан хивсний ёслолд Jolie урт, улаан өнгөтэй тансаг Versace-гийн даашинзаар гоёсон байжээ. Дэлхийн хэмжээний супер од жүжигчин бүсгүйтэй уулзахаар Оросын мянга мянган шүтэн бишрэгчид кино театрын гадна цугласан байсан бөгөөд Angelina Jolie тэдэнтэй “Добрый вечер” хэмээн тун тааламжтай мэндэлж байсан гэнэ.

Тэрбээр мөн киноны нээлтээс гадна их хотын амьдралтай танилцана гэдгээ илэрхийлсэн байна. Jolie хүүхдүүдийнхээ хамт Москва хотын Ritz Carlton зочид буудалд тухалсан бөгөөд түүнийг ирсний дараа тус зочид буудлын удирдлага нэг ажилтнаа халахаар өөр аргагүйд хүрсэн ажээ. Учир нь Холливудын од жүжигчин Москвад ирэхээсээ өмнө тус зочид буудлын менежментийн албатай гэрээ байгуулж, түүний Ritz Carlton-д байрлах үеэр ямар ч видео болон фото зураг авалт байх ёсгүй хэмээн тохиролцсон боловч Jolie-г ирэх үеэр зочид буудлын ажилтан түүний зургийг авах гэж оролдоод баригдсан тул ажлаасаа халагдахад хүрсэн байна.

“Salt” киноны тухайд өнгөрөгч баасан гаригт Хойд Америкт нээлтээ хийсэн бөгөөд дэлгэцнээ гарч эхэлсэн эхний амралтын өдрүүдэд 36,5 сая ам.долларын орлого олж, box office-ын шилдгүүдийн жагсаалтын хоёрдугаарт бичигдээд байгаа юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж