Бээжинд болох Цэргийн ёслолын жагсаал 11.00 цагаас эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2015.09.02-нд нийтлэгдсэн

Бээжинд болох Цэргийн ёслолын жагсаал 11.00 цагаас эхэлнэ

-Маргааш болох цэргийн жагсаал 70 минут үргэлжлэх бөгөөд Улаанбаатарын цагаар 11.00 цагаас эхэлнэ-

БНХАУ-ын Бээжин хотноо 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Эх сурвалжийн мэдээлснээр ойн арга хэмжээ Бээжин хотын цагаар 09.00 цагаас эхлэх бөгөөд БНХАУ-ын дарга Си Зиньпин гадаадын орнуудын удирдлага, олон улсын байгууллагын удирдлагуудтай энэ үеэр уулзана. Үүний дараа Бээжин хотын цагаар 10.00 цагаас цэргийн ёслолын жагсаал албан ёсоор эхэлнэ. Энэ нь Монголын цагаар 11.00 цаг юм. Цэргийн ёслолын жагсаал 70 минут үргэлжлэх бөгөөд БНХАУ-ын явган цэргүүд жагсаалын эхэнд алхсаны дараа гадаад орны цэргүүд жагсах юм.

Монголын цэргийн бие бүрэлдэхүүн бэлтгэлээ амжилттай базаасан тухай жагсаалыг командлан алхах дэд хурандаа Б.Хаш-Эрдэнэ онцолж байгаа юм. Цэргийн ёслолын жагсаалд оролцох 16 орны цэрэг цагаан толгойн үсгийн дарааллаар жагсах бөгөөд монгол цэргүүдийн жагсаалын хайрцаг 10 дугаарт байгаа ажээ. Тодруулбал, Афганистан, Беларус, Лаос, Мексик зэрэг есөн орны араас Монголын дайчид жагсана. Харин манай дайчдын араас  Пакистан, Серби, ОХУ-ын цэргүүд жагсах юм.

Цэргийн жагсаалыг МҮОНРТ, TV9, 25TV, Eagle телевизүүд шууд дамжуулан хүргэхээр ажиллаж байгаа гэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцохоор өнөөдөр Улаанбаатараас мордлоо. Түүнийг дагалдаж Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа нарын албаныхан багтжээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж