Цэвэрлэх байгууламж шинээр барих төсвийг шийдээгүй байна

Хуучирсан мэдээ: 2015.09.02-нд нийтлэгдсэн

Цэвэрлэх байгууламж шинээр барих төсвийг шийдээгүй байна

Улаанбаатар хотын бохирыг гадагш халиулахгүйн тулд төв цэвэрлэх байгууламжийн эвдрэлийг 40 сая төгрөгийн засвараар түр торгоогоод байна. Угаасаа ашиглагдах хугацаа нь дууссан учраас эвдрэл гарах тоолонд нөхөөд явах боломжгүй. Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх шаардлагатай гэж үзсэн. Одоогоор яг ямар техник тоног төхөөрөмжтэй байгууламжийг ямар загвараар барих вэ гэдгийг тодорхойлох зураг төслийн ажлыг Францын "Виля" компани шалгаран гүйцэтгэж байна. Шинэ цэвэрлэх байгуулажмийг барихдаа бохирдлоо эргүүлэн ашиглах боломжтой техник, технологийг нэвтрүүлэх нь зөв гэсэн байр суурьтайгаар УСУГ дээрх компанийг шалгаруулан хамтран ажиллаж эхэлжээ. Тодруулбал одоогийн цэвэрлэх байгууламжийн баруун талд 300 тэрбум төгрөгийн өртөгөөр баригдах шинэ байгууламж нь бохирдол, лагаа буцаан боловсруулж, өөрийнхөө дулаан, эрчим хүчийг хангах зориулалттай технилогитой байхаар тооцжээ.

Цэвэрлэх байгууламжийн барилгыг барихад шаардагдах хөрөнгийн асуудлыг УИХ, Засгийн газар хэлэлцэж, батлах үлдсэн. Энэхүү хөрөнгийг шийдэх хоёр арга зам байгааг УСУГ-аас тодотголоо. Ингэхдээ ирэх оны төсвөөс 300 тэрбумыг гаргах эвсэл Франц улсын Засгийн газраас санал болгосон 150 сая долларын хөнгөлттэй зээлийг авах гаргалгаатай юм байна. Энэ асуудалд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг анхаарлаа хандуулан өнөөдөр тус байгууламжийн үйл ажиллагаатай танилцаж, газар дээр нь ажилласан юм.

Төв цэвэрлэх байгууламжийн өвөлжилтийн бэлтгэл ажил өнөөдрийн байдлаар 80 хувийн гүйцэтгэлтэй явна. Нийт 250 сая төгрөгөөр ирэх өвөлдөө саадгүй ажиллахаар бэлтгэжээ. Гэхдээ ашиглалтанд ороод 56 жил өнгөрсөн, ашиглагдах хугацаа нь дууссан тул гэнэтийн аюул дахин гарахгүй гэж хэлж чадахгүй. Шаардлагатай засвар үйлчилгээг хийсэн учир цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа доголдохгүй гэж найдаж байна гэдгээ цэвэрлэх байгууламжийнхан ярьлаа.

Анх зургаан километр бохир усны шугам ашиглахаар байгуулагдсан байсан бол одоо 170 гаруй километр бохирын хоолойг хариуцан ажиллаж байна. Өөрөөр хэлбэл анх 500-700 мянган хүн амтай Улаанбаатарт зориулж барьсан цэвэрлэх байгууламж өнөөдөр нэг сая 300 мянган хүн амтай нийслэлийн бохирын асуудлыг зохицуулан, тэг зогсолт хийчихгүйгээр лаг үнэртүүлэн ажиллаж буй тухайгаа Ус сувгын удирдах газрын дарга С.Үнэн тайлбарлалаа. 

Төв цэвэрлэх байгууламж Туул голын бохирдуулдаг, өмхий үнэр нь жил ирэх бүр хүрээгээ тэлсэн, цаашлаад улсын нүүр царайг доройтуулж эхэлсэн зэргээр шүүмжилж, хотын өнгө үзэмжийн асуудлыг дэвшүүлдэг. Гэвч нэн түрүүнд цэвэрлэх байгууламжид ажиллаж, орчинд нь амьдардаг иргэдийн эрүүл мэндийг асуудлыг хөндөх шаардлагатайг энд сануулъя.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж