НҮБ-аас Өршөөлийн тухай хуулинд санал дүгнэлтээ ирүүлжээ

Хуучирсан мэдээ: 2015.09.08-нд нийтлэгдсэн

НҮБ-аас Өршөөлийн тухай хуулинд санал дүгнэлтээ ирүүлжээ

НҮБ-аас Өршөөлийн тухай хуулинд хийсэн дүн шинжилгээ, санал дүгнэлтээ ирүүлжээ

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаас Монгол Улсын Өршөөлийн тухай хууль Авлигын эсрэг НҮБ-ын конвенцтэй нийцэж буй эсэх талаар хийсэн албан ёсны дүгнэлтийг ирүүлсэн байна.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенц нь хугацаанаас нь өмнө ялаас чөлөөлөх, батлан даалтад гаргах ажиллагааг явуулахдаа гэмт хэргийн хор уршигт тохирсон шалгуур тавьж, улс төрийн шинжтэй асуудал дээр ял шийтгэлгүй байдлыг үүсгэж, урвуугаар ашиглахгүй байхыг шаарддаг байна. Мөн түүнчлэн Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн үнэлгээний тайланд дурдсанчлан авлигын холбогдолтой гэмт хэрэгт баривчлах ял авсан этгээдүүдийн ялын хугацааг нь бүрэн дуустал эдлүүлж, зөвхөн цөөн хэдэн тохиолдолд холбогдох заалтыг хэрэгжүүлж болох талаар зарим улс орнууд зарчмын хувьд тусгаж өгсөн байдаг.

Уг захидалд Монгол Улсын Өршөөлийн тухай хууль нь бүрэн өршөөл үзүүлэх, авлигын гэмт хэргийг оролцуулан гэмт хэргийн ангиллыг бүхэлд нь ял шийтгэлээс чөлөөлөх, мөн холбогдох мөрдөн байцаах, шүүх ажиллагааг зогсоохоор заасныг тодотгож, энэ нь Конвенцид заасан зарим үүргийг зөрчихөд хүргэж болох эргэлзээтэй нөхцөл байдлуудыг үүсгэж буйг цохон тэмдэглэсэн байна. Үүнд:

  • Нийтийн албан тушаал хашиж байгаа гэм буруутай этгээдүүдийг мөрдөн шалгах ажиллагаа, ял шийтгэлээс чөлөөлөх болсон шалтгаан юу вэ (Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 30 дугаар зүйлийн 7 дугаар догол мөр)?

  • Авлигын гэмт хэргийн хохирогч, түүний хор уршигийг амссан этгээдүүдийн эрхийг хэрхэн хангах вэ (Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 35 дугаар зүйл)?

  • Дотооддоо болон олон улсын түвшинд авлигын гэмт хэргийн гаралтай хөрөнгө орлогыг битүүмжлэх, хураах, буцаан авах чиглэлээр явуулж байсан эрүүгийн мөрдөн байцаах ажиллагааг зогсоосны улмаас үүсэх үр дагавар ямар байх вэ (Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 31 дүгээр зүйл)?”

Мөн түүнчлэн НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба нь уг дүн шинжилгээ, саналтай холбоотой дэлгэрэнгүй тайлбарыг манай улсын ямар ч холбогдох байгууллагуудад өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж