“Х.Баттулгын хүүгийн компани байгаа”

Хуучирсан мэдээ: 2015.09.20-нд нийтлэгдсэн

“Х.Баттулгын хүүгийн компани байгаа”

-Халх голд чөлөөт бүс байгуулах тогтоолыг УИХ баталсан. Үүнид “Ариг ус” гэж УИХ-ын гишүүн Х.Баттулгын хүүгийн компани,”Алтай констракшн”-ын Х.Бат-Эрдэнийн  компани лоббидсон гэж УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хардаж байгаа бололтой-

Халх голд чөлөөт бүс байгуулах тухай тогтоол УИХ баталсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Болорчулуунаас авсан тодруулгыг хүргэе.

-Халх голд чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоол гарсантай холбоотойгоор УИХ-аас ажлын хэсэг байгуулсан гэсэн ?

-Халх голыг чөлөөт бүс болгож хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах тогтоол УИХ баталсан. Үүний дагуу ажлын хэсэг гаргаж ажиллаж байна.

-Чөлөөт бүс байгуулах газарт нутагладаг орон нутгийн иргэдийг нүүлгэнэ гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Тийм шийдвэр бол гараагүй.  Засгийн газар, УИХ тийм шийдвэр гаргах эрх ч байхгүй, тэгэх ч ёсгүй. Иргэд өдөр бүр асууж байна. Энэ сарын 18-нд  УИХ-ын  дөрвөн гишүүн очиж ажиллана. Ажлын хэсэг гарсан, миний бие энэ ажлын хэсэгт багтаж ажиллана. Бусад орнуудын туршлагыг судалж байхад хөдөө аж ахуйн чөлөөт бүс гэж байдаггүй. Ялангуяа талбайн хэмжээгээр манай энэ чөлөөт бүс том газар нутгийг хамарч байна.  500 мянган га, энэ бол багахан мужтай тэнцэхээр газар. Тиймээс бид энэ тогтоолын дараа анализ, дүгнэлт, судалгаа хийж ажилласан.  Бусад орны чөлөөт бүсүүдийг ажиглахад талбайн хэмжээ бага байна. Жишээ нь, Хятадын  Тэньжинд, Шанхайд  10-12 мянган га, Казахстанд  6 мянган га талбайтай байдаг.

Энэ тогтоолын төсөл маш хурдтай гэрлийн хурдаар УИХ-д орж ирсэн,  би бодохдоо  лобби орсон байх гэж таамаглаж байгаа. Дорнодчууд болоод монголчууд бид Халх голд хайртай. Энэ газар Монголын үүц, үржил шим сайтай, газрын баялаг. Монголчууд энэ газрыг цусаараа хамгаалж ирсэн. Японууд бол Монгол руу биш, Халх голын тэр орчим газрыг л эзлэх гэж дайрсан гэдэг. Монголчууд бид ингэж цусаараа хамгаалж, зэр зэвсгээр булаалгаагүй газраа өнөөдөр хуйвалдаанаар, эдийн засгийн замаар алдчих вий гэж санаа зовж байна.

-2017 оноос Монгол Улсын нийт төсвийн тал хувь гэж болох  3,1 их наяд төгрөгийг бондын хүүгийн төлбөр, бондын үндсэн төлбөр, бусад зээлийн төлбөрт төлж эхэлнэ. Тэгэхээр  чөлөөт бүсүүдээс орж ирэх орлогыг төсөвт төвлөрүүлж өрөө дарах гэсэн нэг бодлого байж болох?

– Чөлөөт бүс байгууллаа гээд төсөвт  нэг ч орлого төвлөрдөггүй юм. Яагаад гэвэл тухайн чөлөөт бүсэд орж ирж байгаа гаднын иргэд, 30 хоног визгүй зорчих эрхтэй. Нааш оруулсан аливаа импортын бараа нь татваргүй,  үйлдвэрлэсэн бараа болон мал аж ахуй эрхлээд мах гаргах ч юм уу экспортлоход татвар байхгүй. Импорт, экспортын татвар тэг. Чөлөөт бүс нэрээр нэгт хөрөнгөө оруулчихвал гаднынхныг буцаагаад гаргах ямар ч боломжгүй. Чөлөөт бүс гэж зарлаагүй ч ОХУ хилийн зарим нутагтаа хятадуудыг ихээр оруулаад сүүлдээ гаргаж чадахгүй бөөн зөрчил үүслээ. Хэвлэл мэдээллийнхэн мэдэж байгаа байх. Тиймээс бид  болгоомжтой хандах ёстой гэсэн байр суурьтай байна. Яагаад гэвэл манай эдийн засгийн байдал маш хэврэг байна. 2016 онд  улсын нийт төсвийн 50 хувьтай тэнцэх өр зээл төлөх гэж байна. 2017 онд Монгол Улсын төсвийн 90-100 хувьтай тэнцэх хэмжээний өр зээл төлнө. Төлж чадахгүй бол яах вэ. Магадгүй Туркменстаны жишээ шиг газар нутгийн энэ хэсгийг чинь тасдаж авна гээд зогсож байх вий гэж болгоомжилж байна. Тиймээс чөлөөт бүс  дээр сэтгэлийн хөөрлөөр ч юм уу, дутуу дулимаг судалгаатай ингэж хандаж болохгүй.  Замын-Үүд, Алтанбулагийнхаа чөлөөт бүсэд арван жилийн өмнө тогтоол гаргасан энэ ажлаа явуул л даа. Халх голын газар нутгийг нэг хэсэг хүмүүс лоббидож зарах байдлаар асуудлыг шийдэж болохгүй гэсэн байр суурьтай байна. Саяхан гэхэд Халх голд нисдэг тэргээр хотын том компаниудын хүмүүс, гаднынхантай ирлээ гэж дуулдсан.

-Та түрүүнд лобби орсон гэж хардаж байгаагаа хэллээ. Нууц биш бол хэн энэ тогтоолын төслийг лоббидсон гэж?

– УИХ-ын гишүүдийн компани гэж шууд хэлэхэд хэцүү. Гэхдээ, “Ариг ус” гэж УИХ-ын гишүүн Х.Баттулгын хүүгийн компани,”Алтай констракшн”-ын Х.Бат-Эрдэнийн  компани ард нь байгаа. Хотод бүртгэлтэй компаниуд нэлээд их бий.  Эдгээр компаниуд лоббидсон байхыг үгүйсгэх газаргүй.

-Загвар аж ахуй байгуулж, нарийн ногоо тариалвал Монгол Улсын хүнсний хэрэгцээнд нөлөөлж, эдийн засагт дэмжлэг болно гэж зарим улстөрчид үзэж байгаа?

– Чөлөөт бүсэд газар тариалан, мал аж ахуй эрхлээд, тэр нь Монгол Улсын эдийн засагт сайнаар нөлөөлөхгүй. Учир нь чөлөөт бүсэд аливаа хийсэн бүтээгдэхүүн ямар ч татваргүй  гадагшаа гарна. Чөлөөт бүс гэсэн нэрийн дор гаднынханд газар нутгаа эзэмшүүлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл хөрсөө экспортолж байна гэсэн үг. Гаднынхан манай хөрсийг хайрлахгүй. Аль болохоор л ашиг олохын төлөө богино хугацаанд ажиллана. Тэндээс юм ургуулж гадагшаа гаргахыг эрмэлзэнэ. Тэгэхээр энэ тал дээр бодох асуудал байгаа гэдгийг хэлмээр байна.

Г.ТУУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж