Хоригдсон иргэдийг Монголд шилжүүлэх асуудалд анхаарна

Хуучирсан мэдээ: 2015.09.22-нд нийтлэгдсэн

Хоригдсон иргэдийг Монголд шилжүүлэх асуудалд анхаарна

Есдүгээр сарын байдлаар гадаадын 58 улсад Монгол Улсын 125 мянга орчим иргэн оршин сууж байна. Харамсалтай нь, хилийн чанадад амьдарч буй Монголын 168 ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт холбогдсон байдаг бөгөөд тэдгээрийн 107 нь гадаадын 13 улсад  ял эдэлж байгаа гэх мэдээллийг албаныхан өглөө. Түүн дунд хар тамхины хэргээр 31 иргэн ял эдэлж байгаагийн гурав нь цаазын ял сонссон байна. Гэхдээ одоогоор ялын гүйцэтгэлийг түр хугацаагаар хойшлуулсан тухай эх сурвалж хэлэв.

Хар тамхины хэргээр БНХАУ-д ял эдэлж байсан нэг иргэнийг Монголд шилжүүлэн авчирсан бол тус улсад ял эдэлж буй хоёр, Хонгконгд хоригдсон нэг иргэнийг дотооддоо шилжүүлэн авчрахаар ажиллаж байгаа талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн мэдэгдлээ.


Гадаад хэргийн сайдаас бид олны анхаарлыг татсан зарим гэмт хэргийн шийдвэрлэлтийн талаар тодрууллаа.

Малайз Улсад амиа алдсан Ш.Алтантуяагийн хэргийг өнгөрсөн нэгдүгээр сарын 13-ны өдөр шүүж, Малайз дахь Монголын ЭСЯ-наас төлөөлөл оролцсон аж. Ингээд шүүхээс буруутай этгээдүүдэд цаазаар авах ял оноожээ. Мөн уг харамсалтай хэргийн улмаас түүний ар гэрт учирсан хохирлыг барагдуулах асуудалд дэмжлэг үзүүлэн ажиллана гэдгээ Гадаад хэргийн сайд онцлов.


Өнгөрсөн гуравдугаар сард АНУ-ын Виржиниа мужийн Виржиниагийн Олон Улсын Их Сургууль (Virginia International University)-ийн оюутан, Монгол Улсын иргэн М,  Ц нарыг мансууруулж, хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарсан. Гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээдүүдийг гадуур байцаан шалгаж эхэлсэн тухай Гадаад хэргийн яамнаас мэдээллээ.


ГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН:

Он гарсаар хилийн чанадад Монгол Улсын 71 иргэн харамсалтайгаар амиа алджээ. Хэргийг тодруулбал, өвчний улмаас 32, авто замын болон үйлдвэрийн ослын улмаас 16, золгүй тохиолдлоор 10 иргэн нас барсан байна. Харин есөн иргэн амиа хорлож, дөрвөн иргэн бусдын гарт өртөж, гэмт хэргийн хохирогч болжээ. Тухайлбал, Монгол Улсын иргэн Ч.Батжавхлан өнгөрсөн нэгдүгээр сарын 22-ны өдөр  АНУ-д учир битүүлгээр нас барсан. Одоогоор хэргийн сэжигтэн тогтоогдоогүй, эрэн сурвалжилж байна. Харин өнгөрсөн  гуравдугаар сард  Бүгд Найрамдах Франц Улсад  амь насаа алдсан талийгаач Б.Мөнхтуул хэргийн сэжигтнээр Монгол Улсын иргэн эмэгтэйг сэжиглэн, саатуулан шалгаж, эхэлжээ.

Мөн БНХАУ-д өнгөрсөн гуравдугаар сард харамсалтайгаар амиа алдсан талийгаач С.Сумьяагийн үхэлд БНХАУ-ын иргэнийг сэжигтэн баривчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн гэв.


КОНСУЛЫН ГАЗРЫН ДАРГА Б.БОЛД:

Өнгөрсөн дөрөвдүгээр сард  Малайзад  амьдарч байсан монгол иргэн байрныхаа цонхоор унаж,  амь насаа алдсан хэрэг гарсан. Талийгаач Д.Отгонтуяагийн хэрэгт холбогдуулан хамт байсан хүмүүсийг нь хорьж, байцаасан байна. Хэргийг мөрдөн байцаах явцад дээрх хүмүүс хэрэгт холбогдолгүй болохыг тогтоон, суллан явуулжээ. Улмаар Малайзын цагдаагийн газраас Д.Отгонтуяа “Амиа хорлосон” гэсэн дүгнэлт гаргасан байна. Ар гэрийнхнийх нь хүсэлтээр шарилыг чандарлаж, Монголд авчрах ажлыг Бангкокт суугаа Элчин сайдын яамнаас хийж гүйцэтгэжээ.

2015 он гарсаар хилийн чанадад монгол иргэд гэмт хэрэгт холбогдсон тохиолдол өнгөрсөн онтой харьцуулахад нэмэгдсэн байна. Тухайлбал, 2014 онд 297 иргэн гэмт хэрэгт холбогдож байжээ.  Харин нас барсан иргэдийн тоо 86 байснаас 39 нь өвчнөөр, 15 нь ослын улмаас, золгүй тохиолдлоор 19 иргэн гадаадад амиа алджээ. Үүнээс гадна   бусдын гарт амь насаа алдсан зургаан иргэн байсан бол, амиа хорлосон долоон иргэн бүртгэгдсэн байдаг аж.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж