Томилогддоггүй дэд сайдууд

Хуучирсан мэдээ: 2015.09.26-нд нийтлэгдсэн

Томилогддоггүй дэд сайдууд

Эрх баригч нам хоёр сарын өмнөөс л фракциуд дундаа зодоон үүсгэн дэд сайд нараа тодруулсан ч өнөөдрийг хүртэл долоон суудал эзгүй байна.

Засгийн газарт хамтарч буй намуудын тохироогоор Ардчилсан нам гурван дэд сайдад хүнээ сойсон бол ИЗНН хоёр, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл хоёр дэд сайдыг нэр дэвшүүлэх юм. Одоогийн байдлаар Шударга ёс эвсэл дэд сайд нараа тодруулаагүй байгаа бол бусад хоёр намын нэр дэвшигчид тодорхой болсон.

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнгөрсөн наймдугаар сард хуралдаад Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дарга Н.Мөнхдаш, Дорнод аймгийн Ардчилсан намын дарга Д.Цэрэнчимэг, Хөвсгөл аймгийн Ардчилсан намын дарга Ч.Батцогт нарыг дэд сайдаар томилуулахаар нэрийг нь дэвшүүлсэн. Үүнээс болж тус намд “Намаа ялагдуулсан дарга нарыг сайдын суудлаар мялаадаг болоо юу” гэх хэл ам гарч, Шинэчлэлийн хорооны залуус намын удирдлагууддаа шаардлага хүргүүлээд амжсан билээ. Гэвч Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхээ шийдвэрээс ч хүчтэй тул түүнийг өөрчлөх аргагүй л болов уу.

Засгийн газарт хамтарч буй ИЗНН дэд сайдад Чингэлтэй дүүргийн ИЗНН-ын дарга Э.Ган-Очир, Баянзүрх дүүргийн намын хорооны Р.Булгамаа нарыг сойгоод байгаа. Ингэснээр эртнээс дэд сайдад нэр нь бичигдэж, тааварт явсан тус намын гурав дахь дарга Ц.Ганхуяг залуучууддаа боломж олгож, жагсаалтаас хасагдаад байна. Э.Ган-Очир нь уул уурхайн чиглэлээр гадаад, дотоодын сургуульд суралцаж төгссөн бол Р.Булгамаа нь хуульч, эдийн засагч мэргэжилтэй.

МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг дэд сайдаа одоо хэр тодруулаагүй нь дотооддоо тохиролцож чадахгүй байгаатай холбоотой гэх яриа ч бий. МАХН хоёр суудлыг дангаараа авна гэж эзэрхийлж буй бол МҮАН нэг суудлыг авна гэж ярьж байгаа аж.

Горилогсдын тухайд МҮАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл, МАХН-аас Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Шаравдорж нарын нэр яригдаж буй.

Гол нь өнөөг хүртэл Засгийн газраас дэд сайд нараа томилохгүй цаг алдаж байгаа нь ямар шалтгаантай вэ гэдэг хамгийн их анхаарал татаж буй. Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөс санал болгосон дэд сайд нарын нэр Ерөнхий сайдад таалагдсангүй юу, эсвэл эдийн засаг хүнд байгаа тул энэ албыг цомхотгох гээд халааслаад байна уу гэх хардлага ч бий.

Эдийн засагчдын зүгээс ирэх оны төсвийг боловсруулахдаа зарим албан албан тушаалыг цомхотгох ёстой гэсэн санал гаргаад байгаа. Цомхотголд хамгийн тэргүүнд дэд сайдын суудал нэрлэгдэх болсон. Хэрвээ Засгийн газар эдийн засагчдын зөвлөгөөг дагаад дээрх албан тушаалыг үгүй болгох саналаа 2016 оны төсвийн төсөлд суулгаад оруулаад ирвэл алдагдсан итгэлийг бага ч болов сэргээх боломж бий.

Г.ХОРОЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж