ЭЗ-ийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам

Хуучирсан мэдээ: 2015.09.28-нд нийтлэгдсэн

ЭЗ-ийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам

Засгийн газрын 2015 оны 348 дугаар
тогтоолын хавсралт

ЭДИЙН ЗАСГИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ДЭМЖИХ
ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Хувь хүн, хуулийн этгээд нь нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа сайн дурын үндсэн дээр ил болгон мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2. Хувь хүн, хуулийн этгээдийг нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа сайн дурын үндсэн дээр ил болгон мэдүүлэхэд гааль, татвар, харьяалах санхүүгийн байгууллага, нийгмийн даатгал, улсын бүртгэл болон энэ журамд заагаагүй боловч хувь хүн, хуулийн этгээдийн хөрөнгө, орлого, үйл ажиллагааг бүртгэх чиг үүрэг бүхий бусад байгууллага, албан тушаалтан (цаашид “төрийн байгууллага” гэх) зохих журмын дагуу дэмжлэг үзүүлж ажиллана.

1.3. Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Улсын бүртгэлийн ерөнхий газар нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг хариуцсан асуудлынхаа хүрээнд байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллана.

1.4. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5.3-т зааснаас бусад татварыг ил болгон мэдүүлэхтэй холбогдох харилцааг энэ журмаар зохицуулахгүй.

1.5. Хувь хүн, хуулийн этгээд нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа сайн дурын үндсэн дээр ил болгон мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнахтай холбогдуулан төлөх улсын тэмдэгтийн хураамж болон үйлчилгээний төлбөр, баримт бичгийн үнийг зохих журмын дагуу төлнө.

Хоёр. Нэр томьёоны тодорхойлолт

2.1. Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурьдсан утгаар ойлгоно:

2.1.1. “нуун дарагдуулсан” гэж хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-д заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг;

2.1.2. “хууль хэрэгжих хугацаа” гэж Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдсан өдөр буюу 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 00.00 цагаас 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 24.00 цаг хүртэлх хугацааг;

2.1.3. “маягт” гэж хувь хүн, хуулийн этгээдийн сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, тайлагнасан, мэдүүлсэн хөрөнгө, орлого, үйл ажиллагааг бүртгэхээр тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв буюу төрийн захиргааны байгууллагын баталсан маягтыг ойлгох бөгөөд yг маягт нь “Эдийн засгийн ил тод байдал” гэсэн тэмдэглэгээтэй байна. “Эдийн засгийн ил тод байдал” тэмдэгний загварыг Сангийн сайд батална;

2.1.4. “бараа, тээврийн хэрэгсэл” гэж улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосноос бусад бараа, тээврийн хэрэгслийг.

Гурав. Хуулийг сурталчлан таниулах

3.1. Төрийн байгууллага, албан тушаалтан нь эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор хувь хүн, хуулийн этгээдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлж ажиллана.

3.2. Төрийн байгууллага нь эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор дараах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ:

3.2.1. эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль тогтоомжийн талаар хувь хүн, хуулийн этгээдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлэх, холбогдох тайлан, мэдээллийг хүлээн авч бүртгэх, мэдээллийн санд оруулах болон бусад чиг үүргийг хэрэгжүүлэх ажилтныг томилон ажиллуулна;

3.2.2. эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар төрийн албан хаагчдын дунд сургалт зохион байгуулах;

3.2.3. эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль тогтоомжийг сурталчлан таниулах, уг хуулийг хэрэгжүүлэх талаар зөвлөгөө өгч, гарын авлага материалаар хангах, иргэдийн санал, хүсэлт, асуултад хариу өгөх цэгийг харьяа байгууллага, салбар нэгж дээр ажиллуулах;

3.2.4. эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль тогтоомж болон холбогдох журам, заавар, маягт, танилцуулга, асуулт хариулт, видео хичээл бүхий цахим мэдээллийн санг дараах цахим хуудсанд байршуулах:

а/ www.legalinfo.mn

б/ www.parliament.mn

в/ www.mta.mn

г/ e-tax.mta.mn

д/ iltod.mta.mn

е/ www.mof.gov.mn

ё/ www.moj.gov.mn

ж/ www.khun.gov.mn

з/ www.burtgel.gov.mn

и/ www.ndaatgal.mn

л/ www.customs.gov.mn

3.2.5. олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр эдийн засгийн тод байдлыг дэмжих тухай хууль тогтоомжийг сурталчлах.

3.3. Хувь хүн, хуулийн этгээд эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар төрийн байгууллага, албан тушаалтнаас дараах утсаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө авна:

3.3.1. татварын асуудлаар-18001288;

3.3.2. нийгмийн даатгалын асуудлаар-18001289, 328030-309;

3.3.3. улсын бүртгэлийн асуудлаар-18001890;

3.3.4. гаалийн асуудлаар-18001281;

3.3.5. санхүүгийн тайлангийн талаар-263069, 264966

3.3.6. хөрөнгийн эрхийг бүртгэх чиг үүрэг бүхий бусад төрийн байгууллагын албан ёсны утас.

3.4. Энэ журмын 3.2.5-д заасны дагуу олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээх сурталчилгааны материал нь агуулга, хэлбэр, хэмжээний хувьд нэгдсэн загвартай байна. Нэгдсэн загварыг Сангийн сайд батална.

Дөрөв. Нуун дарагдуулсан хөрөнгө, орлого,
үйл ажиллагаагаа мэдүүлэх

4.1. Хувь хүн, хуулийн этгээд нь нуун дарагдуулсан орлого, хөрөнгө, үйл ажиллагаагаа ил болгох зорилгоор дараах арга хэмжээ авна:

4.1.1. татвар төлөгчөөр бүртгүүлээгүй, эсхүл татварын тайлан гаргаагүй буюу буруу гаргасан бол шинэчилсэн тайланг харьяалах татварын албанд мэдүүлэх;

4.1.2. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу ажил олгогчоор бүртгүүлээгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн буюу нийгмийн даатгалын шимтгэл ногдуулсан тайланг гаргаагүй, буруу гаргасан, эсхүл нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, дутуу төлсөн бол харьяалах нийгмийн даатгалын байгууллагад нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг гаргаж хүргүүлэх, хуульд заасны дагуу шимтгэл төлөх;

4.1.3. хуулийн этгээдийн болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртүүлээгүй, эсхүл буруу бүртгүүлсэн бол харьяалах улсын бүртгэлийн албанд бүртгүүлэх;

4.1.4. санхүүгийн тайлангаа гаргаагүй буюу буруу гаргасан бол шинээр гаргаж харьяалах харилцагч санхүүгийн байгууллагад хүргүүлэх;

4.1.5. гаалийн хилээр мэдүүлээгүй бараа, тээврийн хэрэгслийн нэмэлт мэдүүлгийг гаалийн байгууллагад мэдүүлэх;

4.1.6. энэ журмын 4.1.1-4.1.5-д зааснаас бусад хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй бол холбогдох эрх бүхий байгууллагад зохих журмын дагуу бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнах.

4.2. Хувь хүн, хуулийн этгээд нь энэ журмын 4.1-д заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэхдээ дараах баримт бичгийг дор дурдсан байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлнэ:

        4.2.1. Улсын бүртгэлийн байгууллагад:

а/ Хуулийн этгээдийг шинээр бүртгүүлэх бол:

-хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт;

-үүсгэн байгуулсан баримт бичиг (эрх бүхий этгээдээс гаргасан хуулийн этгээд байгуулах шийдвэр, хуулийн этгээдийн дүрэм, хуульд заасан тохиолдолд үүсгэн байгуулах гэрээ);

-улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

-улсын бүртгэлийн байгууллагаас баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

-шаардлагатай тохиолдолд итгэмжлэл.

б/ Хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулах бол:

-нэр өөрчлөх тохиолдолд шинээр олгосон нэрийн баталгаажуулалт;

-улсын бүртгэлийн байгууллагаас баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

-үүсгэн байгуулсан баримт бичигт оруулсан өөрчлөлт, холбогдох шийдвэр;

-улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

-шаардлагатай тохиолдолд итгэмжлэл.

в/ Эд хөрөнгө шинээр улсын бүртгэлд бүртгүүлэх бол:

-тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг;

-газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгосон шийдвэр;

-газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн гэрээ болон гэрчилгээний хуулбар;

-газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн газрын кадастрын зураг;

-барилга байгууламжийн план зураг, дөрвөн талаас нь бүтэн харуулсан зураг;

-Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17.1-д заасан баримт бичиг;

-Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан “эрх”-ийг бүртгүүлэхийг хүссэн өргөдөл;

-улсын тэмдэгтийн хураамж төлсөн, эсхүл үйлчилгээний хөлс төлсөн баримт.

г/ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах бол:

-өргөдөл;

-бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой нотлох баримт;

-эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

-үйлчилгээний хураамж төлсөн баримт.

Энэ журмын 4.2.1-ийн “в”, “г”-д заасны дагуу эд хөрөнгө шинээр бүртгүүлсэн болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан хуулийн этгээд нь уг өөрчлөлтийг санхүүгийн тайландаа тусгаж баталгаажуулсан байна.

        4.2.2.Татварын албанд:

а/ Хувь хүн, хуулийн этгээд нь албан татвар төлөгчөөр бүртгүүлэх бол: 

-хуулийн этгээд нь Татварын ерөнхий газрын даргын 2012 оны 236 дугаар тушаалаар баталсан “Татвар төлөгчийг бүртгэх журам”-ын дагуу улсын бүртгэлийн гэрчилгээ болон банкин дахь бүх дансны дугаарыг харьяалах татварын албанд бүртгүүлнэ;

-Монгол Улсад байнга оршин суугч болон оршин суугч бус татвар төлөгчид орлого олгож байгаа хуулийн этгээд, хувь хүн нь тухайн орлогоос суутган тооцсон татварын тайлан, мэдээг харьяалах татварын албанд гаргаж өгөх бөгөөд түүнийг үндэслэн суутгуулагчийн татвар төлөгчийн бүртгэлд бүртгүүлнэ;

-хувь хүн нь иргэний үнэмлэх (гадаадын иргэний хувьд аль улсын иргэн болохыг нотолсон баримт бичиг, гадаад паспорт, харьяалалгүй хүний хувьд иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүргүүлсэн харьяалалгүй хүний түр үнэмлэх)-ийг оршин суугаа газрын тодорхойлолт, 2 хувь цээж зураг (3х4)-ийн хамт харьяалах татварын албанд бүртгүүлнэ; 

-хувь хүн, хуулийн этгээд нь нуун дарагдуулсан татвар ногдох орлогыг шинээр тайлагнасны дараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх нөхцөлийг хангасан, эсхүл Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-д заасан хугацаанаас өмнө нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх нөхцөлийг хангасан боловч бүртгүүлээгүй тохиолдолд тус тус Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу харьяалах татварын албанд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлнэ. Энэ тохиолдолд тухайн этгээд нь албан татвар төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсныг нотлох баримтын хамт харьяалах татварын албанд хүргүүлнэ.

б/ Хувь хүн, хуулийн этгээд нь нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа мэдүүлэх бол:

-шинээр мэдүүлсэн тайлан (маягтын дагуу хөтөлсөн байх);

-нийгмийн даатгалд өгсөн тайлан, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт;

-гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн мэдүүлэг болон мэдүүлэхтэй холбоотой бусад баримт бичиг.

        4.2.3. Нийгмийн даатгалын байгууллагад:

а/ Хувь хүн, хуулийн этгээд ажил олгогчоор бүртгүүлэх бол:

-Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2011 оны 83 дугаар тушаалаар баталсан “Ажил олгогчийг мэдээллийн нэгдсэн санд бүртгэх, дугаар олгох журам”-ын дагуу бүртгүүлж, дугаар авах (иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, хуулийн этгээд бол Улсын бүртгэлийн газраас олгосон хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар);

-“Ажил олгогчийн гаргаж ирүүлэх нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан (НД-7)”, “Даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын тайлан (НД-8)”-г цаасаар гаргаж тайлагнах (ажлын байр, орон тоо, ажилд авсан, чөлөөлсөн тушаал, татварын байгууллагад гаргасан тайланд тусгасан цалингийн сангаар нотлогдсон байх);

-нийгмийн даатгалын байгууллага нь холбогдох баримтыг тулган шалгаж, тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолын дагуу тооцсон нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн этгээдээр төлүүлж, тайланг баталгаажуулна;

б/ Ажил олгогч нь нийгмийн даатгалын шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу бууруулсан, эсхүл өөр бусад шалтгаанаар дутуу төлсөн бол:

-“Ажил олгогчийн гаргаж ирүүлэх нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан (НД-7)”, “Даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын тайлан (НД-8)”-г гаргаж тайлагнах (даатгуулагчийн нийгмийн даатгалын дэвтэр, ажилд авсан, чөлөөлсөн тушаал, татварын байгууллагад гаргасан тайланд тусгасан цалингийн сангаар нотлогдсон байх);

-Нийгмийн даатгалын байгууллага нь холбогдох баримтыг тулган шалгаж нуусан буюу бууруулсан, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолын дагуу төлүүлж, тайланг баталгаажуулна; 

-Нийгмийн даатгалын байгууллагын байцаагч (ажилтан) дээр дурдсан баримтыг үндэслэн даатгуулагчийн нийгмийн даатгалын дэвтэрт цалинг шинэчлэн бичиж баталгаажуулна;

Энэ журмын 4.2.3-т заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлсөн даатгуулагчид нийгмийн даатгалын дэвтэр нөхөн олгож, бичилт хийн баталгаажуулна.

Ажил олгогч нь энэ журмын 2.1.1-д заасан хугацаанаас өмнө аливаа үйл ажиллагаа эрхлээгүй, цалин олгоогүй, эсхүл хуулиар хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхэлж байсан, түүнчлэн мөн журмын 4.2.3-т заасан баримтыг дутуу бүрдүүлсэн тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хүлээн авч баталгаажуулахгүй. Ажил олгогч аливаа үйл ажиллагаа эрхэлж байсан болон цалин олгож байсныг нотлох баримт нь энэ журмын дагуу татварын байгууллагад шинээр мэдүүлсэн тайлан байх бөгөөд шаардлагатай тохиолдолд тухайн эрхэлж байсан үйл ажиллагааг нотлох боломжтой бусад этгээдийн тодорхойлолт байж болно.

        4.2.4. Гаалийн байгууллагад:

а/ Хувь хүн, хуулийн этгээд нь нуун дарагдуулсан бараа, тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийн үнэн зөвийг нотлох зорилгоор дараах баримт бичгийг гаалийн байгууллагад хүргүүлнэ:

-гадаад худалдааны гэрээ, эсхүл үнийн нэхэмжлэх;

-тээврийн бичиг баримт;

-тарифын бус хязгаарлалтад хамаарах бараанд шаардагдах зөвшөөрөл, лиценз;

-хууль тогтоомжид тусгайлан заасан бараанд мэргэжлийн хяналтын байгууллагаас олгосон дүгнэлт.

б/ Энэ журмын 3.2.1-д заасан ажилтан нь дээр дурдсан баримт бичгийг доор дурдсан хэлбэрээр хянан баталгаажуулах бөгөөд ийнхүү баталгаажуулсны дараа тухайн бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлсэнд тооцно:

-бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлээгүй, тоо хэмжээг бууруулан мэдүүлсэн тохиолдолд нөхөн бүрдүүлэлтийг хийж баталгаажуулснаар;

-гаалийн үнийг бууруулж мэдүүлсэн, тоо хэмжээг дарсан, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны ангиллыг буруу мэдүүлсэн тохиолдолд гаалийн мэдүүлэг болон холбогдох баримт бичгийг баталгаажуулснаар;

-гаалийн байгууллагад мэдүүлсэн бараа, тээврийн хэрэгслийг баталгаажуулсны дараа тухайн хувь хүн, хуулийн этгээд холбогдох санхүү, нягтлан бодох бүртгэлд энэ тухай тусгаж жил, улирлын тайлан гаргана.

4.2.5. Харилцагч санхүүгийн байгууллагад:

Санхүүгийн тайлангаа шинээр гаргах буюу өөрчлөлт оруулах бол:

-хуулийн этгээдийн өргөдөл; 

-нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагааг ил болгон мэдээлсэн тайлан (маягтын дагуу хөтөлсөн байх).

4.2.6. Энэ журмын 4.1.1-4.1.5-д зааснаас бусад хөрөнгө, орлого, үйл ажиллагааг бүртгэх эрх бүхий байгууллагад:

а/ Хөрөнгө, орлого, үйл ажиллагааг шинээр бүртгүүлэх бол:

-өргөдөл;

-тухайн хөрөнгө, орлого, үйл ажиллагааг өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг нотолсон баримт бичиг;

-улсын тэмдэгтийн хураамж буюу холбогдох үйлчилгээний хөлс төлсөн баримт;

-хуульд заасан бусад баримт бичиг.

б/ Хөрөнгө, орлого, үйл ажиллагаатай холбогдох бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах бол:

-өргөдөл;

-бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдох баримт материал;

-бүртгэлийн гэрчилгээ;

-улсын тэмдэгтийн хураамж буюу холбогдох үйлчилгээний хөлс төлсөн баримт;

-хуульд заасан бусад баримт бичиг.

Хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа шинээр бүртгүүлсэн болон бүртгэлд өөрчлөлт оруулсан хуулийн этгээд уг өөрчлөлтийг санхүүгийн тайланд тусгаж баталгаажуулсан байна.

4.3. Хувь хүн, хуулийн этгээд нь энэ журмын 4.1-д заасан мэдээллийг итгэмжлэгдсэн төлөөлөгч (татварын мэргэшсэн зөвлөх, гаалийн зуучлагч)-өөрөө дамжуулан гүйцэтгүүлж болно. Энэ тохиололд итгэмжлэл нь Иргэний хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байна.

4.4. Хувь хүн, хуулийн этгээд нь нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа бүртгүүлэх, тайлагнах, мэдүүлэхтэй холбогдуулан нийгмийн даатгал төлөгч, ажил олгогчоос бусад аливаа гуравдагч этгээдийг шалгах, тэднээс нэмэлт мэдээлэл шаардахыг хориглоно.

4.5. Хувь хүн, хуулийн этгээд нь нуун дарагдуулсан орлого, хөрөнгө, үйл ажиллагаагаа цахим хэлбэрээр мэдүүлэх боломжгүй тохиолдолд цаасан хэлбэрээр хүргүүлж болно.

4.6. Энэхүү журмын 2.1.2-т заасан “хууль хэрэгжих хугацаа”-нд хувь хүн, хуулийн этгээд нь мөн журамд заасны дагуу мэдүүлсэн тайландаа засвар, өөрчлөлт оруулж болно.

4.7. Хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа нуун дарагдуулсан хувь хүн, хуулийн этгээдийн нэмж мэдүүлсэн тайлан нь дараагийн тайлангийн эхний үлдэгдэл буюу 2015 оны II, III улирал болон жилийн эцсийн санхүү, татвар, нийгмийн даатгалын тайлангийн эхний үлдэгдэл байна.

4.8. Энэ журмын 4.2-т заасан эрх бүхий төрийн байгууллагууд нь шаардлагатай мэдээллийг цахим хэлбэрээр солилцож, хамтран ажиллана.

Тав. Хариуцлагаас чөлөөлөх

5.1. Энэ журмын 2.1.1, 2.1.3, 4.1.2, 4.2.3-т заасны дагуу “Ажил олгогчоос гаргаж ирүүлэх нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан (НД-7)”, “Даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын тайлан (НД-8)”-г сайн дурын үндсэн дээр гаргасан хувь хүн, хуулийн этгээдийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-4-т заасан алданги, торгуулиас чөлөөлнө.

Зургаа. Ил болгосон мэдээллийг бүртгэх

6.1. Төрийн байгууллага нь хувь хүн, хуулийн этгээдээс ирүүлсэн тайлан, мэдээллийг байгууллагын нууцын журмын дагуу бүртгэж архивлана.

6.2. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрийн байгууллага, албан тушаалтнаас өгсөн аливаа зөвлөгөө, туслалцаа болон хувь хүн, хуулийн этгээдтэй холбоотой мэдээллийг бусдад задруулахыг хориглоно.

6.3. Хуульд заасан татварын төрлөөр илүү төлөлт тайлагнах, хуулийн этгээдийн 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх санхүү, татварын тайлангийн алдагдлын хэмжээг өсгөх, улс, орон нутгийн төсвөөс авлага үүсгэх, татварын ногдол, илүү, дутуу үлдэгдэл, татварын өр, авлагын дүнг өөрчлөх, хуурамчаар дансны бичилт үйлдэн татвар ногдуулах орлогыг бууруулахыг хориглоно. 

Долоо. Мэдээллийн нэгдсэн сан

7.1. Энэ журмын 4.1-д заасан байгууллага нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор мэдээллийн сан үүсгэнэ. Ийнхүү мэдээллийн санг үүсгэхдээ хувь хүн, хуулийн этгээдийн нэр, регистрийн болон татвар төлөгчийн дугаарыг таних боломжгүй байдлаар нэгтгэн сар бүрийн эхний 7 хоногт багтаан Сангийн яаманд хүргүүлнэ. 

7.2. Сангийн яам нь энэ журмын 4.1-д заасан байгууллагуудын ирүүлсэн мэдээллийг нэгтгэн, 14 хоногийн дотор Засгийн газарт танилцуулна.

7.3. Энэ журмын 7.2-т заасан мэдээллийг Засгийн газраас зөвшөөрсөн тохиолдолд нийтэд мэдээлж болно.

7.4. Энэ журмын 7.3-т зааснаас бусад тохиолдолд мөн журмын 7.2-т заасан мэдээллийг бусдад задруулахыг хориглоно.

Найм. Бусад

8.1. Энэ журмыг хэрэгжүүлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол гомдлоо дээд шатны байгууллага, албан тушаалтанд гаргана. Энэ журмыг зөрчсөн буруутай албан тушаалтанд Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

8.2. Энэ журмын 4.1-д заасан байгууллага нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан иргэдээс ирүүлсэн асуулт, санал, хүсэлт, түүнийг шийдвэрлэсэн байдал, төрийн байгууллагаас өгсөн зөвлөмжийн талаарх тоон мэдээлэл, судалгаа болон энэхүү журмын хэрэгжилтийн явцын тайланг дараа сарын 10-ны дотор Сангийн яаманд сар тутам хүргүүлж байна. Сангийн яам уг тайланг нэгтгэн энэ журмын 7.2-т заасан мэдээллийн хамт Засгийн газарт танилцуулна.

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж