Д.Отгонжаргал: Захидал уншихаар эрч хүч, урам авдаг

Хуучирсан мэдээ: 2015.09.29-нд нийтлэгдсэн

Д.Отгонжаргал: Захидал уншихаар эрч хүч, урам авдаг

“Хобби” булангийнхаа энэ удаагийн зочноор “Voice” хамтлагийн дуучин Д.Отгонжаргалыг урилаа. Тэрээр шаазан эдлэл болон ил захидал цуглуулдаг юм байна.

Дуучин бүсгүй  10 жилийн сурагч байхаасаа ил захидал цуглуулдаг болжээ. Учир нь 1990-ээд оны охид, хөвгүүд жижигхэн цаасан дээр үг бичиж бие биедээ дурсгадаг моод дэлгэрч байх үед түүний хүүхэд нас өнгөрсөн юм. Энэ үеэс түүнд ч ялгаагүй ийм бэлэг ирдэг болжээ. Д.Отгонжаргал ч нүүрэн дээрээ гоё зурагтай, дөрвөлжин цаасан дээр шүлэг, дууны үг бичээд найзууддаа бэлэглэж эхэлсэн байна. Энэ сонирхол нь сүүлдээ хобби болжээ. Анх уран бүтээлийг нь сонсдог үнэнч фэнээс нь захидал ирэхэд өөрийн эрхгүй догдолсон тухайгаа тэрээр хуучилсан. Ил захидлаас гадна дуучин бүсгүйд захидал их ирдэг бөгөөд үүнээс хойш дугтуй цуглуулдаг болжээ. Одоогоор түүнд 100 гаруй дугтуй бий. Дуучин маань дэлхийн 20 гаруй оронд аялсан бөгөөд очсон орныхоо дурсгал болгож ил захидал, дугтуй  авдаг уламжлалтай гэсэн. Орон орны ил захидал өөр өөрийн онцлогтой ажээ. Улс, үндэстнийхээ онцлогийг шингээсэн, дахин давтагдашгүй байдаг. Тэрээр хоббиныхоо тухай “Хамгийн хямдхан, хаана ч байдаг, гэхдээ дурсгалтай. Надад зориулсан захидлыг уншихаар эрч хүч, урам зориг авдаг” гэж онцолсон юм. Түүний цуглуулгын хамгийн үнэтэй эрхэм зүйл дотор нь бичсэн үг ажээ.

Харин дуучин бүсгүй сүүлийн хоёр жил шаазан эдлэлд дурлах болсон байна. Гоёмсог хийцтэй ваар, аягаар гэрээ чимээд багагүй хугацаа өнгөрчээ. Түүнд Хятад урлаачийн урласан гоёмсог ваар бий. Мөн шаазан аяга, эдлэл ч цуглуулжээ. Аягууд нь чамин хээтэй бөгөөд эдэлгээ удаантай байдаг гэнэ. Дуучин бүсгүй зориулалтын шүүгээнд эдгээр зүйлсээ хадгалдаг байна.

Ч.ГАНТУЛГА

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж