Хотын татварын хэмжээ нэг хувь байхаар баталлаа

Хуучирсан мэдээ: 2015.09.29-нд нийтлэгдсэн

Хотын татварын хэмжээ нэг хувь байхаар баталлаа

-Нийслэл хотын албан татварын хуулийг энэ долоо хоногоос хэрэгжүүлэх гэж байна. Тиймээс NEWS агентлаг "ХОТЫН ТАТВАР"-ын асуудлыг энэ долоо хоногт онцолж байна.

Нийслэл хотын албан татварын тухай хууль нөгөөдөр буюу ирэх аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Өнөөдөр албан ёсоор нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчид хотын татварын хувь, хэмжээг хэлэлцэж, нэг хувиар байхаар баталлаа. Хурлын төгсгөлд НИТХ дахь Монгол ардын намын бүлэг татварын хэмжээг тогтоох хурлын тогтоолын төсөлд санал хураалт явагдах үед хурлыг орхин гарсан. Тэдний тухайд "Нийслэл хот татвартай байх нь зүйтэй гэж үзсэн. Гагцхүү хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 30 хувиар өсөөд байна. Энэ нөхцөл байдалтай холбоотойгоор татварын хувь хэмжээг нилээн сайн ярилцаж тогтоох хэрэгтэй. Иймээс татварын хэмжээг тогтоохдоо Хотын дарга Э.Бат-Үүл уян хатан байхыг хүссэн. Тодруулбал, хуулинд нийслэлийн татварын хувь хэмжээг 0-1 хувиар тогтооно гэж заасан байтал эцсийн цэгт нь тулгаж нэг хувь болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс эдийн засаг, иргэдийн худалдан авах чадвар сайжрах хүртэл хотын татварыг 0 хувиар тогтоох” саналыг гаргаж байна гэдгээ мэдэгдсэн. Харин НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд "Дэлхийн улс орнуудын нийслэлд оршин суудаг иргэн бүр тодорхой татвар төлдөг. Бид энэ жишгийг мөрдөх саналыг дэмжиж байна. Тодруулбал архи, тамхи худалдан авсан, зоогийн газар, баар ресторан, амралтын газраар үйлчлүүлсэн иргэн нэг хувийн татвар төлөх нь зөв тогтолцоо" гэсэн байр суурийг илэрхийлж, татварын хэмжээ нэг хувь байхыг дэмжсэн юм.

Өглөөний 09.50 цагт эхэлсэн нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн ээлжит 29-р хурал бүтэн таван цаг орчим явагдаж, 15.04 минутад өндөрлөлөө. Хурлаар Нийслэл хотын албан татварын хэмжээг нэг хувиар байхаар баталлаа. Тодруулбал архи, тамхины худалдаа, зочид буудал болон баар, ресторан, амралтын газрын үйлчилгээ хаана, хэрхэн явагдахаас үл хамааран өдөр тутмын хэрэглээнээс давсан, дээрх илүү хэрэглээ, үйлчилгээг авч буй гадна, дотны иргэд Улаанбаатар хотод тухайн бараа, үйлчилгээнийхээ мөнгөн дүнгээс хамаарч, нэг хувийн татварыг төлөхөөр боллоо. Жишээлбэл, иргэн Т хүнсний дэлгүүрээс 50 мянган төгрөгийн үнэтэй архи худалдан авбал нийт үнийн дүнгийн нэг хувь буюу 500 төгрөгийг татвар суутгагч буюу тухайн дэлгүүрээр дамжуулан хотод төлөх юм.


Дэлхийн хотууд ингэж татвар авдаг

Нийслэл хотын татварыг дэлхийн томоохон хотуудад оршин суугчдад нь тухайн газарт амьдарч буйн төлөө татвар ногдуулдаг. Харин зарим улсад тухайн хотын онцлог, зочид буудлын зэрэглэл, од, жилийн аль улиралд зорчих болон аль дүүрэгт байрлах зэрэг хүчин зүйлээс шалтгаалан хувь хэмжээг харилцан адилгүй тогтоодог байна.


ЯПОН: Оршин суугчийн татварыг иргэний  татварын дараах орлогоос 10 хувь авдаг. Харин тус улсын Нагояа хотын татварын хэмжээ 9.4 хувь байдаг байна.  

РОМ: Татвар нь зэрэглэл, хэлбэрээс хамааран 2-7 евро байна.  Ром хотын иргэд, 10 хүртэлх насны хүүхэд, жуулчныг эрүүл мэндийн шалтгаанаар асран хамгаалж яваа хүн, цагдаа, цэргийн албан хаагч, 23 жуулчин тутамд нэг жолооч, нэг  аяллын хөтчийг татвараас чөлөөлдөг. 

ВЕНЕЦ: Зочид буудлын татварын хэмжээ нь аялал жуулчлалын идэвхтэй, идэвхгүй улирал, хотын гурван бүсийн алинд нь буудал байрлаж байгаа, хэдэн одны зэрэглэлтэйгээс хамаараад ялгавартай. Хотын төвийн таван одтой буудлын жуулчны идэвхтэй улирлын татвар таван хоног тутамд таван евро байдаг.

ПАРИС: Татварын дээд хэмжээ нь найман евро.

БАРСЕЛОН: 1-3 одтой буудалд буувал хоног тутамд 0,75 евро, дөрвөн одтой бол 1,25 евро, таван одтой бол 2.50 евро. 16 болон түүнээс доош насны үйлчлүүлэгчид, долоогоос дээш хоногоор буусан зочдыг татвараас чөлөөлдөг байна.

УЛААНБААТАР ХОТ АЛБАН ТАТВАРТАЙ БОЛСНООР:

  • Нийгэмд сөрөг үр дагавар ихтэй, хувь хүний эрүүл мэндэд хортой согтууруулах ундаа, тамхи зэрэг барааны хэрэглээг хязгаарлах;

  • Нийслэлийн оршин суугчдын өдөр тутмын амьдралд шууд нөлөөлөхгүй үйлчилгээ, хэрэглээнд албан татвар ногдуулах;

  • Нийслэл хотын албан татварын орлогоор бий болсон эх үүсвэрээр нийслэлд тогтмол явагддаг ОУ-ын чанартай үзэсгэлэн, фестиваль арга хэмжээг зохион байгуулах замаар аялал жуулчлалыг хөгжүүлнэ.


14.30

Нийслэлийн татварыг тэглэх үү?

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ээлжит 29-р хуралдаанаар "Нийслэлийн албан татвар"-ын хувь хэмжээ тогтоох, албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл солилцох журам батлах зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Өдөр 12.07 цагт хурал түр завсарлаж, 13.25 цагт дахин хуралдаж эхэллээ. 


Нийслэлийн Татварын газар, Төрийн сангийн газар  зэрэг төлөөлөгчдөөс бүрдсэн 10-аад хүний бүрэлдэхүүнтэй "Нийслэл хотын албан татвар"-ын хуулийг хэрэгжүүлэх ажлыг гардан зохион байгуулж буй ажлын хэсгийн боловсруулсан журамд "Хотын  албан татвар"-ыг нийт 5245 татвар суутгагчаар дамжуулан архи, тамхи гэсэн хоёр төрлийн бараа, зочид буудал, бар ресторан болон уушийн газар, амралтын газар гэсэн дөрвөн төрлийн нэмэлт үйлчилгээ авсан иргэдээс авна гэж тусгасан. Ингэхдээ татварын хэмжээ 0.5-1 байна гэж журманд заажээ. Гэхдээ татварын хэмжээг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлах ёстой. Нийслэлийн Иргэдийг  45 төлөөлөгч төлөөлж, өнөөдөр дээрх асуудлыг хэлэлцэж байна.

НИТХ дахь Монгол ардын намын тухайд дээрх татварын тухай хуулийг санасан хэмжээнд УИХ-аар хэлэлцэн батлагдаагүй. Эдийн засаг хямарсан энэ үед илүү хэрэгцээт бараа, үйлчилгээ хэрэглэсэн нэрийдлээр иргэдэд нэмэлт ачаа үүрүүлж байна. Одоохондоо "Хотын албан татвар"-ын хувь хэмжээг 0 хувь байлгах саналтай байна гэдгээ илэрхийлсэн. Харин Ардчилсан намын бүлгийн тухайд бусад хотуудын адил Улаанбаатар хот татвартай болно гэдэг том дэвшил. Татвараас бүрдсэн хөрөнгөөр хотынхоо дэд бүтцийг сайжруулж, дутагдалтай байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгаа бариад явах хэрэгтэй гэж хууль хэрэгжихэд мөрдөгдөх, журмыг дэмжсэн юм.

Төлөөлөгчдийн дэвшүүлж буй саналуудыг онцолвол, согтууруулах ундаа худалдан борлуулдаг иргэн, аж ахуйн нэгжүүдээс тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамж гэж хоёр жил тутам 2.3 сая хүртэлх төгрөгийг авдаг мөртлөө дахин татвар авах нь буруу гэв. Тухайлбал нийслэлийн Захирагчийн албанаас  хоол үйлдвэрлэл явуулдаг баар, ресторанаас хоёр жил тутам тусгай зөвшөөрлийн хураамж гэж 2.3 сая төгрөг, найман нэрийн дэлгүүрүүдээс архи, тамхи худалдсаны хураамж болгон 1.2 сая төгрөг авдаг. Хэрэв тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан тохиолдолд баар, рестораны тухайд 908 мянган төгрөг, найман нэрийн дэлгүүрүүдийн хувьд 404 мянган төгрөгийн хураамжийг төлдөг байна. Үүнээс гадна импортын архи, тамхинаас онцгой албан татвар гэж авдаг.  Харин амралт, сувилалын газрууд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хураамж төлдөггүй байна. Архи, тамхины худалдаа, баар ресторан, зочид буудлын үйлчилгээ явуулсныхаа төлөө тодорхой хэмжээний хураамж, татвар төлдөг байхад дээрээс нь  нэмээд дээрх бараа, үйлчилгээг авсан иргэдээс татвар авах нь зохисгүй гэж шүүмжлэх талууд байлаа. Мөн ахмадууд үйлчлүүлдэг амралт сувилалын газраас нэмэлт татвар авах ёсгүй гэсэн байр суурийг Д.Оросоо илэрхийлсэн.

Улаанбаатар хотын хэмжээнд амралтын чиглэлээр үйлчилгээ явуулдаг 20 газар байдаг байна. Үүнээс есөн  сувилал, есөн амралтын газар байдаг гэв. Одоогоор ахмадууд дээрх газруудаас үйлчилгээ авахдаа төлбөрөө өөрсдөө төлдөг ч, эргээд Ахмад настангуудын нийгмийн хамгааллийн хуулийн дагуу хөнгөлөлт эдэлж, төлсөн төлбөрийнхөө тодорхой хувийг авдаг. Иймээс улсын төсвөөс гарсан хөнгөлөлт төлбөрөөс ч татвар авах нь буруу тогтолцоо биш гэж нийслэлийн Татварын газрын дарга Б.Ганболд мэдэгдэв.

 Яг одоо нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал үргэлжилж байна. Төлөөлөгчдийн зүгээс Хотын албан татварыг ямар бүтээгдэхүүн, үйлчилгээнд хаана борлуулж, явуулах вэ?, татварын хувь, хэмжээ хэд байх вэ гэдэгт саналаа илэрхийлж дууслаа. Санал хураалт явагдаж байна.


12.23

Хотын татварыг хэлэлцэж байна

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ээлжит 29-р хуралдаан өнөөдөр Хангарьд ордны 14 давхарын хуралдааны танхимд өглөөний 9:50 цагаас эхэлсэн юм. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт иргэдийн төлөөлөгчид хуралдаж, "Нийслэл хотын албан татвар"-ын хувь хэмжээг тогтоож, ажлын хэсгээс боловсруулсан хууль хэрэгжүүлэх журмыг батлах ёстой байсан. Гэвч Монгол ардын намын бүлгээс тав хоногийн завсарлага аваад байсан билээ. Харин өнөөдөр 09.50 цагийн орчимд төлөөлөгчдийн ирц бүрдэж, хурал эхэллээ. Тэд "Нийслэлийн албан татвар"-ын хувь хэмжээ тогтоох, албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл солилцох журам батлах зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Улмаар хурлын дэгийн дагуу эхлээд нийслэлийн засаг дарга бөгөөд, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл "Нийслэл хотын албан татварын тухай хууль"-ийн зорилгыг танилцуулж, бусад хотуудын татварын талаар мэдээлэл өгсөн  юм.  Дараа нь ажлын хэсгээс хууль хэрэгжүүлэх журмыг танилцууллаа. Өнгөрсөн зургадугаар сарын 19-нд УИХ-аас баталсан энэ хууль аравдугаар сарын 1 буюу нөгөөдрөөс хэрэгжиж эхлэнэ.  Жижиглэнгээр борлуулсан бүх төрлийн согтууруулах ундаа, тамхи, зочид буудал, амралтын газар, ресторан, баараас албан татварыг авах бөгөөд 0-1 хувь байна гэж хуулийг хэрэгжүүлэх журманд тусгасан.  Гэхдээ хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор  дээрх хувь хэмжээг НИТХ-ын тэргүүллэгчдийн өнөөдрийн хурлаар эцэслэн хэлэлцэж, тогтооно. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тухайд хот татвартай болох нь зөв. Гэхдээ УИХ-аар хэлэлцэн батлагдсан хуулийн төсөл, санасан хэмжээнд боловсрогдон батлагдаагүй тухай тодотгон ярив.  Тухайлбал НИТХ дахь Монгол ардын намын  бүлэг худалдан авах чадвар буурч буй энэ үед татварын хэмжээг хамгийн өндөр буюу нэг хувиар тогтоож үзсэн нь өнөөгийн байдалд зохицоогүй тул иргэдийн амьдралыг сайжиртал 0 хувиар тооцохыг санал болголоо. Мөн магадлан итгэмжлэгдсэн ахмадад зориулсан 11 амралтын газар нийслэлд үйл ажиллагаа явуулдаг. Иймээс хотын татвараас ахмад настны авсан үйлчилгээг чөлөөлж өгөх саналыг Баянгол дүүргийн засаг дарга Д.Оросоо хэлсэн юм.

Харин нийслэлийн иргэдийн төлөөлөгч С.Амарсайхан: “Хэрэглээний соёлыг нэвтрүүлэхээр эрмэлзэж байгаа ард иргэдийн эсрэг чиглэсэн хууль болсон байна. Хотын тогтвортой хөгжлийн үндсийг бий болгосон хууль байх болов уу гэж найдаж байсан ч түүнд маань хүрсэнгүй. Тансаг чамин хэрэглээг танах гэж байхад өнөөдөр талхаа авч идэж чадахгүй хүмүүс их байна. Архи тамхинаас татвар авна гэж байна. Тусгай зөвшөөрөл, онцгой татвар төлж байна. Тансаг, чамин хэрэглээ гэж чухам юу юм? Таваг шөл ресторанд орж идэхийг хэлэхгүй байх” гэв.

Ж.Амарсанаа төлөөлөгчийн тухайд хот татвартай болох нь зарчмын хувьд зөв. Гэхдээ татварын хэмжээг тогтоохдоо ялгаатай байлгах ёстой. Тухайлбал баар, ресторан бүр л иргэдэд хоол, хүнсний зүйл зарж борлуулдаг гэх саналыг илэрхийллээ. Энэ маягаар иргэдийн төлөөлөгчид "Нийслэл хотын албан татвар"-ын хувь хэмжээ, хэрэгжилтийн журмын талаар санал солилцож, 12.07 цагийн орчимд түр завсарлалаа.


Долоо хоногийн сэдэв: Хотын татвар

Аравдугаар сарын 1-нээс Нийслэл хотын албан татварын тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Тодруулбал, ирэх долоо хоногийн пүрэв гарагаас эхлэн нийслэл хотын есөн дүүрэгт амралтын газар, зочид буудал, уушийн болон зоогийн газраар үйлчлүүлсэн, согтууруулах ундаа, тамхи худалдан авсан тохиолдолд иргэд 0.5-1 хувийн татвар төлдөг болох гэж байна.

Нийслэлийн татварыг НӨАТ-ын өмнөх үнээс тооцож, бараа үйлчилгээний үнэ дээр нэмж төлнө гэж Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа мэдэгдэж байгаа.

Маргааш буюу мягмар гаригт хуралдах Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар нийслэл хотын албан татварын хэмжээ 0.5 хувь байх уу, эсвэл нэг хувь байх уу гэдгийг эцэслэн шийдэх юм. Нийслэлийн Засаг даргын зүгээс татварын хэмжээг нэг хувь байх санал гаргаад байна. Хууль хэрэгжиж эхэлснээр аж ахуйн нэгжүүд сар бүрийн 10-ны дотор татвараа төлж, улиралд нэг удаа тайлангаа тавих юм. Хуулийн хүрээнд 8500 орчим аж ахуйн нэгж хамрагдаж, нийслэлийн төсөвт 13 тэрбум гаруй төгрөг төвлөрөхөөр байгаа ажээ.


ИЛҮҮ ХЭРЭГЦЭЭНИЙ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС ТАТВАР АВНА

УИХ-аар шинээр баталсан нийслэлийн Албан татварын хуулиар бараа худалдан борлуулалтын орлого, үйлчилгээ үзүүлсний орлогоос 0-1 хувийн татвар авахаар заажээ. Гэхдээ бараа борлуулсны татварыг авахдаа архи, тамхи гэсэн өдөр тутмын хэрэглээний бус илүү хэрэгцээнээс нэг хүртэлх хувийн татвар авах юм. Үйлчилгээн дээр тодруулахад ресторан, баар, амралтын газар, зочид буудлаас татвар авах нөхцөлтэй байгаа. Харин дэн буудал, цайны газар гэсэн өдөр тутмын үйлчилгээ үзүүлдэг газраас татвар авахгүй.

Нийслэлийн Албан татварын хуульд бараа худалдан борлуулалтын орлого, үйлчилгээ үзүүлсний орлогоос 0-1 хувийн татвар авахаар заасан байгаа.

Нийслэлийн засаг даргын орлогч Н.Батаагийн өгсөн мэдээллийг энд хүргэе. Тэрбээр хэлэхдээ "2003 оноос хойш хотын татварын асуудал яригдсан. Улаанбаатар хотын зүгээс 3-4 удаа хотыг татвартай болгох асуудлыг Засгийн газрын түвшинд оруулж, тавьж байлаа. Өмнө нь ямар нэгэн шалтгаан, тайлбартайгаар уг асуудал буцаагддаг байсан бол өнгөрсөн 2013 оноос хотын зүгээс тавьсан татвартай болох хуулийн төслийн хэлбэр, дүрст хэд хэдэн өөрчлөлт орж байж, өнгөрсөн зургадугаар сарын 19-нд батлагдлаа. Анх бид хуулийн төслийг боловсруулахдаа Улаанбаатар хотод явагдаж буй бүх худалдаа үйлчилгээний борлуулалтаас татвар авъя гэсэн саналтай байсан" гэлээ.

Хэрэв дээрх саналаар хотын албан татварын хууль батлагдсан бол жилд 200 орчим тэрбум төгрөгийг татвараас бүрдүүлэх боломж байсан гэж нийслэл үзжээ.


ХОТЫН АЛБАН ТАТВАРААС 13.2 ТЭРБУМ ТӨГРӨГ БОСГОНО

Нийтдээ 13.2 тэрбум төгрөгийн орлогыг нэг жилд хотын татвараас олох боломжтой гэсэн ерөнхий тооцооллыг нийслэлээс хийжээ.

Цаашид хуулинд заасан чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН, байгууллагуудын тоо нэмэгдвэл дээрх мөнгөн дүн нэмэгдэх боломжтой. Хуулийн дагуу олсон орлогыг Хотын албан татварын тухай хуулийг дагаж УИХ-аас давхар батлагдсан тогтоолын дагуу Улаанбаатар хотод зохиогдох олон улсын үзэсгэлэн, яармаг зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах, хотын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд зориулах юм байна. Товчхондоо бол хотын татвараас олсон тусгай мөнгийг Улаанбаатар хотын хөгжилд зориулахаар төлөвлөжээ. Мэдээж үүнд сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих, зам талбай тохижуулах зэрэг ажлууд багтана.

АРХИ, ТАМХИНЫ ХУДАЛДААНААС 11 ОРЧИМ ТЭРБУМЫН ОРЛОГО ОЛНО

Одоогоор Улаанбаатар хотод 5600 орчим аж ахуй нэгж татвар төлөх үүрэг хүлээхээр байгаа. Тэдгээрээс архи, тамхины худалдаа борлуулалтаас 11 орчим тэрбум, зочид буудал, ресторан, баар эрхлэх үйлчилгээнээс хоёр тэрбум төгрөгийн орлого олох боломжтой гэж хууль хэрэгжүүлэх байгууллага тооцоолж байна.

Хотын албан татварын хууль хэрэгжүүлэхэд зориулж 400 орчим сая төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргажээ.

Үүний дийлэнх нь судалгааны ажилд зориулагдсан тухай нийслэлийн засаг даргын орлогч Н.Батаа тайлбарлаж байна. Тэрбээр энэ талаар "Татварын хуулийг хэрэгжүүлж, нутагшуулах автомат программ боловсруулахад дээрх мөнгө зарцуулагдаж байгаа" гэдгийг онцлоод, "Улаанбаатар хот албан татвартай боллоо гэдэгт иргэд эсэргүүцэл илэрхийлэхгүй байх. Энэ бол ирээдүйгээ бодсон том шийдвэр гэж харах хэрэгтэй" гэсэн юм.

Д.УЛАМБАЯР

Зургийг Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж