Лиценз олгох цахим систем халдлагад өртөөгүй гэв

Хуучирсан мэдээ: 2015.09.30-нд нийтлэгдсэн

Лиценз олгох цахим систем халдлагад өртөөгүй гэв

Ашигт малтмалын газраас  /АМГ/ өнөөдрийн байдлаар нийт 490 тусгай зөвшөөрлийг аж ахуйн нэгж, иргэдэд цахимаар олгоод байна. Энэ сарын 21-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн дугаарыг цахимаар олгох явцад систем нь гацсан. Үүнээс үүдэж хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч, өргөдөл гаргасан компани, иргэдийн дунд хүлээлт үүсгэсэн. Улмаар систем яагаад гацав гэдэг шалтгааныг тодорхойлохоор Тагнуулын ерөнхий газар, Кибер аюулгүй байдлын газар, Үндэсний дата төв болон Эрүүгийн цагдаагийн газраас бүрдсэн ажлын хэсэг ажиллажээ. Кибер аюулгүй байдлын газраас системийн кодод алдаа гарсан нь системийн хоёрдугаар сервер унтарч дахин ачааллахад нөлөөлсөн гэж дүгнэжээ. Тодруулбал зөвшөөрөл олгох цахим систем гацсан нь хүний санаатай үйлдэл  биш. Мөн гаднаас тус системийн аюулгүй байдалд нөлөөлж, халдаагүй гэх дүгнэлтийг гаргасан байна. Ингээд уржигдараас буюу өнгөрсөн Даваа гаригаас эхлэн АМГ-аас хайгуулын тусгай зөвшөөрлийн дугаарыг цахимаар үргэлжлүүлэн олгож эхэлжээ.

Ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг будилаантай явуулсан талаар  өчигдөр “Ундрах Өргөө констракшн”, “Баян газар” компанийн хуулийн зөвлөхүүд мэдээлсэн. Энэ сарын 28-ны өдөр Ашигт малтмалын газраас Ховд аймгийн Алтай сумын Богч талбайд сонгон шалгаруулалт явуулжээ. Энэ сонгон шалгаруулалтыг зарим компанид давуу эрх олгохын тулд будилаантай явуулсан хэмээн тэд үзсэн. Харин Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяа дээрх асуудлыг үгүйсгэж ийм тайлбар хийв.

Өнгөрсөн наймдугаар сарын 25-ны өдөр Дорнод, Дундговь, Говь-Алтай зэрэг аймгийн нийт 120 мянга 880 га бүхий 10 талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зарласан байдаг. Серверийн алдаатай холбоотойгоор дээрх шалгаруулалтад оролцох саналыг өнгөрсөн 28 өдөр буюу Даваа гаригт Ашигт малтмалын газарт нээжээ. Мөн энэ сарын 14-ний өдөр Дорноговь, Булган, Баянхонгор зэрэг аймгийн нийт 79 мянга 952 га бүхий 10 талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалты зарлаж, саналыг ирэх сарын 14-нд нээхээр болжээ. Одоогоор шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгохоор нийт долоон удаа сонгон шалгаруулалтыг АМГ-аас зарлажээ. Улмаар нийт 42 талбайд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон аж.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж