Газар нутгийнхаа төлөө тэмцсэн иргэдийг суллахыг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2010.07.28-нд нийтлэгдсэн

Газар нутгийнхаа төлөө тэмцсэн иргэдийг суллахыг шаардлаа

Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-ны өдөр ашигт малтмалын бүх төрлийн ашиглалтын лицензийг түр хугацаагаар хүчингүй болгох зарлиг гарсан билээ. Уг зарлигт ашигт малтмалын лицензийг бусдад дамжуулан худалдахыг хориглосон байдаг аж. Гэтэл Увс аймгийн Өмнөговь суманд Тэгшбаяр, Иргэдийн хурлын төлөөлөгч С.Өлзий, Ш.Батчулуун, Б.Тунгалаг, Орлого-Намирийн голыг хамгаалах хөдөлгөөний гишүүн Е.Пунцагноров, Ж. Эрдэнэтогтох нар мэдээлэл хийснийг дор сийрүүлэв.
Увс аймгийн Өмнөговь сум нь байгалийн баялаг ихтэй, алтны ихээхэн нөөцтэй бүс нутгийн нэгд тооцогддог бөгөөд сүүлийн дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан ч тус компанийн алт угаасан ус нь хүн малыг хордуулах аюул учруулж эхэллээ. Орлого-Намирийн голын ай сав газарт Увс аймгийн Малчин сум, Хяргас сум, Завхан сум, Наранбулаг сум, Өлгий сум, Ховд сум, Бөхмөрөн сум, Тариалан сум, Өмнөговь сум мөн Ховд аймгийн Мянгад сум, Дөргөн сум, Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сум, зэрэг 20 орчим сумын ард иргэд дөрвөн цагийн эргэлтэд нутаглаж мал хүнгүй ундаалдаг. Иймэрхүү байдал даамжирвал Орлого-Намирийн голын хувь заяа Бургастайн гол ширгэсэн шиг, Онгийн гол үгүй болсон шиг, Дархан- Уул аймгийн Хонгор суманд цианит натрийн түүх давтагдах болоод байна. Учир нь тус компанийн олборлолт явуулж эхэлснээс хойш маш олон хүний гэдэс өвдөж, хонь малын үс нь зулгарч унадаг болоод байгаа нь аливаа хорт химийн бодис хэрэглэсэн байж болзошгүй юм.
Түүнчлэн ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах эрхийн лицензэд бүрдүүдэх 24 төрлийн бичиг баримтаас хоёр нь л тус компанид байсныг Өмнөговь сумын байгаль орчны байцаагч Ж.Сайнжаргал илрүүлжээ. Тиймээс орон нутгийн байцаагч бүрэн эрхийнхээ дагуу тодорхой бус хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоосон аж. Гэтэл мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүйг харуулан хоёр хоногийн дараа аймгийн МХГ-аас байцаагчид ирж, шалгалт хийсэн нэрээр зөрчилгүй хэмээн лац ломбыг нь авч үйл ажиллагааг нь хэвийн явуулахаар бичиг үйлдээд буцжээ. Энэ нь нутгийн иргэдийн дургүйцлийг улам хүргэсэн аж. Нутаг усаа гэсэн Өмнөговьчууд ундны усны ундрага болсон их голынх нь хойморьт тухлан газрыг нь сэндийчин, алтыг нь аван, усыг нь хордуулж буй Хятадуудад “Нутаг сэтгэл-Говийн хөгжил” хөдөлгөөнөөс удаа дараа үйл ажиллагаагаа зогсоо гэсэн мэдэгдэл хүргүүлжээ. Гэвч тэдний энэ мэдэгдлийг тоож үзэх нь битгий хэл Хятад ажилчид нь ойр хавиар явсан адуу мал, хүмүүсийг хөөж туун элдвээр аашлах болсон байна.
Тэвчээр нь барагдсан нутгийн 300 гаруй иргэд санаа нэгдэн энэ сарын 22-нд Хятад иргэдийг хөөхөөр очиход ойр хавиа иж бүрэн камержуулсан Жей Си Си -Айр компанийн хамгаалагчид ойртуулахгүй, хий буудан сүрдүүлжээ. Иргэд чулуу нүүлгэн хоёр цаг гаруй хугацаанд эсэргүүцлээ илэрхийлжээ. Энэ үеэр тус компанийн захирал Ли овогт аймгийн цагдаагийн хэлтэст “Танай нутгийн иргэд санаатайгаар халдан 50 сая төгрөгийн хохирол учрууллаа” гэж дуудлага өгчээ. Дуудлагын дагуу аймгийн Цагдаагийн хэлтэсээс цагдаа нар ирж, камерт бичигдсэн иргэдийг гэртээ байхад нь бороохойдон, ака буугаар сүрдүүлж, толгой дараалан баривчилсан байна. Энэ үеэр цагдаа болон тус компанийн Ли овогт иргэд рүү дөрвөн ч удаа буудаж, 20 гаруй хүнийг баривчилжээ. Тэднээс гурван эмэгтэйг нь байцаалт аван үлдээж ,17 хүнийг аймгийн цагдаагийн хэлтэст хорьжээ. Өчигдөр 14 цагийн байдлаар 14 хүнийг батлан даалтаар суллан гадуур байцааж, гурван хүнийг хорьсон байгаа аж.
Энэхүү үйл явдал өрнөсөн газар нь Увс аймгийн Өмнөговь сумын төвөөс 40 км зайнд орших “Шарилжын дөрөлж” гэх газар бөгөөд эх нутагт нь хууль бус лицензээр үйл ажиллагаа явуулсан Хятад ажилчдад шаардлага хүргүүлсэн нутгийн нутгийн иргэдийг ийн хомроглон баривчиллаа. Энэ нь төрийн цагдаа хүн буудсан долдугаар сарын 1 –ны хэрэг намжаагүй байхад дараагийн хэрэг гарах эхлэл тавигдаж байна. Миний цагдаа ард иргэдийнхээ төлөө ажиллаж байгаа юмуу?, аль эсвэл хятад эзэнтэй “Жэй си си айр” ХХК компанийн төлөө ажиллаад байгаа юмуу? гэдгийг ойлгоход бэрх болоод байна.
Тиймээс төрийн хууль шийдвэрийг уландаа гишгэж энгийн иргэдийн эрх ашиг хувь заяаг уландаа гишгэж байгаа хүмүүсийг Монгол улсын хаана ч байсан таслан зогсоож, төрийн төмөр нүүрээ гаргаж нэг мөр цэгцлэхийг холбогдох бүх хүмүүсээс шаардаж байна.
Түүнчлэн нутгийн иргэдийн өмнөөс хүйтэн зэвсэг хэрэглэн иргэд рүү буудсан ““Жэй Си Си Айр” ХХК компанийн захирал Ли овогт болон Тариалан сумын цагдаа н.Зоригбаяр нарт хатуу арга хэмжээ авч улмаар тус компанийн үйл ажиллагаа явуулах эрхийн зогсоохыг албан ёсоор шаардаж байна. Иргэд рүү буудсан тус компанийн захирал болон энгийн иргэдийн өмнөөс хүйтэн зэвсэг гаргасан цагдаагийн ажилтанд нутгийн иргэд маш их гомдолтой байгааг уламжилж байна.
Эдгээр хүмүүст энгийн иргэд рүү буудах зөвшөөрлийг хэн өгсөн бэ? Хүний амь нас хохирсон бол хариуцлагыг хүлээх байсан бэ? Энэ хэргийн талаар холбогдох хууль хүчний байгууллага болон зохих хяналтын байгууллагууд үнэн мөнөөр нь шалгахыг шаардаж байна. Зохисгүй үйлдэл гаргаж Монголын газар шороон дээр дураараа аашилж, хууль цаазат төрийг үл тоомсорлож сувдаг шуналтнуудыг нүд салгалгүй харж, тэдэнтэй Мөнхийн эрх ашгийнхаа төлөө шантралтгүй тэмцэж байхыг Монголын ард иргэддээ уриалж байна.
Эцэст нь тэмдэглэхэд Орлого – Намирийн голын ай савд төрж өсөж хүмүүжсэн тэнд амьдарж байгаа иргэдийн мөнхийн эрх ашгийн төлөө, сайн сайхны төлөө үгээ хэлэх, хамгаалах, хайрлах сэтгэлтэй хүмүүс бидний хойно түм бумаараа байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдье. Хамгийн гол нь нутаг усныхаа ард иргэдийн эрх ашгийн төлөө тэмцсэн энгийн иргэдийг хүйтэн шоронгоос суллахыг шаардаж байна.
П.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж