М.Даваажаргал: Цом өгөөгүйд сэтгэл дундуур байсан

Хуучирсан мэдээ: 2010.07.28-нд нийтлэгдсэн

М.Даваажаргал: Цом өгөөгүйд сэтгэл дундуур байсан

Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх ёкозуна Хакухо М.Даваажаргал Нагоя башё дуусгаад өнгөрөгч даваа гаригт бусад монгол сумочдын хамт эх орондоо нэг долоо хоногийн хугацаатай амрахаар иржээ. Нэг ч өвдөг шороодолгүй зуун хувийн амжилтаар нагоя башёд түрүүлж, 15 дахь түрүүгээ авсан их аварга Хакухо хэдийгээр Эзэн хааны цом хүртээгүй ч дараалан гурван башёд 15 давж, дараалан давсан давааныхаа тоог 47 болгон улмаар сумогийн бүх цаг үеийн түүхэнд гуравдугаарт бичигдэх агуу амжилтын эзэн болсон билээ.

Мэргэжлийн сумо бөхийн түүхэнд урьд хожид байгаагүй зүйл тохиож, башёгийн түрүү бөхөд Эзэн хааны цомыг гардуулж өгөөгүй бөгөөд сүүлийн үед элдэв дуулианы бай болсоор байгаа Сумогийн холбоонд үүссэн ээлжит ээдрээт байдлын талаар их аварга Хакухо манай сайтад анх удаа ярилцлага өглөө.

-Юун түрүүнд Нагоя башёд бахдам амжилт гаргаж, мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд 15 дахь түрүүгээ авсан танд баяр хүргэе.

-За, маш их баярлалаа.

-Харамсалтай нь, NHK телевиз Нагоя башёг шууд дамжуулахгүй болсон болохоор монголчууд бид барилдааныг үзэж чадалгүй орой бүр тойм нэвтрүүлэг үзэж байлаа. Башё ер нь ямархуу байв, сэтгэгдлээ хуваалцаач?

-Энэ сарын башё миний хувьд их хүнд хэцүү болж өнгөрлөө. Ер нь энэ башёд барилдаж болох нь уу, үгүй юу гэсэн бодол төрж л байлаа. Гэхдээ жилдээ нэг гэдэг үүднээс энэ сардаа барилдаад, 15 өдрийн турш сайн барилдах юм шүү гэсэн хатуу зорилго өөртөө тавьж, хичээж барилдаад сайхан босоо түрүүлээд ирлээ дээ.

-Хэдийгээр урамтай сайхан барилдаж, түрүүлсэн ч Эзэн хааны цомоо гардаж авсангүй. Ер нь Сумогийн холбооны “цом өгөхгүй байх” шийдвэрийн талаар та ямар бодолтой байна? Сайхан амжилт гаргаад түрүүлсэн ч цомоо авч чадсангүй шүү дээ.

-Нэгэнт Японы Сумогийн холбооны гаргасан шийдвэр болохоор миний зүгээс ийм тийм гэж хэлж болохгүй болов уу. Бусад цом бол яах вэ, хасч болно. Харин Эзэн хааны цомыг хассанд сэтгэл дундуур л байлаа. Бид бүхэн, мэргэжлийн сумогийн холбооны 1000 гаруй бөхчүүд чухам юуны төлөө барилдаж, яаж бэлтгэл хийж байгаа билээ, Эзэн хааны цом бол бидний хувьд хөдөлмөрөө үнэлүүлнэ гэдэг утгаараа зайлшгүй байх ёстой зүйл юм болов уу гэж. Бас л сэтгэл гонсгор байсан л даа. Өөрийн эрхгүй нулимс гарсан, тэрийг бол нуух юм байхгүй. Ийм башё дараа нь цааш цаашдаа дахин болохгүй гэдэг утгаар энэ башёг туулсан учир дараа сардаа сайн барилдахын төлөө өөрийн зориг, сэтгэл санаагаа хурцалж байна даа. Дөрөв, таван жилийн дараа эргээд харахад ийм нэг башё болж өнгөрч билээ гэх тийм л дурсамжтай башё болсон байх.

-Та 47 дараалан давж, домогт Тайхо аваргын амжилтыг эвдлээ. Одоо мэдээж ирэх башёд Чиёнофүжи аваргын амжилтын төлөө барилдах байх?

-Тийм ээ. Ер нь нэг нэгээр шат дараалан ахиулж барилдана гэсэн  бодолтой байгаа даа. Яг ингэчихье, тэгчихье гэх хэцүү л дээ. Өнгөрсөн жил 90 барилдахаас 86 давж, бас нэг амжилтын эзэн болсон. Жилийн турш зургаан башё болдог, гэтэл 365 хоногийн дотор өвдсөн үү, өвдсөн, гэмтэл авсан уу, авсан. Харин энэ бүхнийг зохицуулж, тааруулж чадсан учир тийм мундаг амжилтад хүрсэн юм болов уу. Саяын 47 дараалан давсан амжилтын тухайд “За би одоо 47 давна” гээд л гаргасан амжилт биш, барилдаан бүрт бэлтгэл сургуулилтаа тааруулж, сэтгэл санаагаа бэлтгэж чадсаны дүнд гаргасан амжилт байх. Үнэхээр хөдөлмөрлөсөн хүнд бурхан аз хийморь заяадаг юм болов уу гэж бодогдсон. Хэдийгээр нүдэнд харагдахгүй ч тийм зүйл байдаг байх гэсэн мэдрэмж төрсөн шүү.

-Та түрүүн ярьж байсан л даа, хурдан шинэ аварга төрөөсэй, сэтгэл санаагаа хуваалцах юм сан гэж. Ер нь сумогийн дэвжээнд ганцаараа ёкозуна байна гэдэг сэтгэл санааны хувьд ямар байдаг вэ?

-Асашёорюү аварга маань хоёрдугаар сард зодог тайлаад, гуравдугаар сарын хаврын барилдаанд ганцаараа аварга цолтой зодоглоход маш их хүнд хэцүү байсан. Хамгийн хүнд үе гэвэл дөрвөн арслан цолтон дөрвүүлээ нэг өдөр унаад, хамгийн сүүлд намайг барилдах болоход хүнд ачаа ирсэн л дээ. Хэрвээ би энэ барилдаанд ялагдвал аварга, арслангууд бүгд нэг өдөр унах байсан болохоор ганцаараа аварга байхын цаана нэг бус бэрхшээл байдгийг тэр агшинд ойлгосон. Түүнчлэн 1000 гаруй сумочдын тэргүүн бөх байна гэдэг утгаараа хариуцлагатай, үлгэр жишээч байх ёстой гэхчлэн хүндрэл бий л дээ. Одоо манай залуу гурван арслан байгаа /Болгарын озэки Котоошю, Эстонийн озэки Баруто, Монголын озэки Харумафүжи нарыг хэлж байна/, энэ гурвын нэг нь л хурдан аварга болоосой гэж хүсч байна даа. Ер нь энэ гурван арслангийн нэг сумогийн 70 дахь ёкозуна болох болов уу гэж боддог юм.

-Одоо ер нь Японы сумочдоос ёкозуна болох бөх бараг л байхгүй байна. Озэки Котомицүки хөөгдөж, ганц үлдсэн Кайо озэки зодог тайлах дөхчихсөн. Монголчууд одоо Японы сумо бөхийг монгол сумочдоороо л төсөөлдөг болж?

-Дээхэн үед манай анхны сумоч Кёкүшюзан Д.Батбаяр сумод хөл тавьж байхад Хавай арлын бөхчүүд хүч түрэн орж ирж байсан. Тухайн үед Япон бөхчүүд тун эвгүй, ялагдагчийн байдалд орж байсан түүх бий. Яг тэр үед Монголоос зургаан бөх ирж, Ази тивийг төлөөлж байсан болохоор япончууд үндэсний бөх гэдэг утгаараа, мөн Японтой төстэй Ази тивийн улс гэдэг утгаараа монгол бөхчүүдэд Японы ард түмэн хайртай байдаг. Нэгэн жишээ дурдахад, доод зиндаанд Болгарын бөх Котоошютай барилдаж байхад “Хакухо чи гадаадын бөхөд ялагдаж болохгүй шүү” гэсэн дэмжлэг япончуудаас их ирдэг байсан шүү.

-Бейсболын бооцоотой тоглоомын хэргээс болоод цом, шагнал, бооцоо ч байхгүй болсон, мөн үзэгчдийн тоо ч буурсан гэх зэргээр Японы сумо бөхийн холбоо, олон зуун жилийн түүхтэй энэ үндэсний спорт уналтад орж байна гэж ярьж байна л даа. Харин Японд байдал ямаршуухан байна, ард олон хэрхэн хүлээн авч байна?

-Манайхаар бол яахав муушги л тоглолоо /инээв/.  Гэхдээ нөгөө талаараа тэр бейсболын тоглолтын бооцоо хариуцдаг хүмүүс нь буруу гарын хүмүүс байсан. Тэр хүмүүст бооцоо тавьсан, харин буруу гарын хүмүүс нь нийгэм болоод энгийн хүмүүст хүндрэл учруулдаг тал бий. Гэхдээ хүнд хэрэг хийсэн хүн байхгүй л дээ. Япончууд сумо бөхдөө хайртай, хүндэлдэг учраас энэ хэргийг хүндээр тусган авч, нөгөө талаас Японы сумо бөхийн холбоо болоод NHK телевиз ард түмнээс татвар авдаг, мөн улсдаа татвар бага төлдөг учир ард түмнийхээ хүсэл, санал гомдлыг зайлшгүй хүлээж авдаг.

-Японы Сумо бөхийн холбоо томоохон өөрчлөлт шинэчлэл хийх, дүрэм журмаа солих талаар мэдээлэл гараад байгаа. Энэ талаар?

-Японы Сумо бөхийн холбоо гаднаас өндөр мэргэжилтэй, дээд төвшний хүмүүс авч, дэд ерөнхийлөгчөөр ажиллуулж байгаа. Тэр хүмүүс маань өөрсдөө сумо барилдаж үзээгүй болохоор бөхчүүд хэрхэн хөлсөө урсгаж, хэрхэн бэлтгэл дасгал хийж, энэ амжилтад хүрдэг талаар төдийлөн мэдэхгүй болохоор тэдний хөдөлмөрийг бүрэн гүйцэд үнэлэхгүй байгаа юм болов уу гэсэн миний хувийн бодол бий. Өөрчлөлт хийхээс өөр аргагүй болсон байх гэж бодож байна.

-Ямартай ч башёдоо түрүүлээд эх орондоо ирлээ. Сэтгэгдэл ямар байна?

-Сайхан байна. Одоо  амаръя. Сайхан амаръя.

-Хэзээ буцах вэ?

-Долоо хоногийн хугацаатай ирлээ. Ирэх сарын 5-нд зуны тойргийн барилдаан эхэлнэ. Уг нь 4-нд буцаад, 10 гаруй хоног эх орондоо сайхан амраад буцъя гэж бодсон ч тэр үед онгоц, нислэгт ямар нэг асуудал гарвал тойргийн барилдаанаас хоцорчихно. Гэтэл нөгөө аварга маань бас ингэлээ гээд асуудал үүсч магадгүй гэж бодоод. Тэгээд л долоо хоногийн хугацаатай ирлээ. Жилдээ ганц удаа энэ зуны дэлгэр сайхан цагт нутагтаа ирээд айргаа ууя, сайхан амаръя гэж бодоод л ирсэн дээ.

-Монгол наадмаа үзсэнгүй удлаа. Яг наадмын үеэр сэтгэл гэгэлзээд сэтгэл санааны хувьд барилдахад хэцүү байдаг гэж ярьдаг юм билээ?

-Харин тийм шүү. Энэ башё бас яг 11-нд Монгол наадамтай давхцаж эхэлсэн. Манай бөхчүүд чинь тэгээд наадмын хоёр өдөр унахгүй шүү гээд шүд зуугаад л үзчихнэ шүү дээ. Миний хувьд бас энэ удаагийн амралтаараа аав ээжийнхээ нутаг устай ойрхон байя гэсэн бодол байна.

-Таны эхнэр, хүүхдүүд Японд үлдсэн үү?

-Үлдсээн /инээв/.

-Ер нь монголчууд маань таныг япон эхнэртэй болсон гээд, энэ талаар их сонирхдог л доо?

-Бид нар чинь бас хэцүү шүү дээ. Би л гэхэд 15-тайдаа Японыг зорьсон. Одоо ингээд хичнээн аварга болчихсон ч гэсэн эх орондоо долоо хоногийн хугацаатай л ирж байна. Ихдээ л долоо хоног. Ирсэн үедээ аав, ээж, ах дүүстэйгээ уулзана, тэд нарынхаа сургаалийг сонсоно. Тэгэхээр энэ үед найз нөхөдтэй уулзана, хүмүүстэй учирна гэсэн ойлголт байхгүй шүү дээ /Инээв/. Зарим хүмүүс намайг яагаад япон хүнтэй суучихав гээд л шууд биш ч гэсэн тойруу байдлаар асуудаг. Тэгэхэд нь би хэлдэг юм, “Намайг бага байхад хэн ч тоодоггүй байсан. Харин нэг бүсгүй байсан юм. Тэр надад үргэлж тусалж, зовсон цагт тусалж, дэмжиж байсан болохоор надад нэг тийм онцгой мэдрэмж төрдөг байлаа. Тэгээд л тэр эмэгтэйгээ сонгосон” гэж хэлдэг юм.

С.Шүр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж