Д.Хүдэрбулга мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2015.10.07-нд нийтлэгдсэн

Д.Хүдэрбулга мөнгөн медаль хүртлээ

БНСУ-ын Мунгён хотод болж буй Армийн дэлхийн спортын зуны VI наадмын чөлөөт бөхийн тэмцээн өчигдөр эхэлж, эхний өдөр 57, 65, 74, 97 кг-ын жингүүдийн барилдаан боллоо.

Тэмцээний 97 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Д.Хүдэрбулга нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Беларуссын бөх Иван Янковскийг 1:0, 4:1 онооны харьцаагаар ялж, хагас шигшээ барилдаанд ХБНГУ-ын бөх Габриэль Серегелюг 2:0, 8:0 онооны харьцаагаар буулгав авав. Ингэснээр мөнгөн медалийн болзол хангаж, алтан медалийн төлөө Оросын бөх Хажимурат Гацаловтой өрсөлдөн, 1:0, 0:5 онооны харьцаагаар хожигджээ.

Тэмцээний 57 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ Д,Цогтбаатар нэгдүгээр тойрогт ХБНГУ-ын бөх Евалд Марселийг 3:0, 8:0 онооны харьцаагаар ялж, хоёрдугаар тойрогт Ираны бөх Реза Атранагхарчид 0:1, 2:2 харьцаагаар ялагдал хүлээв.

Харин 65 кг-ын жинд барилдсан ОУХМ Б.Батмагнай нэгдүгээр тойрогт Өмнөд Солонгосын бөх Ким Жун Чулыг 0:1, 7:3 онооны харьцаагаар ялсан ч хоёрдугаар тойрогт Ираны бөх Мейсам Хейдарид 2:2, 2:3 харьцаагаар хожигдож, дагах барилдаанд Гүржийн бөх Ревази Жанелизег 4:0, 6:0 онооны харьцаагаар ялсан байна. Харамсалтай нь, манай бөх хүрэл медалийн төлөө Казахстаны бөх Азамат Шагапульд 1:0, 2:6 харьцаагаар хожигджээ.

74 кг-ын жинд спортын мастер Б.Бямбадорж өрсөлдсөн байна. Тэрбээр нэгдүгээр тойрогтоо ОХУ-ын бөх Хетаг Цаболовт цэвэр ялагдаж, дагах барилдаанд Польшийн бөх Кристиан Брзозовскид 0:10 онооны харьцаагаар хожигдсон байна.

Бэлтгэсэн: Д.ӨЛГИЙСАЙХАН /МЧБХ/

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж