Автобус компаниуд шалгуулахад бэлэн гэв

Хуучирсан мэдээ: 2015.10.09-нд нийтлэгдсэн

Автобус компаниуд шалгуулахад бэлэн гэв

Нийслэлчүүд явгарч, нийтийн тээврийн салбарын эдийн засгийн тооцооллыг төр, хувийн хэвшлийнхэн хөндөн ярьсан гурван өдөр ард хоцорлоо. Тодруулбал өнөөдөр автобус компаниуд ажилдаа гарахаа мэдэгдэж, нийслэлийн удирдлагууд дахин давуу эрхээ ашиглаж, иргэдийг хохироовол хамтран ажиллах гэрээгээ цуцлахаа онцолж, нийтийн тээврийн салбарт үйлчилгээ эрхлэх сонирхолтой дугаарлан зогсч буй аж ахуйн нэгж, иргэд олон байгаа гэдгийг чангахан дуугаар, тодхон хэлсэн юм.

Харин Нийслэлийн тээврийн газраас мэргэжлийн түвшинд, бодитой тооцооллоор автобус компаниудын ажлын цагийн хөлсийн хэмжээг тогтоож өгнө гэдгээ амлав.

Үндсэндээ нийслэлээс шалгалт явуулна, шаардаад буй ажлын хөлсийн хэмжээг албаныхан тогтоож өгнө гэсэн болохоор автобус компаниуд зорчигчдоо тээвэрлэхээр боллоо. Гэхдээ нийслэлээс явуулах цагдаа, мэргэжлийн хяналтын хамтарсан шалгалтаас айхгүй. Харин ч ил тодоор энэ салбарын орлого, зарлага, ачаалал, үйлчилгээ ямархуу хэмжээнд явна гэдгийг тогтоолгож, хариуцлагатайгаар шалгалтаа өгөхөд бэлэн гэдгээ хувийн компаниудын төлөөлөл мэдэгдэж байлаа.

Өмнө нь олдог байсан бэлэн мөнгөний орлого нь хумигдаж, төрөөс авдаг байсан нөхөн олговор нь бодит зарлагаас зөрж эхэлсэнд бухимдалтай хандаж, ийнхүү түр зогсолт хийсэн тухайгаа хувийн компаниудын удирдлагууд тайлбарлалаа. Мөн "Улаанбаатар смарт карт" компани нэгэнт энэ салбарын үйлчилгээг шинэчилж, цахимд шилжүүлсэн бол үйлчилгээ эрхлэгч компаниудын орлого, зарлагыг бодитойгоор тогтоож, ажилласан хөлсийг нь өгөхдөө шударга хяналтын системээр олгодог байх зарчмын асуудлыг хөндөн тавьсан гэдгээ ч автобус компаниуд онцлон хэлсэн юм.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж