Микробусныхан цулайв

Хуучирсан мэдээ: 2015.10.10-нд нийтлэгдсэн

Микробусныхан цулайв

Хувийн автобус компаниуд ажил хаясанаар өнгөрсөн гурав хоногт нийслэлчүүд хөл дүүжлэх унаагүй болж чангалуулаад зогссонгүй хэтэвчин дэх хэдэн бор төгрөгөө ч сэгсэрч гүйцлээ.

Чоно борооноор гэгчээр автобус үйлчилгээнд гарахгүй байгааг далимдуулж микро автобуснууд үнээ нэмсэн хэрэг. Баянхошууны Жанцангийн буудлаас суугаад Баянбүрд рүү зорчиход микробусанд нэг зорчигч 1000-1500 төгрөг төлсөн юм.

Нэг хүний 1000 төгрөг хураахад л 14 суудалтай микробус хамгийн багадаа нэг талдаа 14 мянган төгрөг, 18 суудалтай нь 18 мянган төгрөгийн орлоготой байсан гэж хэлж болно. Рейс хийх замд дунд нь бууж, сууж байгаа зорчигчийн төлж байгаа хөлсийг тооцох юм бол зөвхөн нэг талдаа орлого нь 20 мянган төгрөг хүрчихэж буй юм. Сүүлдээ нөхдүүдийн арга нарийсч, 100 айл руу хийх тээврээ Эх нялхас болгон богино эргэлттэй болгосон. Ингэхээр бүр ашигтай туссан гэж байгаа.

Хувиараа халтуур хийдэг таксиныхан ч яаж зүгээр байх билээ, нэг хүнийг 1500-гаар суулгасан. Зөвхөн нэг талдаа 7500 төгрөгийн орлоготой болсон. Харин 21 дүгээр хорооллоос Баянбүрд рүү микробусаар зорчиход мөн л адилхан 1500 төгрөг. Саппоро хүртэл 500, цаашаа хороолол III, IV орох бол нэмж 500 төгрөг, Гандангаас цааш явахад шууд л 500 төгрөг нэмэгдэж нийлбэр дүнгээрээ 1500 төгрөг дээр бууж буй юм.

Автобус явахгүй хойно яалтай билээ, ажлаасаа хоцролтой биш. Суухаас аргагүй. Хэт өндөр үнэтэй зорчуулж байгааг нь хэлэхээр “Хэл ам хийгээд ядаргаатай юм, буу” гээд л шууд хүчлэн буулгаж байх жишээтэй.

Хувийн унаагүй нийслэлчүүд ч энэ хэдэн өдөр чангалуулахын дээдээр чангалуулж, хувиараа халтуур хийгчид харин цулайж, халаасаа түнтийлгэж авах шив. Өвлийн хүйтэнд автобус компаниуд ажил хаябал ард түмэн ядарсан дээрээ улам л туйлдах болж байгааг холбогдох албаныхан анхаараасай билээ.

Г.ХОРОЛ

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж