Оюутнууд өлсгөлөн зарлана

Хуучирсан мэдээ: 2015.10.19-нд нийтлэгдсэн

Оюутнууд өлсгөлөн зарлана

110 мянган гаруй оюутныг төлөөлөн Монголын оюутны холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлэх картыг нь одоог хүртэл шийдэж өгөөгүйд нийслэлийн удирдлагуудад гомдолтой байгаагаа илэрхийллээ. Хичээлийн шинэ жил эхлээд хоёр сарын хугацаа өнгөрч байхад оюутнуудыг автобусаар үнэгүй үйлчлүүлэх боломжоор хангаж өгөөгүй хэмээн тэд бухимдаж байна. Энэ асуудлаар ч оюутнууд Монголын оюутны холбоонд өдөр бүр ханддаг гэв. Тиймээс Монголын оюутны холбооныхон өнөөдрөөс эхлэн Чингисийн талбайг оффисоо болгон оюутнууддаа үйлчлэхээр болсон хэмээн мэдээллээ.

Тэдний мэдээлж буйгаар хичээлийн шинэ жил эхэлсэн хоёр сарын хугацаанд оюутнуудыг нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлэхээр төсөвлөсөн хөрөнгө мөнгийг хэн, хаана зарцуулсан эсэх нь тодорхойгүй. Дээрээс нь оюутнуудыг өдөрт нэг удаа л нийтийн тээвэрт үнэгүй үйлчлүүлэх боломжоор хангасан нь тэдний эрхийг ихээр зөрчсөн гэв.

Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Д.Батбаяр “Цаашид оюутнуудынхаа эрхийг хамгаалахын тулд төв талбайд байрлаж ажиллана. Оюутнууд төв талбайд ирж бидэнд хандаж болно. Цаашид энэ асуудлаар өлсгөлөн ч зарлаж магадгүй” гэв.

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА, Ц.АРИУНБОЛД

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж