Бүгд Найрамдах Казакстан Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2015.10.19-нд нийтлэгдсэн

Бүгд Найрамдах Казакстан Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барих үүрэг бүхий ажлын хэсгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Н.Батцэрэг нар Хөгжлийн урт хугацааны бодлого төлөвлөлтийн асуудлаар туршлага судлах Бүгд Найрамдах Казакстан Улсын төлөөлөгчдийг өнөөдөр /2015.10.19/ хүлээн авч уулзав.

 

 

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй уулзаж буйдаа талархал илэрхийллээ. Тэрээр Монгол Улс урт хугацааны бодлого баталсан хэдий ч түүнийг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин дутмагаас амжилттай хэрэгжиж чадахгүй байгаа. Тиймээс энэ парламент гурван бүлгийн дарга нараар ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсэг 2020, 2030 он хүртэлх урт хугацааны бодлогыг батлахыг зорьж байгаа. Улс төрийн намууд сонгуульд оролцохдоо зөвхөн баталсан бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх бөгөөд өөр өөрсдийн мөрийн хөтөлбөр дэвшүүлэхгүй байх юм. Шаардлагатай үед тухайн парламент нэмэлт, өөрчлөлт хийх боломжийг бүрдүүлсэн уян хатан байхаар хөтөлбөрийг боловсруулж байгаа гэлээ.

 

Улсын Их Хурлын гишүүн Н.Батцэрэг энэ үеэр хэлэхдээ, ойрын 15 жилийн алсын харааг батлах зорилготой Монгол Улсын Хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн боловсруулж байгааг дурдаад, хөрш орнуудын хувьд харилцан туршлагаа солилцох нь чухал юм гэдгийг онцлон тэмдэглэлээ.

 

Бүгд Найрамдах Казакстан Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Стратегийн судалгааны төвийн захирал Аяана Манасова болон Астана дахь Төрийн албаны зөвлөлийн бүсийн захирал Алихан Байменов нар Улсын Их Хурлын гишүүдийг цаг, зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд өөрийн оронд хэрэгжүүлж буй урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Мөн үндсэн ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлдэг ажлын дэд хэсэгтэй уулзаж энэ асуудлаар харилцан мэдээлэл солилцсон тухайгаа дуулгасан юм.

 

Уулзалтад Монгол Улсын Хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барих үүрэг бүхий ажлын дэд хэсгийн ахлагч Р.Хатанбаатар болон Элчин сайдын яамны төлөөлөл, албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж