НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Таня Патриотаг хүлээн авч уулзав

2015 оны 10 сарын 19

УИХ-ын даргын Ахлах зөвлөх, төслийн үндэсний захирал С.Ламбаа НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Таня Патриотаг өнөөдөр /2015.10.19/ хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Таня Патриота Монгол Улсын Их Хурал НҮБ-ын Хүн амын сангийн Улс орны хөгжлийг дэмжих 5 дахь хөтөлбөрийн хүрээнд хүн амын хөгжлийн асуудлаар хэрэгжүүлж буй төслийг амжилттай хамтран хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлээд Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтын Эрүүл мэндийн салбарын 6 зорилтыг амжилттай биелүүлснийг дурдаж тэр дундаа эх, нялхасын эндэгдлийг бууруулахад таны оруулсан хувь нэмэр чухал юм. 9 дүгээр сард дэлхий нийтээрээ “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөрийг баталсан. Монгол Улс хүн ам, залуучууд, эмэгтэйчүүдийн бодлогыг тодорхойлох тусдаа яамтай байгаа нь сайшаалтай юм. Тиймээс цаашид хүн амын хөгжлийн бодлогод залуучуудын хөгжлийн бодлого чухал нөлөөтэй байна гэж харж байна. Тогтвортой хөгжлийн зорилго, зорилтыг өөрийн орны хэв маягт тохируулан төлөвлөхөд НҮБ-ын Хүн амын сангаас туслалцаа үзүүлэхэд бэлэн байна гэдгийг онцлон тэмдэглэлээ.

УИХ-ын даргын Ахлах зөвлөх С.Ламбаа Мянганы хөгжлийн зорилтын эрүүл мэндийн салбарын зорилтуудыг биелүүлэхэд НҮБ-ын Хүн амын сан чухал үүрэг гүйцэтгэсэнд талархал илэрхийлээд Улсын Их Хурлын дарга УИХ-ын хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар баталсан “Тогтвортой хөгжлийн зорилтууд 2030 хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газар “Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтууд 2030 хөтөлбөр”-ийг боловсруулж, шалгуур үзүүлэлтийн хамт УИХ-д оруулж батлуулах чиглэлийг Засгийн газарт өгснийг дурдав. Мөн Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтын шалгуур үзүүлэлтийг хангасан ч эх, нярайн эндэгдэл нь хүн ам багатай манай улсын хувьд үүнээс илүү бууруулах шаардлагатай юм. Тиймээс эрүүл мэндийн салбарын хувьд Мянганы хөгжлийн зорилтын эх, нялхасын эндэгдэл, 5 хүртэлх насны хүүхдийн эдэгдэл, ХДХВ, ДОХ болон халдварт өвчнийг бууруулах 4 зорилтыг үргэлжлүүлэх бодлого барьж байна. Үүнтэй холбогдуулан “Эх, хүүхдийн эсэн мэнд амаржихуйн яаралтай тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар” сэдэвт зөвлөгөөнийг энэ сарын 23-нд зохион байгуулахаар хамтран ажиллаж байгаад Хүн амын сангийн хамт олонд талархал илэрхийлье гэлээ.

ЭХ СУРВАЛЖ: УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна