"Төсвөөр улстөр хийдэг болсон"

2015 оны 10 сарын 20

Эдийн засагч М.Чимэддоржтой уулзаж ярилцлаа.


-Сүүлийн үед МАН-ынхан “Шилэн данс”-аар нэлээд занималдах боллоо. Урьд өмнө нь МАН-ын үед төрийн дансыг хянах нь битгий хэл бүү гүйлгээ нууц байсан шүү дээ. Тэгэхээр хүн болгон “Шилэн данс”-нд анхаарал тавина гэдэг ололт  байх тийм үү?

-МАН-ынхан төрийн дансыг хянаж эхэлсэн нь Шилэн дансны хуулийн үр дүн юм. Ер нь бол олон нийтийн төлөө гэсэн нэрийн дор явуулж буй аливаа үйл ажиллагаа ил тод байх ёстой. Ялангуяа татвар төлөгчдийн мөнгөөр хийж буй аливаа үйл ажиллагаа нь ил тод, хүрсэн үр дүнг нь тайлагнаж байх нь зөв. Цаашлаад төсвийн мөнгийг юунд зарцуулахаа танилцуулж байх учиртай. Ардчилсан нийгмийн суурь бол олон нийт нь төрийн нэрийн дор тэдний төлөө хийх гэж байгаа болон хийж байгаа үйл ажиллагаанд оролцож, хяналт тавьж байж бэхждэг.

Бид өнгөрсөн хорь гаруй жил энд тэндхийн туршлагаас сайныг нь авахын төлөө, хөгжсөн орнуудын зам мөрөөр явах гэж бүдэрч босоод л явж байна. Шилэн дансны хууль ч бас сайныг нь авчихъя гэсэн санаачлагын л нэг болов уу.

-Тэгвэл бусдын туршлагаас аваад явах өөр ямар санаачлагууд байж болох вэ?

-Ер нь төсөв гэдэг маань нийтлэг утгаараа бол бид нийтээрээ сайн сайхан аж төрөхөд ийм юм хийх шаардлагатай байнаа гээд ажил хөдөлмөр, бизнес хийж байгаа хэсгээсээ, бараа бүтээгдэхүүний хэрэглээгээр нь бүх иргэдээсээ эхийг нь эцээж тугалыг нь тураалгүйхэн их бага хэмжээгээр цуглуулж аваад бүгдэд нь үр өгөөжөө тэнцүүхэн өгч байдаг зүйлд зарцуулдаг сан юм. Гэтэл манайд төсвийн үлэмжхэн хэсгийг нь байгалийн баялаг, цөөн хэдэн томоохон компаниас төвлөрдөг гэдгээрээ бусад улс оронтой харьцуулахад ялгаа гардаг. Энэ нь бодит байдалдаа зөв дүгнэлт хийх, өгөгдсөн боломждоо тулгуурлан ухаалаг аж төрөх гэхээсээ илүү баячуудыг баалаад, амлалт өгөөд явдаг улс төр хийдэг хөрс болж байгаагаараа төсвийг нийгмийн олонхи нь бүрдүүлж байдаг улс орнуудаас ялгарах бидний онцлог болж байна. Үнэхээр ч үнийгээ дагаад олон нийтийн баримжаатай явагддаг улс төрийн үйл ажиллагаа нь популист шинжтэй болж баялаг бүтээгчдийн эсрэг дуу хоолой үндэсний баатар болохын тулд аялах ёстой нот болж байх шиг байна. Гэхдээ энэ бүхэн төсвийн мөнгийг үрэн таран хийх шалтаг болж болохгүй л дээ.

-Шилэн данс хууль хэрэгжсэнээр эдийн засагт гарч ирэх эерэг үр дүн юу вэ?

-Шилэн данс чухал уу гэвэл маш чухал. Тэр тусмаа Монголын өнөөгийн төрийн байгууллагын үйл ажиллагааны түвшин, чадавхийн хувьд, эрх зүйн зохицуулалтын бүдүүн баараг байгаагийн хувьд, бараг л хүн бүр ёс суртахууны гэхээсээ илүү хуулийн цоорхойг ашиглачих сонирхолтой байгаа цаг үеийн хувьд маш чухал зүйл юм. Шилэн данстай болсноор иргэд, судлаачид мөнгө юунд зарцуулагдаж байгааг мэддэг болж байна, олон нийтийн сүлжээгээр шуугиж байна. Зарим нэг нь амжаад ардын баатар ч болж байх шиг байна.

-Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг харахад төсвийн мөнгөнд хэт үрэлгэн хандсан байна гэж шүүмжлэх хүмүүс байна?

-Өргөн утгаар нь харвал бидэнд үүнээс гадна хийх нэлээд зүйл бий. Юуны өмнө төсвийн мөнгөнд хэр үрэлгэн хандаж байгааг нь мэдэхийн тулд түүний төлөвлөлтийг харах хэрэгтэй. Улсын төсвийг төлөвлөх нь ямар зорилгын хүрээнд ямар үйл ажиллагаа явуулах юм гэдгээ тодорхойлоод, иргэд, тухайн шийдвэр нь холбоотой нийгмийн хэсгээсээ санал аваад төсвөө баталдаг байх ёстой. Үүнийг нь хэрэгжүүлдэг байгууллага нь парламент байдаг, тэд л ард түмнийг төлөөлж суугаа.

-УИХ дээр төсвийн хэлэлцүүлэг ид өрнөж байна. Ер нь Засгийн газрын барьж байгаа төсвийн хэмнэлтийг хүрээнд төрийн албыг цомхон болгох нь зөв үү. Эдийн засгийн хямралтай байгаа үед нэг хэсэг хүмүүс ажилгүй болох нь гэсэн шүүмжлэл гарч байгаа?

-УИХ-ын Төсвийн байнгын хороо төсөвт бүрэн дүүрэн шинжилгээ хийгээд, үр ашиггүй, үр дүн нь харагдахгүй байгаа төсөл хөтөлбөрүүдийг зогсоож чаддаг чадавхитай байх ёстой. Гэтэл манайд энэ институтийн чадавхийг бэхжүүлэхэд бараг анхаарахгүй явж ирсэн. Сангийн яам яамдуудаас санал аваад мөнгөн дүнгээр нь багцаалдаж боогоод УИХ-руу оруулж ирдэг. Засгийн газар дээр тойргоос сонгогдсон гишүүдтэй тохиролцоод тэнд нь гүүр засах мөнгө нэмээд өгье, эсвэл тамгын газарт нь өргөтгөл хийх мөнгө суулгаад өгье гэсхийгээд батлагддаг төсөвтэй л явж ирсэн. Харин сонгуулийн порпорциональ систем орж ирсэнээс арай дээрдэж байгаа болов уу. Гэхдээ л Сангийн яамнаас Засгийн газрын бүтцийг оруулж ирж байна гэж бодохоор УИХ-ын эрхэм гишүүд маань юу бодож суудаг юм бол гэж гайхах юм.

-Төсвийн гүйцэтгэлийг хянахад Шилэн дансны хууль хэрэгтэй биз дээ?

-Дараагийн том асуудал бол яах аргагүй төсвийн гүйцэтгэл. Бид шилэн дансаар дамжуулаад юунд мөнгө зарцуулсаныг нь хараад байдаг боломжтой боллоо, сайн хэрэг. Эндээс бид хичнээн төгрөгийг юунд зарцуулсныг нь мэдэж чадна. Гэхдээ үүнээс гадна бид төрийн байгууллагууд юунд мөнгө зарцуулах, түүнийгээ хэрхэн зарцуулж байгааг бас мэдэх эрхтэй. Үүнийг мэдэхийн тулд төрийн байгууллагууд үйл ажиллагааныхаа хүрээнд гаргаж байгаа аливаа шийдвэрийг хэрхэн гаргадаг, түүнийгээ хэрхэн баталгаажуулдаг вэ гэдгээс эхлэх ёстой. Товчхондоо бол эхлээд юу хийх нь чухал вэ гэдгийг өмнөд дурдсанчлан олон нийтийн санаа бодол, урт хугацааны хөгжлийн бодлого, дунд хугацааны зорилтуудад үндэслэн засгийн газрын санал болгосныг парламент дээр шүүгээд явдаг. Харин гүйцэтгэлийг нь тухайн асуудлын хүрээнд гаргаж байгаа шийдвэрүүд хэрхэн гардаг, түүнийгээ хэрхэн баталгаажуулдгаар нь хэмжих хэрэгтэй болно. Тодруулж хэлбэл, шийдвэрийг нөхөж гаргаж болдог уу гэдэг асуулт бол зүй ёсоор асуух ёстой асуулт юм. Жишээ нь, хүн ажилд авах шийдвэрээ гаргачихаад дараа нь сонгон шалгаруулалт явуулсан болж материал бүрдүүлэх боломж бий юу, тухайн шийдвэрийг гаргасан он сар өдөр, дугаарыг хэрхэн баталгаажуулдаг вэ гэдэг асуулт бол буудчихаад анхааруулга өгч болох уу гэдэгтэй л адил асуулт юм. Энэ бол маш том асуулт. Бидний архив, бичиг хэрэг хөтлөх журам энэ тэрхэнээр зохицуулах гээд байгаа энэ асуудлыг өнөөдөр олон улс оронд өндөр ач холбогдол өгч мэдээллийн технологийн боломжуудыг ашиглан нягталж байдаг болсон. Дараагийн асуудал нь хяналтын асуудал. Шилэн дансны хууль маань энэ хүрээнд хамаарна. Ямар нэгэн үйл ажиллагаа явагдаад өнгөрсний дараа баримтад тулгуурлан хяналт хийх бололцоотой байх ёстой. Төрд өөрт нь хяналтын маш том механизм бий. Энэ нь Үндэсний аудитын газар. Санхүүгийн, гүйцэтгэлийн, нийцлийн гэсэн үндсэн гурван чиглэлээр хяналт тавих үүрэгтэй байгууллага. Тэд чиг үүргийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа, мэдээж хяналт тавьж байгаа асуудал болгоноо олон нийтийн сүлжээнд тавиад амьтан шуугиулаад явах нь зорилго нь биш байх. Гэхдээ үүнээс гадна олон нийтийн хяналт хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй, ялангуяа гүйцэтгэлийн хяналтыг сайжруулах зайлшгүй шаардлага байгаа. Шилэнд дансны хуулиар санхүүгийн мэдээллийг ил тод болгосон. Одоо бид төрийн байгууллагуудын гаргасан шийдвэр бүр нь шийдвэр гаргасан цаг хугацаа, шийдвэр гаргасан хүн, үндэслэл зэргийг нээлттэй болгож, тухай бүрт нь шинэчилж байх ёстой. Нөгөө талаас бид мэдээлэл нээлттэй болсоноор үнэхээр хянаж чаддаг иргэний нийгмийн институттэй бил үү гэдгээ бодох цаг нь болсон.

-Төсвийн ил тод байдлыг яаж сайжруулах ёстой вэ?

-Ганц ил тод байдал гэлтгүй төсвийг төлөвлөлтөөс нь эхлээд гүйцэтгэлийг нь хүртэл оролцоог нэмэгдүүлэх, ил тод байдлыг бий болгох нь эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх хүчин зүйл болно. Ил тод байдал дээшилснээр хууль тогтоомжийг мөрдүүлж ажиллах боломж нэмэгдэж байгаа юм. Үүнээс гадна авилгалаас урьдчилан сэргийлэх том хөшүүрэг болно гэдгийг онцолмоор байна.

 Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна