Улс төрөөс нисэх “Бор шувуу”

2015 оны 10 сарын 20

Ардчилсан намын нэр бүхий гишүүд Бүтээн байгуулалтын нам байгуулахаар болсон тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн зарим хэвлэл болон цахим ертөнцөөр цацагдав.  Улсын дээд шүүхээс ийм нэртэй нам бүртгэгдээгүйг онцолж, нэр дурдагдсан улстөрчид нь хүртэл өөрсдөө мэдээ ч үгүй явж байхад хаанаас нисгэсэн нь тодорхойгүй “бор шувуу” саарал ордонд өдөлсөн нь гэнэн сэтгүүлчийн санамсаргүй алдаа биш болов уу. Энэ бол Монголын улстөрд  цаанаа тодорхой зорилготойгоор  үе, үе нисгэдэг “бор шувууд”-ын нэг байсан нь ойлгомжтой. Гэхдээ хэн, ямар зорилготойгоор хаанаас нисгэсэн нь сонин  болохоос “бор шувуу” нисгэх технологи бол манай улс төрд шинэ үзэгдэл биш л дээ.   

Энэ асуудлаар Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр АН-ыг задарч, 2-3 нам шинээр байгуулагдаж байгаа тухай мэдээлэл гарсан. АН-ын бүлгийн даргын хувьд АН задраагүй, өөр нам, эвсэл байгуулагдаагүй гэдгийг албан ёсоор хэлье. Нам байгуулж, АН-аас гарч байгаа гэх нэр нь яригдаж байгаа гишүүдээс бүлгийн даргын хувьд тодруулахад тийм асуудал огт байхгүй гэсэн” хэмээн сэтгүүлчдийн асуултад хариулсан байна лээ. Итгэл үнэмшил, үзэл бодлыг нь харсан ч тэр, арай  ийм хуудуутай шийдвэр гаргах хүмүүс тэд биш юм. Тэгээд ч одоо ийм задрал ярьr суух цаг Ардчилсан намд  болон Ардын намд ч  байхгүй баймаар.

Энэ “бор шувуу”-г гэхэд  арав гаруй сайт, хоёр, гурван  сонингоор нисгэсний цаад эзэн нь харин Ардын намыхан байв уу, Ардчилсан намынхан өөрсдөө байсан уу гэдэг сонирхол татаж байна. Анхаарал татах асуудал нь цацсан мэдээндээ биш цацуулсан цаад субъектдээ байгаа юм.

Болсон болоогүй “бор шувуу”-нууд нисч л байдаг, харин үүр нь хол, ойруу, хажуу хавиргаас уу гэдгээсээ хамаардаг байх. Үнэн худал нь мэдэгдэхгүй, баталгаа, нотолгоогүй энэ мэт мэдээг улстөрийн хүрээнд “бор шувуу” гэж “өхөөрдсөөр” ирсэн. Өнөөдөр ч энэ танил технологийг ашиглаж, нэгнийгээ намнах, тагнах, түнших нь  саарал ордныхны гол зохиол болоод удаж байгаа юм. Цаашдаа ч ийм “бор шувууд”-ын тоо улам ч олшрох биз. Тэр бүхэнд итгэх хэцүү бас байх ч хэцүү. Гэхдээ “Худал мэдээг мянга давтахаар үнэн болдог” гэсэн нэг үг бий.

Сонгууль ойртохын хэрээр санаатай болон санамсаргүйгээр улс төрийн хүрээнээс өдлөх захиалгат “бор шувуу” бум бумаараа наадан цэнгэх нь тодорхой. Тэгэхээр саарал ордонд өдөлж, аль нэг жигүүрээс нь, хэн нэгний өрөөнөөс жигүүр дэлгэх нисэх “бор шувуу” болгон үнэн гэсэн үг биш билээ.  Гэвч, нөгөө талдаа улс төрийн хүрээнээс нисгэж байгаа “бор шувуу” болгоныг бас худлаа гэхэд  бэрхтэй.

Энэ мэт  “бор шувуу”-дын цаад зорилго нь ерөнхийдөө  бусдыгаа гэрэлд цохиулах, хагалан бутаргах, хов, жив өдөөх, хоёр хүнийг, фракциудыг, намуудыг хооронд нь муудалцуулахад чиглэгддэг юм шүү дээ. Өөрөөр хэлбэл, “Бор шувуу”-г  жиргэхээр салхи гарна. Салхи гарахаар савсан унгас хийснэ.  Савсан унгас хийсвэл хургачин хүү зодуулна аа гэж.

Хамгийн ойрхоны жишээ дурдахад л Барилга хот байгуулалтын сайдаар З.Баянсэлэнгэ болно гэсэн “бор шувуу” өнгөрсөн зунжингаа  л  ниссэн. Өөрөө нуугаад байсан болохоос үнэн болж таарсан шүү дээ. Магадгүй З.Баянсэлэнгэ сайд болоход дургүй байсан хажуу хавирганы нөхдөөс нь нисгэсэн “бор шувуу” байсан ч биз.

“Ч.Сайханбилэгийн засгийг огцруулах гэнэ”. “Сайдууд нь Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёроо явуулахаар тохиролцсон гэнэ”, “Ардчилсан нам задрах гэнэ” гэсэн “бор шувуу” сүүлийн үед хэвлэл мэдээлэл болон цахим ертөнцөөс тасрахаа больсон. Ардчилсан намыг муухай харагдуулах  гэсэн тэрхүү “бор шувууд”-ын эзэн нь Ардын нам болоод Ардчилсан намынхан ч өөрсдөө байхыг хэн мэдлээ.

Ямар ч байсан энэ мэт “бор шувуу”-дын цаад зорилго нь ерөнхийдөө  бусдыгаа гэрэлд цохиулах, хагалан бутаргах, хов, жив өдөөх, хоёр хүнийг, фракциудыг, намуудыг хооронд нь муудалцуулахад чиглэгддэг юм шүү дээ. Өөрөөр хэлбэл, “Бор шувуу”-г  жиргэхээр салхи гарна. Салхи гарахаар савсан унгас хийснэ. Савсан унгас хийсвэл хургачин хүү зодуулна аа гэж.

 Ж.ЭРХЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна