Хятадын Стив Жобс

2015 оны 10 сарын 20

Дэлхийн ухаалаг утасны зах зээлийг зөвхөн Apple болон Samsung давамгайлдаг байсан үе ард хоцроход хэдхэн жил дутуу байгаа бололтой. Учир нь Бээжин хотноо төвтэй Шауми компани байгуулагдаад таван жилийн нүүр үзэж буй боловч, энэ хугацаанд өөрийн улсын буюу дэлхийн хамгийн том зах зээлийг аль хэдийн эзэлсэн байна.

 

 

Энэ долоо хоногт Шауми компанийн зарлах гар утасны шинэ загвар болох Mi5 нь хэрэглэгчдийн дунд болон мэдээлэл технологийнхний дунд хүлээлт үүсгээд буй юм.

 

Сүүлийн гучин жилийн турш, Хятадын технологийн салбар "энд зохион бүтээгдэж, тэнд үйлдвэрлэгдэв" гэсэн зарчмын дор явж ирсэн боловч, Хятад улс дээрхи гадны компаниудын эсрэг өөрсдийн зах зээлээ хамгаалах чадвар бүхий загвар дизайн сайтай, үнийн хувьд хямд ухаалаг утсыг иргэддээ санал болгосон нь ийнхүү амжилтанд хүрээд байна. (iPhone хэдийгээр California-д угсрагдсан гэдэг боловч, яг үнэндээ Шенженьд угсрагдсан байдаг аж).

 

 

Ийнхүү амжилт үзүүлж эхэлсэн компани өнгөрсөн оны дунд үе гэхэд 45 тэрбум ам.доллараар үнэлэгдэх Хятадын топ компани болжээ.

 

Шауми компанийг Хятадын Apple хэмээн зүйрлэдэг нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, Mi3 загварын утас нь iPhone-той төстэй хийгдсэн гэж хэлэгддэг бол, Mi4 загварыг хувьд шууд утгаараа хуулсан гэсэн дүгнэлтийг дагуулсанд оршино.

 

 

Анхны загвар болох Mi1-ийг худалдаанд гаргах үед хэдхэн цагийн дотор онлайнаар зарагдаж дууссан бөгөөд, Шауми компани олонд танигдах тусмаа хэдэн минутын дотор бүх бараа нь зарагдаж дуусдаг болжээ. Ийнхүү Шауми компани үнэтэй тансаг зэрэглэлийн ухаалаг утсыг хэрхэн бут цохиж, байрыг нь нөхөн эзэлж болдгийг өөрийн эх орондоо харуулаад байна.

 

 

Нөгөө шалтгаан нь компанийг үндэслэгч, Лэй Жун нь Стив Жобсыг санагдууулам жийнсэн өмд болон хар футболкоор өөрийн стилийг тодорхойлсны сацуу, шинэ бүтээгдэхүүн танилцуулж буй илтгэл тавилт зэрэг хэд хэдэн чанараараа Стив Жобсийг санагдуулдагт оршино. Компьютерийн инженерийн бакалаврын зэрэгтэй энэ эрхэм одоо 46 настай, компанийхаа 77.8%-ийг эзэмшдэг аж.  

 

 

Лэй Жунгийн BBC агентлагт дурдсанаар, Шауми компанийн бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр гарахад нэг юм уу хоёр жил шаардлагатай гэнэ.

 

Одоогийн байдлаар Шауми компанийн хэтийн зорилт нь Хятад Компани АНУ-аас хуулах биш, харин АНУ-ын компаниуд Хятадаас загвар технологийг нь хуулдаг болох гэнэ.

 

 

Компанийн энэ мэт амжилтад нөлөөлсөн бас нэг шалтгаан нь Шауми компани Google-ийн топ гүйцэтгэх захирлуудын нэг болох Хюго Барраг урьж ажилуулсан явдал юм.

 

 

2010 онд Шаумиг байгуулсан Лэй Жун нэг жилийн дараа гэхэд 20 старт-ап компаниудад хөрөнгө оруулснаар түүний хөрөнгийн эргэлт улам ч илүү баттай болж, 2014 онд Хятадын хамгийн баян найм дахь хүн болж, хөрөнгө нь 9.9 тэрбум доллар болжээ. Харин одоо Шауми компанийн өөрийнх нь үнэлгээ л гэхэд 45 тэрбум доллар байгаа тул Лэй Жунгйн хөрөнгө нь 35 тэрбумаар хэмжигдэх болжээ. Түүний хувьд тавхан жилийн дотор үсрэнгүй амжилтыг үзүүлж чадсан нь яах аргагүй үнэн бөгөөд анх компаний нээж байх үедээ Forbes сэтгүүлээс гаргасан Хятадын хамгийн баян 400 хүнээс 201-т бичигдэж байсан атлаа, 2014 онд оны шилдэг бизнесмэн шагналыг авжээ.

 

 

Бэлтгэсэн: Г.СҮМБЭЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна