Афганистанаас АНУ явахгүй

2015 оны 10 сарын 20

Massoud Hossaini/AP. Афганы үндэсний армийн нисдэг тэрэг, АНУ-ын цэргийн хуягт машин Кандагар дахь  нисэх бааз дээр

 

АНУ цэргийн нэгтгэлээ 2016 оноос хойш Афганистанд үлдээнэ гэж өнгөрсөн пүрэв гаригт Америкийн  ерөнхийлөгч Барак Обама мэдэгдсэн билээ. АНУ-ын хүчин Афганд байх нь Орост ашигтай байж болох юм. Сүүлийн үед Дундад Азид исламчуудын бүлэглэл нэвтрэх аюул их байгааг Владмир Путин нэг биш удаа хэлсэн.  Гэвч хямралаас өмнөх үеийнх шиг хэмжээнд Орос, НАТО хоёр харьцаагаа сэргээх хүртэл хол байгаа.

 

“Афганистан дахь  байлдааны ажиллагаа төгссөн. Гэхдээ Афганистан ба  түүний ард түмнийх нь өмнө авсан бидний үүрэг хэвээр үлдсэн” Барак Обама Цагаан ордонд үг хэлэхдээ мэдэгдсэн юм. Америкчууд Афганистанд үлдэнэ, гэхдээ үүрэг зорилго  бол өөр болно” хэмээн Обама хэлжээ.

 

Афганистанд 2016 оны сүүлч хүртэл 9800 америк цэрэг үлдэх юм. Тэдний тоо нь 2017 он гэхэд 5000 болсон байх ёстой. CNN телевиз тэмдэглэснээр, энэ талын шийдвэрийг Афганистаны ерөнхийлөгч Ашраф Гани болон ерөнхий сайд Абдулла Абдуллатай зөвлөлдсөний дараа  гаргах юм.

 

Ерөнхийлөгч асан Ахмед Карзайгаас илүү итгэдэг өнөөгийн тэргүүн  Ганийн засаглалыг бэхжүүлэх үүднээс Обама ийм шийдвэр гаргасан байж болох талтай. АНУ энэ шийдвэрээ энгийн бус цагаар гаргаж байна.  Аравдугаар сарын эхээр Америкийн Нисэх хүчин “Хил хязгааргүй эмч нар” гэх олон улсын байгууллагын эмнэлгийг  бөмбөгдөн 22 хүний амийг хөнөөсөн байлаа. АНУ-ын ерөнхийлөгч мэдээж, Афганы төрөөс уучлалт гуйсан. Америкийн цэргийнхэн болсон хэрэг явдлыг эмгэнэл гэж нэрлэхийн зэрэгцээ амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд  нөхвөр амлаад байгаа.

 

Афганистанд 2001 оноос хойш байрласан цэргийн гол хүчнээ АНУ ба НАТО татсан байгаа. Одоо Америкийн цэргийнхэн Кабул хот түүний ойролцоо байрлан голчлон талибуудтай тэмцэлдэх Афганы цэргийнхнийг сургаж байгаа юм.

 

Талибууд стратегийн чухал Кундуз хотыг эзэлсний дараа АНУ цэргээ үлдээх шийдвэрийг гаргаж байгаа юм.  Америкийн цэргийнхэн оролцсоны дараа л хотыг эргүүлэн авч чаджээ. “Кундузын хэрэг явдал нь Афганы арми аюулгүйн асуудлыг шийдэж чадахгүйг харуулсан хэрэг” хэмээн орчин үеийн Афганистаны судалгааны төвийн тэргүүн Омар Нессер хэлжээ.

 

Америкийн цэргийнхэн афганчуудыг сургахад хэдэн зуун сая доллараа зарцуулаад байгаа. Гэтэл тэдний сургасан 7000 цэрэг, офицерүүдын байлдааны чадвар нь Зөвлөлтийн  талынх байсан Нажибуллагийн дэглэмийн үеийн армийн хэмжээнд хүрэхгүй байна.

 

Гэтэл Афганы асуудал нь АНУ ба НАТО-гийн хувьд олон улсын терроризм мөн Сирийн байдалтай нягт уяалдаатай. Саяхан НАТО Брюссельд цугларахдаа Афганистаны байдлыг тусгайлан авч хуралдсан байв. Тэр тусгай уулзалтын тдараа “ манай олон холбоотнууд шаардлагатай гэвэл Афганд үлдэхэд бэлэн байна” гэж НАТО-гийн дарга Йенс Столтенберг  мэдэгдсэн юм.

 

Афганистанд бусад орнуудын 6000 цэргийн албан хаагч байгаа нь нэдээдгүй хүч юм.  Төв Азид занал хийж байгаа террористуудын аюул нь АНУ ба НАТО-гийн Афганистан дахь ажиллагааг  цанаанаа нааштайгаар дэмжихээр Москваг хөдөлгөж магадгүй.

 

Исламын дайчид нэн түрүүнд “исламын улс” бүлгийнхэн  нэн түрүүнд Оросын бааз нь байдаг Тажикистанаар дамжин Төв Азид нэвтрэнэ гэсэн түгшүүр Орост байгаа. Сая Казахстанд болсон Тусгаар  Тогтносон орнуудын холбооны саммит дээр Оросын ерөнхийлөгч Афганистаны байдлыг маш ноцтой, тэнд 50 мянгаад исламчууд байгаа гэж сануулж байв.  

 

Орос өөрөө ч Афганистаны  батлан хамгаалах чадварыг бэхжүүлэхийн төлөө байгаа.  Энэ талын хүсэлт Афганы дэд ерөнхийлөгч Рашид Дустум зэргийн зүгээс  хүсэлт ирж байгааг Орос хэлж байна. Америкчуудын Афганд явуулж байгаа бодлого системгүй “үсрэлтээс үсрэлт хийсэн стратеги” гэж Оросн ГХЯ үзэж байгааг нэрээ нууцалсан эх сурвалж хэлж байна. Америкчууд  Афганистанд байсан хугацаанд  аюулгүй төвшин буураагүйгээс гадна, хар тамхины наймаа өссөн гэж оросууд хэлж байгаа. НАТО-тай харилцаа буухаас өмнө Оросын цэргийнхэн Афганистаны талаар идэвхтэй хамтарч байсан юм. Түүний нэг жишээ нь Оросын нисдэг тэргийг Афганистанд нийлүүлж байгаа гэрээ юм. Гэрээний төлбөрийг АНУ хийж байна. Орос Америкийн хамтарсан сонирхол тэднийг шинээр хамт ажиллахад хүргэж магадгүй юм. Гэхдээ тэр нь өнөөгийн ерөнхийлөгч Барак Обамаг 2016 онд явсны дараа гарах болов уу.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна