Н.Алтанхуягийн санаачилсан хуулийг хэлэлцэх үү?

2015 оны 10 сарын 20

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өнгөрсөн зургадугаар сарын 4-нд гишүүнийхээ бүрэн эрхийн дагуу Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэхэд арга хэмжээний тухай төслүүдийг УИХ-д өргөн барьсан. Гэвч, уг хуулиудын төслийг хэлэлцүүлгийн шатанд зогсоосон юм. Тэгвэл  саяхан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг УИХ-ын дарга З.Энхболдод уг хуулийн төслүүдийг хэлэлцэх талаар шаардлага хүргүүлсэн билээ. Хэлэлцүүлгийн шатанд нь зогсоосноос хойш дөрвөн сар “гацсан” Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэхэд арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулжээ. Гэвч хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон хэдий ч уг хуулиудыг УИХ-аар хэлэлцэх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Эдгээр хуулийн төслийг хэлэлцэж, шийдвэрлэснээр НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн заалтыг хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг нэмэгдүүлэх төдийгүй Цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны хяналт нь ашиг сонирхлын зөрчилгүй, холбогдох хуульд заасны дагуу хэрэгжинэ гэж хууль санаачлагч нь үзэж байгаа бололтой. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан прокурорын хяналт хэрэгжих нөхцөл бүрдэх, Иргэд хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, өргөдөл, гомдол шийдвэрлүүлэх нөхцөл сайжрах зэрэг олон асуудлыг шийдэх гарц нь болно гэж зарим улстөрчид тайлбарлаж байна.

Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна