Н.Батцэрэг сайд иргэний зөвлөлтэй хамтран ажиллана

2015 оны 10 сарын 20

БОНХАЖЯ, Монголын байгаль орчны иргэний зөвлөл хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хойш хоёр жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд өмнө нь байгуулсан хамтын ажиллагааныгэрээг хүчингүйд тооцсон байна. Уг гэрээнд БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, МБОИЗ-ийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнээ нар гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны гэрээнд Монгол улсын байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын бодлогын эрх зүйн шинэчлэл, тэдгээрийг хэрэгжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах, хүн ба биологийн олон янз байдалд хохирол багатай төлөвлөх зэрэг асуудлууд тусгагдсан байна. Салбарын сайд Н.Батцэрэг гарын үсэг зурах үйл ажиллагааны үеэр “Байгаль орчин ногоон хөгжилд хувь нэмрээ оруулдаг та бүхэнтэй уулзаж байгаадаа таатай байна. Мэдээж байгаль хамгаалана гэдэг бол хав дарж суухын нэр биш, зохистой ашиглаж, хамгаалж, нөхөн сэргээхийн нэр юм. Би та бүхнээс агаарын бохирдол, хог хаягдал, хөрсний бохирдолд дээд зэргээр анхаарал хандуулан, хэвлэл мэдээлэл, холбогдох байгууллагуудтай хамтран, голлон анхаарч ажиллахыг хүсч байна” гэсэн бол МБОИЗ-ийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнээ “Хамтран ажиллахдаа туйлын таатай байна. Бид энэ тал дээр чадах бүхнээ дайчлан ажиллах болно. Мөн бидэнд тулгамддаг нэг асуудал бол мэргэжлийн байгаль орчны аудитор бэлтгэхэд тавигддаг шаардлага юм. Та үүнд анхаарлаа хандуулж, бидэнд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх боломж нээж өгнө үү” хэмээн хүссэн юм. Салбарын сайд энэхүү асуудлыг анхааран авч үзнэ хэмээн хэлээд хүрэлцэн ирсэн МБОИЗ-ийн гүйцэтгэх захирал болон гишүүдэдшинээр хэвлэгдэж гарсан “Улаан ном”, “Дархан цаазат Богд хан уул” хэмээх номыг гарын бэлэг болгон өглөө.