Хуримтлалтай иргэн Монголын баялаг

2015 оны 10 сарын 20

/Дэлхийн хуримтлалын өдөрт зориулав/

-Мөнгөний төлөө ажиллах уу, мөнгийг ажиллуулах уу-

Эдийн засаг хямарч, дээр дооргүй бужигналдаж байгаа энэ үед тэгтлээ барьц алдахгүй, харин ойрын таван жилийг багцаалсан шиг ээ олз ашгаа тооцож суугаа  нэг хэсэг байна. Хямрал олонхид хүндрэл бэрхшээл учруулж байгаа ч бүгдийг сөхрүүлж чадахгүй учир бас бий. Эдийн засаг хүнд бэрх үед ч өөртөө хөрөнгө оруулалт хийж, ирээдүйгээ улам баталгаатай болгож байгаа тэр хэсэг бол хуримтлалтай иргэд юм. 

Санаж байгаа бол, 2008 оны сонгуулийн дараа эдийн засаг хүндэрч, бэлэн мөнгө эрс ховордсон. Энэ үед үл хөдлөх хөрөнгө, автомашины үнэ эрс хямдарсан билээ. Байрны үнэ шалдаа бууж, автомашин борлуулдаг аж ахуйн нэгжүүд хүүгүй, урьдчилгаагүй лизинг санал болгож байлаа. Бэлэн мөнгөөр нь авбал тэртэй тэргүй хямдарчихсан зах зээлийн үнээс 10 хувь бууруулж өгөх болзол жишиг болох шахаж байв. Хуримтлалтай байсан иргэд энэ үеийг ашиглаад амьдралдаа томоохон хөрөнгө оруулалтыг хийж авсан. Долоон жилийн өмнө байсан тэр боломж одоо ч байна. Хоёр жилийн өмнө хямдхан сонсогдож байсан Буянт-Ухаа хорооллын байр одоо үнэтэй сонсогдох болов. Гурван жилийн өмнө 13-16 сая төгрөгөөр зарагдаж байсан Тоёота Приус машины үнэ хоёр дахин буурч 4-8 сая төгрөгөөр худалдаалагдаж байна. Хамгийн нийтлэг унаа гэдгээр нь “Приус”-ыг жишээ татаж байгаа болохоос орж ирсэн автомашины үнэ ханш 30-50, хуучин машины үнэ ханш 30-50 хувиар буурчихаад байгаа юм.

Орон сууц, автомашин худалдаж авах зорилгоор хуримтлал үүсгэж буй жирийн гэр бүлүүдийн хувьд авч үзэхэд л ийм байгаа болохоос идэж уухаасаа илүү гарсан, арай дөнгүүр нэгний хувьд бүр ч илүү боломж бий болж буй. УИХ, Засгийн газраас боловсруулсан эдийн засгийн хямралыг даван туулах, төсвийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх арга хэмжээний  жагсаалтад “Өмч хувьчлах” асуудал багтсан байгаа. Энэ бол эдийн засгийн хүндрэлийг даван туулахад иргэдийн хуримтлалыг ашиглах гэсэн санаа. Овоохон шиг хуримтлалтай иргэн өмч хувьчлалд оролцож, үе уламжлан өвлөгдөх насан туршийн хөрөнгөтэй болох боломж нээгдэж байна. Засгийн газар Төрийн өмчийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. Монгол Улсад төрийн өмчийг төр, аймаг, нийслэл, сум дүүрэг гэсэн шатлалтай 400 гаруй субъект захиран зарцуулж буй. Үүнийг болиулж, Засгийн газар бүх өмчийг өөртөө төвлөрүүлэх нь дээр хуулийн гол зорилго юм. Шуудхан хэлэхэд, энэ бол өмч хувьчлалын бэлтгэл ажил. Монгол улс даяар байрласан, хэдэн арав, зуун мянгаар тоологдох өмч хөрөнгөө Засгийн газар бүгдийг нь өөртөө байлгаад байхгүй. Шаардлагатай объект, аж ахуйн нэгжүүдийг худалдаж л таарна. Төрд ашиггүй ажиллаж байсан аж ахуйн нэгжүүд хувьд гараад ашигтай ажилладаг туршлага байдаг учраас хувьчлал нь зайлшгүй ажил. Ингэснээрээ төсвийн алдагдлыг нөхөх, нэмэлт эх үүсвэр бүрдүүлэх төлөвлөгөөг биелүүлэх нөхцлийг ч давхар хангаж байгаа юм. Хуримтлалтай иргэдэд чухамхүү алтан боломж гарч ирнэ. Басхүү улсынхаа эдийн засагт тус дэм болж байгаа хэрэг гэдгийг энд хэлэх нь илүүц биз ээ.    

Хямралтай ч хуримтлуулж эхэл

Эдийн засгийн хямрал бол сүйрэл биш. Зах зээлийн тогтолцооны ерөнхий онол дотор байн, байн заавал тохиож байдаг эдийн засгийн мөчлөг, үе шатуудын талаар тусгайлан дурьдсан байх бөгөөд хүндрэлтэй буюу хямралыг харин ч “Боломж” гэж тодорхойлжээ. Олонхийн хувьд хямрал нь хүсүүштэй зүйл биш ч гэсэн “Түрүүчийн үе шатынхаа гажуудал, туйлшралыг илрүүлж, зах зээлийн эдийн засгийг тогтворжуулагч үйл явц бөгөөд хөөрөгдөл, гажуудал, туйлшралыг зөөлрүүлж, эдийн засгийн тогтвортой байдлыг сэргээж өгдөг” ашигтай. Түүнчлэн иргэдийн хуримтлал үүсгэх сэдлийг өдөөж өгдөг гол хүчин зүйл гэж тооцогддог, хямралын дараагийн жилүүдэд банкны хадгаламжийн хэмжээ ихээр нэмэгддэг ажээ. Тийм ч учраас чухам 2015 оноос, яг одооноос хуримтлалаа үүсгэж эхлэхийг нийт монголчууддаа уриалж байна.

Мөнгө хуримтлуулна гэдэг хэлэхэд амархан юм шиг боловч хийхэд байдаг шүү дээ. Гэхдээ мөнгөний онцлогийг өөр дээрээ нэг мэдэрсэн байхад цаашдаа асуудал үгүй болно. Мөнгөнд хүч бий. Тэр хүч нь олуулаа, цугтаа байхдаа гарч ирдэг. Та цалингаасаа тодорхой хэсгийг банкинд хадгалуулж эхэллээ гэж бодъё. Банк таны хадгалуулсан мөнгөнд хүү бодож өгнө. Өөрөөр хэлбэл, та мөнгөний төлөө ажиллаж байсан бол хуримтлал үүсгэснээр мөнгө таны төлөө ажиллана гэсэн үг. Хуримтлал ихсэх тусмаа хүч чадал нь улам ч нэмэгдэнэ. Зах зээлийн зүй тогтлоороо эдийн засгийн хүнд мөчлөгүүд тохионо. Энэ үед бэлэн мөнгөний хүч чадал улам ч нэмэгдэнэ гээч. Бэлэн мөнгөний хомсдлоос үүдэн зах зээл дээр үнэ буурдаг. Үнэ буурах тусам худалдаж авах чадвар нэмэгдэх нь мэдээж. Чухам ийм л учраас хуримтлалтай иргэн хямралд гал алдахгүй, харин ч баярладаг. Нөгөө талаар, эдийн засаг хямралтай, хүнд хэцүү үед хуримтлалаа зарцуулснаар улс орноо ч дэмжиж байгаа гэсэн үг юм. Монгол түмний суут хөвгүүн, мятаршгүй эх оронч Ерөнхий сайд агсан  П.Гэндэн “Баяжигтун” хэмээн уриалж, Ерөнхий сайд асан Д.Содном “Хуримтлалтай иргэн Монголын баялаг” хэмээн дуу алдсаны углуурга нь чухам үүнийг л ухаарч ойлгосных биз ээ. Монголчууд аа, яг одоо хуримтлуулж эхэлцгээе.

 

Капитал банк

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна