Манай хот гоё болж байгаа

2015 оны 10 сарын 20

News агентлаг аравдугаар сарын 29-нд тохиох “Нийслэлийн өдөр”-ийг угтан энэ долоо хоногийн онцлох асуудлаар “ХОТЫН ХӨГЖИЛ” сэдвийг сонгож байна.


Хотын иргэн та амьдарч буй орчноо цаг гаргаж, хэрэг болгон ажиглаад нэг үзээрэй. Гурван жилийн өмнөхтэй харьцуулахад хот өөрчлөгдсөн шүү.

"Зуудаг улаан" нэртэй зуун айлын замыг дөрвөн замын уулзвар болгон өргөтгөж, гүүрэн гарц тавьж өгснөөр авто машинууд саадгүй зорчиж, түгжрэл үүсэх нь багассан. Гүүрэн гарцаар  явган зорчигч алхаад л замынхаа урд хойно гарна. Сэлбийн гүүрийг дагаад өмнө нь үргэлжилсэн их хог хөглөрдөг байсан бол одоо хүүхэд залуучуудын очих дуртай газрын нэг болж, өөрчлөгдсөн. “Бөмбөгөр” худалдааны төв рүү ороход ч айх эмээх зовлонгүй. Гүүрэн гарцаар алхаад л худалдааны төв рүү орно.

"Цэцэг" төвийн өмнөх уулзварыг дөрвөн замын уулзвар болгон өргөтгөснөөр бөглөрөл үүсдэг гол замын ачаалал буурсан. Гурав, дөрөвдүгээр хорооллын авто замыг ч бас өргөн болгож зассан. “Өргөө” кино театр, Саппорогийн уулзвар, нэгдүгээр хорооллын арын зам ч шинэчлэгдсэн. Баянзүрхийн товчооноос Богд уулын араар дамжуулан Яармагийн гүүр хүртэлх 17.1 км авто замыг барьснаар шинэ зам бий болсон. Хотын төвөөр зорчиход амаргүй байвал дээрх замаар давхичихаж болно. Зуслан руу явахад “нисээд” л очиж байна. Налайхаас Улаанбаатар хот руу ирэхэд 30-40 минут л зарцуулдаг болж...

Гэр хорооллын замууд ямар байсныг нэг санаарай. Ердөө хоёр урсгалтай замтай. Ажил эхлэх, тарах цагаар мөнхийн түгжрэл үүснэ. Дөрвөн урсгалтай болгож, шинэчлэн өргөтгөснөөр түгжрэл ч саарч байна. Дээр нь авто зам бүхэн явган хүний замтай, гарах гарцтай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдсан байх ёстойг нийслэлчүүд саяхнаас л мэддэг болсон.

Өмнө нь зам бариулахад ямар их зовлон туулдаг байсан юм бэ?. Газраа чөлөөлөхгүйгээс замаа өргөтгөж, шинэчилж чадахгүй хэдэн жилээр ажил гацна. Арайхийн хэл ам болж, ажил эхлэхэд замын компани нь нэмэлт санхүүжилт шаардаад “хэвтчихнэ”. Шахаж шаардсаар ажил эхлэх болоход намар дуусч, өвөл залган ирэх жилийн хаврыг хүлээхээс аргагүйд хүрдэг. Гэхдээ хавар ирэхэд ажил шулуун үргэлжлэхгүй, өнөөх замын ажлын гүйцэтгэгч нь солигдоод шинэ “эзэн”-тэй болчих тохиолдол бий. Одоо бол хийж чадах нь ажил авна, чадахгүй нь зайгаа тавьж өг гэдэг дүрэм барьдаг учраас  8.2 км авто замыг 22 хоногт багтаан барьж, ашиглалтад хүлээлгэн өгч байна. Энэ бол өнгөрсөн гурван жилийн хугацаанд баригдсан авто замуудын ердөө нэг хэсэг нь. Бүгдийг бичнэ гэвэл тоймгүй юм болно.

Гэр хорооллыг хараарай. Айлууд эхнээсээ газраа орон сууцаар сольсноор шинэ тохилог сууцанд амьдардаг боллоо. Саяхан Баянзүрх дүүрэгт 144 айлын орон сууц ашиглалтад орсон. Араас нь энэ жишгээр ашиглалтад орох сууц олон бий. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд ч шинэ, шинэ орон сууцууд сүндэрлэн босч байна. Улаанбаатар хотыг утаанаас салгах хамгийн зөв гарц нь орон сууцжуулах.

Ахмадуудад зориулсан орон сууц ч баригдаж, нэг хэсэг нь суурьшсан. Түрээсний байранд тэтгэврийнхээ хэдэн төгрөгийг тэр чигээр нь барих шахам амьдардаг байсан ахмадууд өнөөдөр халаалт, дулаан, усныхаа төлбөрийг л төлөөд амьдарч байна. Хэрвээ дээрх байр баригдаж ашиглалтад ороогүй бол энэ хүнд үеийг тэдгээр ахмадууд яажшуухан давах байсныг хэлэхэд бэрх.

Уг нь Монгол Улс ахмадууддаа зориулсан байрыг нэгээр тогтохгүй нэлээд хэдийг барьчих хөрөнгө байгаагүй биш байсан. Зөв зүйлдээ л зарцуулж чадаагүй хэрэг. МАН Засгийн эрхийг барьж байхдаа Хүний хөгжил сангийн нэрээр гурван жилийн хугацаанд 800 тэрбум төгрөг “цацсан” байдаг. Ийм их хөрөнгөөр сургууль, цэцэрлэг юуг ч барьж болно. Ядаж л ахмадуудад бэлнээр 500 мянган төгрөг тарааж байхын оронд орон сууц барьчихсан бол өнөөдөр олон ахмад санаа амар амьдрах байсан даа. Одоо тэд гасалж сууна, яах гэж Ардын намд саналаа өгөв өө гэж...

Үнэндээ ч харамсах зүйл их байна. Иргэдэд тараасан 800 тэрбум төгрөгийг бодохоор гол харлах ч багадна. Яаж сэтгэхээрээ “Оюутолгой” компаниас авсан зээл, “Чалько” компаниас урьдчилж авсан зээл, “Эрдэнэт” үйлдвэрээс бий болсон орлогыг иргэндээ тараах “сэцэн” ухаан хаанаас төрснийг бодоод олохгүй юм. Монголоо хорлоно гэж л  үүнийг хэлэх байх. Хэрвээ дээрх хөрөнгийг “Чингис” бонд шиг үйлдвэрээ өргөтгөх, шинээр зам барих, Улаанбаатар хотын гудамжуудыг өргөтгөх, ядаж л төв цэвэрлэх байгууламжаа шинэчлэхэд зарцуулсан бол гэх харамсал одоо ч олон хүнд төрж байгаа.

Гэр хорооллыг хараарай. Айлууд эхнээсээ газраа орон сууцаар сольсноор шинэ тохилог сууцанд амьдардаг боллоо. Саяхан Баянзүрх дүүрэгт 144 айлын орон сууц ашиглалтад орсон. Араас нь энэ жишгээр ашиглалтад орох сууц олон бий. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд ч шинэ, шинэ орон сууцууд сүндэрлэн босч байна. Өөдрөгөөр харъя. Манай хот гоё болж байгаа.

Ер нь бол ажил хийгээгүй хүн шүүмжлэл сонсдоггүй юм. Гарт баригдаж, нүдэнд харагдаж ажил хийсэн нь бусдын амны бай болдог хойно доо.

Урьд өмнө нь Улаанбаатарын хог ямар байсан билээ. Жаахан салхи гарангуут л шар торнууд толгой дээгүүр элээ шиг хийсдэг байсныг МАН-ынхан мартчихжээ гэмээр. Арван зургаан жил Улаанбаатарыг хогтой, тоостой, шороотой байлгасан Ардын намын дарга нар “Алтан сарнай”-гаар бие биенээ шагнаад зогсч байсан шүү дээ.

Жилийн настай цэцгэнд мөнгө зарлаа л гэх юм. Тэгээд хот чинь шороотойгоо байх ёстой байсан гэж үү, МАН-ынхан. Т.Билэгт, Ц.Болормаа, Т.Бадамжунай, М.Энхболд, Ц.Батбаяр, Г.Мөнхбаярын үед тийм бүтээн байгуулалт хийсэн, ийм мөнгөөр гудамж талбайг шинэчилсэн гэсэн судалгаагаа ил гаргаад Э.Бат-Үүлийн хийсэнтэй харьцуулаад тавибал шударга харагдана.  Тэгж ярих юм бол Улаанбаатар хотод Ардын намыг засаглах үед хотын хог толгойны өвчин байсан даг. Гэр хорооллынхон хогондоо дарагдаж, хоёр, гурван сараар ч хогоо ачдаггүй байсан үе олон гардаг байлаа. Сар шинэ, баяр ёслолоор бөөн хэрүүл, зарга болж ачдаг. Тэгсэн мөртлөө н сар болгон 2500 төгрөг авна, тэр мөнгийг юунд зарцуулснаа МАН-ынхан "шилэн данс"-аараа харуулах нь битгий хэл хаалгаар нь шагайх эрх хотынхонд байдаггүй байсныг худлаа гэх үү. Шөнө, орой гэр хорооллын гудамжаар алхахаас айж, гэмт хэрэг, хэрэг зөрчил тэнд л голдуу гардаг байлаа. Аргагүй шүү дээ, гэрэлтүүлэг нэрээр баахан шон босгодог, гэрэлтсэн ч юмгүй мөнгө зараад дуусдаг байсан юм чинь. Тэгвэл өнгөрсөн 16 жилд Ардын намныхны хийгээгүй ажлыг гурван жилийн дотор хэрэгжүүлж хотын захын гэр хороолол шөнө өдөр шиг гэрэлтэй болсон байна лээ.

Санахгүй байгаа бол сануулъя. Ой санамж байдаг л бол өчигдрийн Улаанбаатарыг өнөөдрийн Улаанбаатартай харьцуулаад  үзье.

Баянхошуу, Долоон буудлын гудамжаар яваад хараарай. Гудамжиндаа үнсээ хаяад, угаадсаа асгачихдаг, түүн дээрээ халтирч унаад, бэртэж гэмтээд явдаг байсан биш бил үү. 

Тиймээс Ардын намын засаглалын үеийн Улаанбаатарын гэр хороолол өнөөдөр хэрхэн өөрчлөгдөж байгаа нь нүдэн дээр ч ил байна.  Өө бас, автобусны буудлуудаа ажаарай. Шил толь болсон буудлууд өмнөөс чинь угтана. ТҮЦ-үүдийг хар. Өмнө нь ямар байлаа. Буудлынх нь дээврийн төмөр салхинд хийсээд л... Дэргэд нь ТҮЦ нэртэй шавар амбаарууд шавааралдаад, архичдын шээс баас болсон, өмхий үнэртэй байсныг олон хүн өнөөдөр мартсан байх л даа. Үнэнийг хэлэхэд өчигдрийн Улаанбаатарын асуудлуудаа өнөөдрийн МАН мартаад байна уу эсвэл мэдэн будилаад байна уу.

Тун удахгүй Яармагийн гүүрээс Нисэх, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км автозам удахгүй ашиглалтад орно. 2012 оноос тавигдаж эхэлсэн уг зам зорчих хэсгийг  23 метр өргөн болгосны сацуу замын хажуугаар 10 км урт явган хүний зам тавьжээ.

Энэ мэтээр Улаанбаатар хот өдрөөс өдөрт өнгө засч байна. Өчнөөн мөнгөөр цэцэг тарилаа гэдэг. Өмнө нь хог, шороон дунд алхаж байснаас дээр санагддагүй гэж үү. Юу ч хийхгүй “идэж” байснаас юм хийгээд шүүмжлүүлсэн нь дээр. 

Зүтгэл, сэтгэл байхад бүтээж, хийж чаддаг гэдгийг харуулж байгаа өнөөгийн хотын удирдлагуудад баярлалаа гэж хэлье.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна