Авто замын тухай хуулийн төсөл боловсруулна

2015 оны 10 сарын 20

Өнгөрсөн долоо хоногийн засгийн газрын хуралдаанаар Авто тээврийн тухай хуулийн үзэл баримтлалыг хэлэлцэж хууль боловсруулах үүргийг Зам тээврийн сайд М.Зоригтод өгсөн. Түүнчлэн Авто замын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд хуулийг боловсруулж засгийн газрын хуралдаанд оруулж ирэхийг даалгажээ.

Авто замын тухай хууль 1998 оны нэгдүгээр сарын 2-нд анх батлагдсан. Үүнээс хойш нийтдээ найман удаа өөрчлөлт орсон юм. Хууль батлагдсанаас хойш монгол орны эдийн засаг, дэд бүтцийн асуудал нилээн өөрчлөгдсөн. Тиймээс авто замын стандартыг шинээр боловсруулах шаардлага гарч ирж байна. Тухайлбал Монгол Улс 2010 онд 2400 гаруй км хатуу хучилттай замтай байсан бол 2015 онд 5435 км болж нэмэгджээ. Монгол Улсын авто замын сүлжээний нийт урт 49 мянган км, үүний 12 мянга нь олон улсын чанартай авто замын сүлжээ байдаг. Иймд дэд бүтцийн хөгжлийг сайжруулахад авто зам бол маш чухал үүрэгтэй гэж засгийн газрын гишүүд үзэж байна.

Нийт ачаа эргэлтийн 65 хувийг авто замаар тээвэрлэдэг. Зорчигч тээврийн тухайд 98 хувийг авто замаар тээвэрлэж байна. Дээрх тооноос харахад авто зам бол чанартай, найдвартай, аюулгүй байдлыг хангасан байгаль, экологид ээлтэй байх нь чухал. Дээр нь авто замын сүлжээний шинэ технологи ашиглах хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардагдаж байгаа учираас Авто замын тухай хуулийг хэлэлцүүлж УИХ-аар батлуулах нь зүйтэй гэж Засгийн газар шийдвэрлэжээ.   

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна