ОУУХ-ны дэд ерөнхийлөгч Монголд зочлов

2015 оны 10 сарын 20

-Монголын уулчдын үндэсний холбоо /МУҮХ/-ны урилгаар Олон улсын уулчдын холбоо /ОУУХ/-ны дэд ерөнхийлөгч Питер Фааркаш Монгол улсад айлчиллаа-

Монголын уулчдын үндэсний холбооны урилгаар ОУУХ-ны дэд ерөнхийлөгч, ноён П.Фааркаш энэ сарын 14-19-ний өдрүүдэд Монголд зочилллоо.

Айлчлалын гол зорилго нь манай оронд өндөр уулын авиралт болон түүний үндсэн төрлүүд болох спорт авиралт, хаданд авиралт, мөсөнд авиралтын төрлүүдийн өнөөгийн хөгжлийн түвшинг МУҮХ-ны зүгээс танилцуулах, ОУУХ-той хамтран ажиллах хөтөлбөр, арга хэмжээг нарийвчлан хэлэлцэж санал солилцох явдал байв.

Айлчлалын хөтөлбөрт Монголын уулчдын гурван үеийн төлөөлөл болон хот, хөдөө орон нутгийн уул, явган аялалын клубүүдийн төлөөлөгчтэй уулзалт хийх, УБ хотод үйл ажиллагаа явуулж буй спорт авиралтын бэлтгэлийн хана, Тэрэлж дэх хаданд авиралтын замыг газар дээр нь очиж үзэх, манай улсын тамиридаас үзүүлэх авиралт хийх, Богд уулын Цэцээ гүн оргилд хамтарсан алхалт хийх, Монголын Үндэсний Олимпийн хороо, Эрүүл мэнд, спортын яам, Монгол-Унгарын Парламентийн бүлгэмийн төлөөлөлтэй хийх уулзалт зэрэг олон арга хэмжээ багтжээ.

МУҮХ-ноос спорт авиралт болон мөсөнд авиралтын төрлүүдийг цаашид эрчимтэй хөгжүүлэхийн тулд материаллаг баазаа бэхжүүлэх, багш боловсон хүчин бэлтгэх, олон улсын тив, дэлхийн аваргын тэмцээнд тамирчдаа оролцуулах чиглэлд түлхүү анхаарч буйн шалтгаан нь эдгээр төрлүүд нь өвөл, зуны Олимпийн их наадмын төрөлд шинээр нэмэгдэх магадлал нэмэгдэж байгаатай холбоотой юм байна.

Энэ онд МУҮХолбоо үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ой тохиож буй бөгөөд удахгүй энэ сарын сүүлчээр Олон улсын уулчдын холбооны ерөнхий чуулганы хуралдааны өмнө болж байгаагаараа онцлог айлчлал юм.

МУҮХ нь Олон улсын уулчдын холбооны жинхэнэ гишүүн бөгөөд тус холбооны Залуучуудын комисст сурвалжлагч гишүүнээр сонгогдон ажилладаг байна.

Эх сурвалж: Монголын уулчдын үндэсний холбоо

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна