Оюутнууд өөрсдөө буруутай гэв

2015 оны 10 сарын 20

Монголын оюутны холбооныхон 100 гаруй мянган оюутнаа төлөөлөн нийтийн тээврийн цахим карттай холбоотойгоор өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн. Өдгөө тэд Чингисийн талбайд оюутнуудын санал, гомдлыг хүлээн авч ажиллаж байна. Тэдний хувьд хичээлийн шинэ жил эхлээд хоёр сарын хугацаа өнгөрч байхад оюутнуудыг автобусаар үнэгүй үйлчлүүлэх боломжоор хангаж өгөөгүй хэмээн нийслэлийн удидлагуудыг буруутгаж байна.

Энэ жилийн хувьд 94 мянган оюутанд нийтийн тээврээр үнэгүй зорчих цахим карт олгохоор болсон. Харин карт хэвлэлт, олголтын ажлыг Монголын оюутны холбооноос нийслэлийн Боловсролын газарт шилжүүлсэн. Чухамдаа Монголын оюутны холбооныхны зүгээс 40 гаруйхан ажилтантай, оюутнуудаас ангид байдаг нийслэлийн Боловсролын газарт шилжүүлснээс ажил удааширсан гэж мэдээлэв.

Мөн цахим карт захиалахад олон төрлийн бичиг баримт бүрдүүлэх болсон нь ч оюутнуудад чирэгдэл учруулж эхэлсэн хэмээн мэдээлсэн юм. Тэгвэл үнэхээр нийслэлийн Боловсролын газар оюутнуудын цахим карт хэвлэлтийг удаашруулсан эсэх талаар тодруулсан юм.

Энэ жил нийслэлийн хэмжээнд 94 мянган оюутанд л нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхийг олгохоор тогтоожээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 41 мянган оюутанд цахим картыг олгосон байна. Нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Д.Бадамдоржийн мэдээлснээр “Цахим карт хэвлэлт хэвийн үргэлжилж байна. Хүн хүч дутагдсанаас хэвлэлтийн ажил удааширсан зүйлгүй. Харин сургуулиудын зүгээс оюутнуудын мэдээлэл, материалыг дутуу, эсвэл буруу ирүүлэх асуудлаас үүдэн хүлээгдэж байна” гэв.

Жишээ нь ШУТИС-ийн 8000 оюутны цахим картны хэвлэлтийг хоёр цагийн дотор бэлэн болгож байна гэв. Гол нь сургуулиудын материал бүрдэлтээс болж цаг алдсан гэж албаны хүн ярилаа. Дээрээс нь оюутнууд картаа хаях асуудал нь энэ ажлыг удаашруулсан хэмээн мэдээлсэн юм. Өдөрт 20-30 оюутан картаа хаяж, гэмтээсэн хэмээн дахин захиалах болжээ.
МОХ-ныхны тавьж буй бас нэгэн шаардлага нь цахим карт авахад хэтэрхий их материал бүрдүүлж байна гэсэн юм. Энэ талаар тодруулахад:

1. Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан мэдүүлэг бөглөх
2. БСШУЯ-ны томилолтыг мэдүүлгэнд хавсаргана
3. Хорооны тодорхойлолт
4. Иргэний үнэмлэх
5. Төлбөр төлсөн баримт гэсэн таван материал бүрдүүлэх юм.

Энэ жилийн хувьд хэдийгээр 94 мянган оюутанд нийтийн тээврийн цахим карт олгоно гэж заасан ч энэ тоо 20 орчим мянгаар буурна гэх мэдээллийг өгч байна.

Ямартай ч МОХ-ны зүгээс оюутны нийтийн тээврийн цахим карт олголт удааширсан шалтгааныг нийслэлийн Боловсролын газарт шилжүүлсэнтэй холбон тайлбарлаж байна. Нийслэлийн боловсролын газрын хүн хүч хүрэлцэхгүйгээс хэвлэлт удааширсан гэсэн юм. Харин нийслэлийн Боловсролын газраас цахим картны хэвлэлт хурдан, шуурхай үргэлжилж байна. Гагцхүү их, дээд сургуулиуд оюутнуудынхаа материалыг удаашруулсан гэх тайлбар хэлсэн юм.

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА, Н.БАТМӨНХ

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна