Филармонийн 44 дэх үзвэрийн жилийн нээлт боллоо

2015 оны 10 сарын 20

Улсын Филармони үзэгч олон нийтийн хөгжмийн боловсролын хөтөлбөрийн хүрээнд “СОНГОДОГ ХӨГЖИМ” төслийг хэрэгжүүлж дэлхийн суут хөгжмийн зохиолчдын шилдэг, сор бүтээлийг сурталчлах түгээн дэлгэрүүлэх зорилгоор сонгодог концертуудыг энэ 4-р улиралд үзэгчдийн хүртээл болгож эхлэлээ. Уг төслийн нээлтийн тоглолтууд энэ сарын 15,16,17-ны өдрүүдэд амжилттай тоглогдож өнгөрлөө.

Дэлхийн суут хөгжмийн зохиолчдын сор бүтээлүүдээс шигтгээ болгон толилуулсан тус тоглолтууд “Дэлхийн хөгжмийн дээжис” нэртэй Морин хуурын чуулгын тоглолтоор эхлэж, тоглолтын хоёр дахь өдөр Баян Монгол жазз найрал хөгжмийн “Coconuts Baby” классик жазз тоглолтоор үргэлжилж, тоглолтын гурав дахь өдрөө Симфони найрал хөгжмийн “Дэлхийн хөгжмийн дээжис” сонгодог тоглолтоо үзэгч сонсогчдодоо өргөн барьж үзвэрийн 44 дэхь жилийн аялгуун хөшгөө нээлээ.

Морин хуурын чуулгын “Дэлхийн хөгжмийн дээжис” сонгодог тоглолтонд суут хөгжмийн зохиолч В.А.Моцарт, Д.Шостакович, Витторио Монти, Жорже Бэн нарын бүтээлүүд тоглогдсон бол, Баянмонгол жазз найрал хөгжмийн классик жазз тоглолтонд дэлхийн жазз урсгалын томоохон төлөөлөгчид болох Billy Strayhorn, W.C.Handy, John Kander, Frank B.Foster, John dizzy Giliispie нарын бүтээлийг онцлон тоглосон юм. Мөн тоглолтынхоо төгсгөлд П.И.Чайковскийн “Nutcracker” буюу “Цөмөөхэй” жазз сюитыг тоглосон нь үзэгч, сонсогчдыг суудлаас нь өндийлгөж байлаа. Симфони найрал хөгжим “Дэлхийн хөгжмийн дээжис” тоглолтод А. Вивальди, В.И. Моцарт, Л. Бетховен, Дж.Россини, Дж. Верди, И. Брамс, А. Бородин, М. Равель, Дж. Гершвин нарын ард иргэдийн сэтгэлд хоногшсон хөгжмүүдийг тоглож үзэгчдийг сонгодог хөгжмөөр уяруулж чадсан үдшүүд байлаа.

Сонгодог урлагийг дэмжигч UNITEL групп Улсын Филармонийн “Сонгодог хөгжим” төслийг дэмжин ажиллаж байгаа бөгөөд Юнителийн хэрэглэгчид  тоглолтын тасалбарыг GG оноогоор хямдруулан авч мөн  Юнивишний IPTV- ийн 88 - р сувгаар тоглолтыг шууд үзэх боломжыг олгожээ. Үзэгчдийн талархалыг хүлээсэн үйлчилгээ байлаа.

Улсын Филармонийн дараагийн тоглолтууд 11 сарын 13-нд Морин хуурын чуулгын “Carmen suite”, 11 сарын 20-нд Баян Монгол жазз найрал хөгжмийн ”City swing”, 11 сарын 27-нд симфони найрал хөгжмийн “В.А.Моцартын бүтээлүүд” тоглолтоор үргэлжилнэ. Нэгдсэн тоглолт 12 сарын 24-нд шинэ жилийн хөгжмөөр уярсан “Snow melody” тоглолтууд байх гэнэ. Улсын Филармонийн “Сонгодог хөгжим” төсөлд та ч бас нэгдээрэй.

Б.ТОГТОХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна