“ЭТТ”-н ажилчид суултаа үргэлжлүүлсээр

2015 оны 10 сарын 20

“Эрдэнэс Тавантолгой” компанийн 60 орчим ажилтан хоёр дахь өдөр суултаа үргэлжлүүлж байна. Ажилчдын мэдээлж буйгаар тэдний ажилладаг Австралийн компанийг Хятадын компанид шилжүүлжээ. Ингээд 200 гаруй ажилтныг Хятадын компани руу шууд шилжүүлсэн байна. Ажилтнуудын зүгээс Хятадын компани ганцхан жилийн л ажлын баталгаа өгсөн гэв. Энэ нь банкинд зээлтэй эдгээр ажилтнуудын амьдралын баталгааг үгүй хийж байна  гэж үзсэн юм.

Тэдний хувьд ажлын таван өдөр суулт хийх аж. Өчигдрийн хувьд “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн гишүүд суулт зарласан ажилчидтай уулзжээ. Суулт зарлаж буй ажилтнуудын хувьд хоёр шаардлага тавьсан.

  1. Хятадын компани руу шилжүүлсэн 200 гаруй ажилтныг эргүүлэн “Эрдэнэс Тавантолгой” компанидаа авах

  2. Хамтын гэрээ хэлэлцээрийг нэн даруй хийх шаардлагыг тавьж байгаа юм. Өчигдөр 16.00 цагт ТУЗ-ийнхөнтэй уулзсан ч тодорхой хэлэлцээрт хүрээгүй байна.

Ажилтнуудын хувьд Хятадын компанид шилжвэл дарамт шахалт их, дээрээс нь хөдөлмөрийн нөхцөл хүнд хэмээн үзэж байна.

Ямартай ч “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилтнууд төв байран дээрээ суултаа үргэлжлүүлж байна. Асуудлыг нь нааштай шийдэхгүй бол цаашид өлсгөлөнгийн хэмжээнд хүрч болзошгүй гэв.

Харин “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс “Бид ажилчидтай ойр ойрхон уулзаж байна. Асуудлыг ярилцаж байна” гэх тайлбар өгсөн юм. Тус компанийн захирлаас тодруулга авах гэсэн боловч “Өнөөдөр ажил ихтэй учраас маргааш өглөө мэдээлэл өгье” гэх тайлбарыг хэлсэн. Маргааш “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагаас тайлбар авч эргэн тэнцвэртэйгээр мэдээлэх болно.

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА, Ц.АРИУНБОЛД

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна